Монголын эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болохуйц Алтанбулагийн чөлөөт худалдааны бүсийн нээлт боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн С.Баярцогт тэргүүтэй албаныхан болон Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн бусад албаныхан оролцлоо. Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор үүсгэх таатай газар зүйн байршлаараа ч, ОХУ болон БНХАУ-тай хил залгаа оршдог нь гуравдагч зах зээлд чөлөөтэй нэвтрэх чухал гарц гэдгээрээ Алтанбулагийг онцолж буй. Монголын хойд хил дээр байр¬¬лах, Улаанбаатар хотоос 335 километрийн зайтай Алтанбулагийг Ази-Европыг холбо¬сон худалдааны чөлөөт бүс болгох шийдвэр 2002 онд гарсан. Монгол Улс эдийн засгийн болоод худалдааны чөлөөт бүстэй болохоор 1996 оноос эхлэн ярьсан бөгөөд 2002 онд УИХ-аар Чөлөөт бүсийн тухай хуулийг баталсан юм.
Уг бүсэд 15-20 мянган хүн байнга амьдрах боломжтой байхаар дэд бүтцээ шийдэж, эхний ээлжинд хоёр сарын хугацаатай туршилтын үйл ажиллагаа явуулах юм байна. Мөн 500 га талбайтай, 87 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулна гэж газар эзэмших гэрээгээ байгуулжээ. Эдгээрээс урьдчилсан байдлаар 28 нь шаардлага хангасан гэж үзэж, гэрээ хийжээ. 24 тэрбум төгрөг зарцуулаад байгаа чөлөөт худалдааны бүсийн зорилгын нэг бол ОХУ-ын нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн хэрэгцээг хангах, ОХУ-ын иргэд тус чөлөөт худалдааны төв рүү бүртгэлийн журмаар визгүй зорчих юм. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах иргэн болон аж ахуйн нэгжид татварын болоод бусад дэмжлэг үзүүлэхээр төрөөс амлаад байгаа гэнэ. Харин Алтанбулаг чөлөөт худалдааны бүсийн энэ жилийн төсвийн тухайд нэг тэрбум орчим хөрөнгө төсөвлөснийг цалин хөлс, тээвэр, цахилгаан, ус, засвар үйлчилгээ зэрэг дотоод үйл ажиллагаанд зарцуулна гэв.