Олон улсын “Алтаргана-2014” наадмыг угтаж “Буриадын Алтаргана наадам, түүний түүх, үр нөлөө” сэдэв олон улсын эрдэм шинжилгээний хурал Гадаад харилцааны яамны хурлын Зөвшилцөл танхимд болж байна. Энэхүү хуралд ОХУ, БНХАУ болон манай орны нийт 100 орчим эрдэмтэн судлаач оролцон сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлж байгаа юм.
Буриадын үндэсний өв уламжлал, соёл урлаг, спортын төрөл зүйлийг хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, шинэчлэн хөгжүүлэх зорилго бүхий “Алтаргана” наадам энэ сарын 18-21-нд болно. 1994 оноос хойш хоёр жилд нэг удаа зохиогдож ирсэн “Алтаргана” наадам 20 дахь жилдээ болно. Нэгдүгээр шат тухайн улс орон, муж тойрог, аймгуудад тавдугаар сарын 30-ны дотор болох бөгөөд хоёрдугаар шатны төвлөрсөн арга хэмжээ нь Хэнтий аймгийн Дадал суманд болох юм.