Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алтай таванбогд хайрханыг тахилаа

Баян-Өлгий аймгийн Улаан-Хус Цэнгэл сумын нутагт байрлах Алтай ханы Таванбогд хайрханыг тахих төрийн ёслол өчигдөр боллоо. Алтай таванбогд хайрханыг тахих зарлиг 2012 онд гарсан бөгөөд энэ оны долдугаар сарын гуравны өдөр буюу зуны дунд сарын шинийн зургаанд анх удаа тахьсан юм. Төрийн тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын  гишүүн А.Бакей, тус аймгийн Засаг дарга Х.Дармен тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Мөн Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын дархан аварга А.Сүхбат, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц нарын хүндэт хүмүүс мөн оролцлоо. Төрийн тахилгын арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “…Алтай бол үндэстэн мандан бадрахад түшиг тулгуур болж, бууран доройтоход өмөг халхавч болсон түүхэн нутаг. Найман зууны тэртээ намхан чийрэг монгол морьдийн туурайнд тамгалагдсан нутаг билээ. Уртын дуу эгшиглэж, уран биелгээ дэвжсэн газар орон. Энэ газар шороон дээр эх түүхийн маань нэг хэсэг бичигдсэн юм.

Их эзэн Чингэс хааны байгуулсан Монголын эзэнт гүрний газар нутгийн төв дунд оршиж байсан Алтайн уулс эдүгээ Монголын олон угсаатан ястны эв найртай орших орон гэр, хөгжин дэвжигч бүс нутгийн бэлгэдэл төдийгүй мөнхийн хөрш Орос, Хятад улстай уул усны холбоотон, улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын түнш, уугуул суугуул хүн зоны хувьд эрх тэгш, эв найрамдалтай, энх мөнх зэрэгцэн оршихуйн бэлгэдэл болон сүндэрлэж байна. Иймээс Алтай ханы Таванбогдын төрийн тахилга нь Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал хийгээд энхийг эрхэмлэгч гадаад бодлогын гүн утга бэлгэдэл болон сүндэрлэж байна” гэлээ. 

Харин тэргүүн хамба Д.Чойжамц  “Энэ хайрхан цаанаасаа эзэнтэй нь мэдэгдлээ. Ерөнхийлөгчийг зарлигаа уншиж байхад нь нар мандаж, тэнгэр цэлмэлээ. Энэ сав шим бидэнд ивээл хайраа үзүүлж байна. Бид эвтэй найртай байж Монгол Улсыг босгох юм шүү” гэдгийг хэлсэн юм. Алтай таванбогд нь Монгол, Орос, Хятад, Казахстан гэсэн дөрвөн улсыг дамнан оршдог бол Төв Азийн нийт мөсөн голуудын 80 гаруй хувь нь эл хайрханаас эх авдаг аж. Алтай таванбогдын байгалийн цогцолборт газрыг 1996 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. 

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *