“Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг санаачлагч Оном сангаас маргааш “Дэлхийн хепатитын өдөр” -ийг угтан элэгний өвчлөл өндөртэй бүс нутгийн 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн 65-аас дээш насны ахмадууд маргаашнаас В,С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамрагдаж эхлэх аж. Улмаар элэгний төв лаборатори дээр маргааш өглөө 8:30-17:00 цагийн хооронд ахмадууд маань ирж шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжтой. Иргэд ЭМД, иргэний үнэмлэхтэйгээ ирж шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой.
Мөн элэгний өвчлөл хамгийн өндөртэй Сүхбаатар, Дорнод, Дундговь, Увс, Булган, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл есөн аймгийн 65-аас дээш насны иргэдийг вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах сарын аяныг аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эмнэлгүүдээр дамжуулан 2017 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 28-ны хооронд зохион байгуулахаар болжээ.