Монгол Улсын ууган байгууллагын нэг Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороог өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Шагналыг Монголын Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ дөнгөж сая гардуулан өглөө.
Энэ жил Монгол Улсын Зэвсэгт хүчинд спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, Монгол цэргийн түүхийг спортын бахархам үйлс, амжилтаар арвижуулан дархалж яваа Зэвсэгт хүчний 034 дүгээр анги буюу “Алдар” спорт хорооны 70 жилийн ой тохиож буй юм.
Анх 1946 онд анхны дөрвөн спортын нийгэмлэгийн нэг болон “Цэрэг нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш 70 жилийн түүхэн замналтай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нь өнөөг хүртлэх хугацаандаа Монголын мянга мянган залуус, цэрэг эрсийн бие бялдар, өв тэгш хүмүүжлийг хангахын зэрэгцээ Монгол улс, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг Олон улс, тив, Дэлхий, Олимпийн тавцанд мандуулж Монгол улсын Хөдөлмөрийн баатар-2, Ардын багш-3, гавьяат тамирчин, дасгалжуулагч-59, олон улсын хэмжээний мастер 260 гаруй, спортын мастер-1350 орчмыг төрүүлсний дотор тив дэлхий, олимпийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 600 орчим медаль хүртсэн амжилтаар бусад спортын хороо, нийгэмлэгүүдийг манлайлж Монгол улсын спортын анхдагч тэргүүлэгч байгууллага хэмээх эрхэм хүндийг өндөрт өргөн түүхэн үүргээ амжилттай биелүүлсээр иржээ. Мөн энэ жилийн хувьд “Рио-2016” зуны олимпид манай улсын 40 орчим тамирчин оролцох эрхээ гардсаны 10 гаруй нь Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид байсан юм.