Улсын нийслэл Улаанбаатар хотод Монгол цэргийн бахархлын өдөр эхэлж Чингэсийн талбай цэргийн сүр хүчээр бялхаж байхад эх орны баруун хилд халдсан дайсангүй амар тайван байлаа. Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн 0165 дугаар ангийн харьяа Сагсай сумын Ямаат багт байрлах Д.Намнан баатрын нэрэмжит Даян нуурын заставт үүрийн гэгээ задрахтай зэрэгцээд урт өдрийн ажил эхэлнэ. Энэ өдөр гуравдугаар сарын 18, баярын өдөр ч гэлээ хил, хүн ард, Монгол Улсыг хамгаалах тангараг өргөсөн хэдэн бор цэрэг зөвхөн үүргээ л гүйцэтгэх учиртай.
Бүрээн дуунаар бужигнаж эхэлсэн застав нэгдлээ. Хэдхэн хормын өмнө нойрноосоо хөндийрсөн цэргүүд ариун цэврийн асуудлаа шийдэж, кител, шинелээ өмсөн жавхаажсан байна. Хэдийд нь ч юм бор ходоодоо хар цай, “гурван сайхан”-аараа тордоод амжжээ. Даян нуурын жавар, уулын цасны хүйтэнтэй нэгдэн хацар, чих тас хайран байвч хилийн манаанд зогсоо цэргүүд үүнийг үл ажирна. Заставын төвд Монгол төрийн далбаа мандаж, “Даян нуур орчим, улсын хилд онцын аюулгүй, амгалан хонолоо” гэх рапорт нам гүмийг эвдэн цуурайтна. Үүнээс цааш төрийн сүлд дууг хоолой мэдэн дуулцгааж залгаад “Зээрэгц дундаа, ноомхон, баруун тийш” хэмээх командлал тас хадаж нэгэн зэрэг ярсхийх цэргүүдийн хөдөлгөөнөөр тиф таф хийх дуу гарах нь бөмбөрийн хэмнэл мэт улам ч цогтой.
Даян нуурын заставын командлал өдөртөө багтаж хилийн манаанд гарсан цэргүүдээ эргэх ээлжтэй. Цэргүүд заставаасаа цааш жил, улирал, сар, хоногоор хилийн онцгой бүс рүү тоот цэгийг хамгаалах үүрэг хүлээн явдаг. Тэднийхээ хангалтыг хүргэж, төрийн сүлдэт хилийн баганад хүндэтгэл үзүүлэх ажил өнөөдрийн гол зорилго.
Ийнхүү 0165 дугаар ангийн захирагч хурандаа Б.Мөнхбатын үүрэгдсэнээр Заставын дарга, хошууч Х.Ержет хэд хэдэн чиглэлд бүрэлдэхүүн хөдөлгөсний нэг нь Бүргэдийн харуулын чиглэл байв. Заставаас цааш харуул руу морь, цасны мотоциклиос өөр унаа хүрнэ гэж үгүй. Тиймдээ ч 0165 дугаар отрядын орлогч дарга Н.Гансүх, ахлах ахлагч С.Байвитхан нартай хамт цаснаа явагч хөлөглөн хил эргэнгээ Бүргэд уулын харуулын цэг хүрэхээр хөдөллөө.
Цасны мотоциклиор хилийн дагуу 30 орчим километр замыг туулахад казах айлын монгол банхар дайрч нэлээд тэвдүүлсэн, бас нэг айлын гурван тэмээ биднээс үргэж хулжиж одсоныг эс тооцвол гойд зүйлгүй. Ер нь малчид бэлчээрээ дагаж Таван богдын тусгай хамгаалалттай газар руу өвөлжөөлөх болсон нь байгаль талаасаа баахан сөрөг үр дагавартай байгаа бололтой. Тэнд буга, баавгай, чоно, нохой зээх, ирвэс гээд олон төрлийн амьтан байдаг бөгөөд хүмүүсээс дайжин хил давах болжээ. Хил давсан амьтад харийн нутгийн гүн рүү явчихвал эргэж ирнэ гэдэг найдлага тун бага. Шинжаан Уйгарын өөртөө засах орны амьдрал ээдрээтэй учир хил давж, нутгийн гүн рүү орсон бүхнийг “унагах” анчдын отоо бишгүй байдаг тухай яриа байдаг аж. Бас эмийн ховор ургамал энд ёоз ёозоороо ургадаг гэнэ лээ. Харамсалтай нь малын хөл, хүний нөлөөллөөр энэ бүхний амьдрах орон зай улам л хумигдсаар байгаа бололтой. Ер нь л дэлхийд ховордсон онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтад энд байна. Ховор шавьжнаас эхлээд дэлхийд өөр хаана ч байдаггүй улаан загас Ямаатын голд бий. Энэ загасыг дэгээдэн гаргаж ирэхэд барилгын салбарт хэрэглэдэг улаан оохроор будсан юм шиг харагддаг байна. Хуучин цагт ЗХУ-ын томоохон албаны дарга нар уг загасны онцгой амтыг таашаан тусгайлан захиалж авдаг байсан ажээ. ЗХУ-ын дээд албаныхан Монгол Улсын Ямаатын голын эл загасаар гадаад дотоодын томоохон төлөөлөгчид, айлчид гийчдийг дайлдаг байсан тухай түүхээс харж болно. Малчдын хил рүү түрж нутаглах болсны нөгөө нэг сөрөг үр дагавар нь хил зөрчигчдийн мөр малын хөлөөр балрах хандлага ажиглагдах болжээ. Дээхнэ үед усны урсгалаар адууны шинэхэн хомоол урсан орж ирэхэд хил зөрчигчид, дээрэмчид нэвтэрснийг мэдэж байлдааны бэлэн байдалд шилжин олон ч дээрэмчдийг буцаан тонилгож байсан түүхтэй. Харин өнөөдөр ардуудын адуу олон болсон учраас хил зөрчигчийнх үү, ардын адууны хомоол усанд хөвж явна уу гэдгийг ялгаж танихын аргагүй болсон байна. Уг нь Хил хамгаалахынхан мэдэлтэйхэн бол Таван богдын тусгай хамгаалалттай эл газрыг Дархан цаазат болговол ирээдүйд учирч болох аюулыг таслан зогсоох боломжтой тухай ч яригдаж байв.
Энэ тэрийг хүүрнэн цас манарган давхисаар нэг л мэдэхэд Бүргэдтэй уулын ам, Бүргэдийн харуулын цэгт ойртож иржээ. Цасанд боогдсон өндөр давааг цасны мотоцикль ч туулж давахгүй тохиолдол олон. Хоёр ч том давааны өөд Оросын “Бурен” цасны мотоцикль бахардаж түрэх газар нь түрж мацсаар давлаа. Арай гэж нэг даваан дээр гарахад цаана нь өндрөөс хоёр уул завсраар нь бүр ч өндөр сарьдаг нүдний өмнө тулна. Битүү ян сарьдаг, ой тайгатай учир алсын ажиглалт хийнэ гэсэн асуудал үгүй ажээ. Далайн түвшнээс дээш дөрвөн мянга хүртэл өргөгдсөн өндөрлөг энэ газрыг хамгаалж, хил зөрчигчдийг илрүүлэн аюулаас сэрэмжлэхийн тулд өдөр шөнөгүй явж булан тохой бүрийг нь нэгжих шаардлагатай байна. Бүргэдийн харуулын цэгт хүрэхэд цаснаа явагч цааш ахих аргагүй боллоо. Энэ хэсэгт 50 см-ээс дээш цасан хунгартай учир шигдэж ороод явган явснаас ч тээртэй. Цасны нүүдэл эхэлчихэж. Өвөлжин орж зузаарсан цас хаврын энэ цагт мөнхийн хөдөлгөөнд ордог байна. Ямар ч салхигүй байсан ч байнгын явган шуурга шуурч нэг цагийн дотор гэхэд л явсан мөр мэдэгдэхээ болино. Ингэж уулын ирмэг хошуугаар цас зузаарсаар дөрөвдүгээр сарын дундуур цасны нуранги үүсдэг ажээ. Чангахан хашгирах, сарлагийн хойноос шидсэн дүүгүүрийн чулууны исгэрэлтээр л цасан нуранги эхэлнэ. Энэ нь хилчид төдийгүй малчид, мал сүрэг, зэрлэг ан амьтдад ихээхэн халгаатай.
Бүргэдийн харуулын байр гэж хоёр том байшин, тэгшлэн зассан цэргийн сургуулилтын талбай, морьдын уяа зэрэг байх агаад их л цомхон. Бараг бүх цэрэг нь баярын өдрийг умартан өглөө эрт манаанд явжээ. Хонуутаар манаанд яваад ирээгүй хэсэг нь ч байна. Ховд аймгийн Мөнхайрханы Б.Мөнхбаатар, Жаргалант сумын Ц.Батбаяр, Б.Маргад-Эрдэнэ, Булган сумын Г.Төгөлдөр нарын хилчид харуулын ахлагч Я.Гансүхийн хамт угтлаа. Хилчин хувцсаар жигдэрч, буу агссан шавилхан залуус 18-23 настай бөгөөд тавдугаар сард халагдах хал цэргүүд гэнэ. Цэргүүдтэй харьцахад тун төвөгтэй. “Тийм, үгүй. Би байлдагч тэр” гэхээс өөр үгээр асуултад хариулна гэж үгүй. “Сайн байна уу” гэхэд “Тийм” л гэнэ. Гэрээ санаж байна уу “Үгүй”. “Цэргийн алба сайхан уу” “Тийм” гэх зэргээр баахан юм асуусны эцэст тийм эсвэл үгүй гэсэн ганцхан хариулт л сонсоно. Сайхь дөрвөн цэрэг энэ өдөр баярын нэмэгдэл бууз, хуушуур хийх үүргийг хүлээж үлджээ.Цэргийн баярыг хилчид “баярын нэмэгдэл” нэрээр ахиухан бууз, хуушуур хийж идээд үдэш цуглахаараа багахан наадаад л өнгөрөөдөг байна. Харуулын ахлагч Я.Гансүх бэлчээрээс ирсэн хоёр азарга шахам адуунаас гурван морь шилж бугуйл шидэн барив. Тэрээр Даянгийн боомт орчим хилийн 16-17 дугаар тэмдэгт баганын зүг манаа хийх ажилтай. Ийнхүү Я.Гүнсүхийн хамт цааш хөдлөхөд цэргүүд татаж бэлтгэсэн түмпэн дүүрэн махыг гал тогоо руугаа барин гүйж ажиглагдав.
Дөрөө дарсан цастай газарт морин эргүүл хийнэ гэдэг тийм ч амар ажил биш бололтой. Хориодхон километр газрыг бараг таван цагт туулж байна. Битүү ой, эгц цавчим гуу жалга, гол нууртай газрын унаган адуу цаанаа л сурамгай юм. Харуулын ахлагч Я.Гансүхийн унаж явсан улаан хээр морь цэлийсэн их цасан дундуур зугуухан урагшилж байгаад гэнэт зогтуслаа. Бүр залаагүй байхад эргэж уулын эгц уруу яваад дахин эргэж өгссөн нь хөлгүй цасан хунгарыг тойрсных ажээ. Морьд мөсөн дээр гарахдаа арав, хорин метрийн цаанаас дөрвөн мөчөө чангалан бүжиглэх гэж байгаа балетчин шиг туурайныхаа үзүүрээр зөөлхөн зөөлхөн гишгэн цомцгононо. Цөмрөх дөхсөн, харзалсан ч дээгүүр нь мөстөж цасаар хучигдсан газрыг ч төвөггүй таньж мөн л жолоо залаагүй байхад тойрч гарах жишээтэй. Я.Гансүх ахлагч ч “Хилийн цэргийн морьд маань шинэковуудаас хавьгүй илүү” хэмээн магтана. Өндөр уулын хяраар морьтой шогшиж байгаад гүн ангал руу харж огтхон ч болохгүй гэдгийг захиж сургасаар. Хэрэв хэдэн зуугаас мянган метрийн тэр гүн рүү харвал толгой эргэж унах тохиолдол гардаг учраас ийн сэрэмжлүүлжээ. Ийм бартаат газраар хэсэг туучаад Ямаат голын бэлчир рүү буулаа. Голын ихэнх хэсэг хөлдсөн ч мөнхийн харз голын эхээс адаг хүртэл урсдаг ажээ. Я.Гансүх ахлагч ч мориноосоо буун эрэгт хүрч элгээрээ тэгнэн хэвтээд голын уснаас баахан залгиллаа. Түүний ганзаганд түрүүнээс хойш түнтэгнэсэн богцтой зүйл бол баярын нэмэгдэл хээрийн хоол байжээ. “Хэдүүлээ баяраа тэмдэглэж нэмэгдлээ хүртье” хэмээн инээмсэглэж богцоо уудалж бог малын мах, жигнэсэн гурил зэргийг гаргаж морьтнуудыг бууж суухыг урилаа.
Үргэлжлэл бий.
Л.МӨНХТӨР