Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ахмадын хорооллыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох зам тавина DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн 13, 14, 42 дугаар хороонд хийхээр төлөвлөсөн авто замын ажилтай танилцан, газар дээр нь ажиллалаа.

Тодруулбал, Нарны зам буюу Ахмадын хорооллын зүүн талын замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох нэг км урттай, далан дагасан авто замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Гэр хороолол дундуур тавих тус замын трасст 39 нэгж талбар өртөж байгаа бөгөөд далан дагуу цэвэр усны гол магистрал шугам байдаг аж. Цэвэр усны магистрал шугамын аюулгүй байдлыг хангаж, хүчитгэл хийн, асфальтан хучилттай зам тавихаар 2022 оны арванхоёрдугаар сард төсвийн магадалгааг хийжээ. Тус төсөвт газар чөлөөлөлтийн зардал ороогүй бөгөөд дүүргийн удирдлагууд газар чөлөөлөлтийн зардал, бүтээн байгуулалтын төсвийг бүрэн шийдэж өгөхийг Хотын даргаас хүслээ.

Хотын дарга Х.Нямбаатар “2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд НИТХ нийслэлийн 2024 оны төсвийг хэлэлцэнэ. Төсөв батлагдвал хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг зохион байгуулж эхэлнэ. Нийслэлийн зүгээс 2024 онд санхүүжих дүнгээр уг замын бүтээн байгуулалтын төсвийг шийдвэрлэж, худалдан авах ажиллагааны эрхийг дүүрэг рүү шилжүүлэх боломжтой. Замын трасст өртсөн айлуудын газар чөлөөлөлтийн үнэлгээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаар гаргуулж, нийслэл, дүүрэг хамтран газар чөлөөлөлт хийнэ. Хүйтний улиралд худалдан авах ажиллагаагаа хуулийн дагуу зохион байгуулж, газар чөлөөлөлтийн хэлэлцээрээ хийн, ирэх оны гуравдугаар сарын 15-наас гүйцэтгэлийн ажлаа эхлүүлж, бүтээн байгуулалтаа цагт нь дуусгах хэрэгтэй. Гол нь УСУГ-ын харьяа цэвэр усны магистрал шугамуудыг сайтар хүчитгэж, хамгаалах хэрэгтэй” гэв.

Тухайн орчмын өрхүүд далан дагаж, ойролцоох сургууль, цэцэрлэг рүү алхдаг бөгөөд зундаа Нарантуул худалдааны төв рүү чиглэсэн автомашинуудаас тоосжилт ихээр үүсдэг байна. Тиймээс авто замын хоёр талаар явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугамыг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. Харин даланг хамгаалж, хайс, хашлага хийх юм.

Баянзүрх дүүргийн гурван хороог хамарсан, 40 мянга гаруй айл өрхөд чухал ач холбогдолтой уг зам ашиглалтад орсноор тухайн орчмын түгжрэлийг бууруулахад нөлөөтэй гэж дүүргийн удирдлагууд үзэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *