Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 11.1. дэх хэсэгт “…өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн болон өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэх хөтөлбөрийг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх” гэж заасан байдаг.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн 3.3.22.1-т “…Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд ХНХЯ-наас “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн зорилго нь Ахмад настны тухай хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхдээ өндөр насны тэтгэвэр тогтоолгох хугацаа дөхсөн, тэтгэвэр тогтоолгож байгаа ахмад настныг нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн хувьд бэлтгэж, байгууллага хамт олныхоо дэмжлэгээр ажил хөдөлмөрийн идэвхтэй үеэс амьдралын дараагийн үедээ сэтгэл хангалуун шилжих боломжийг олгоход оршиж байгаа аж. ХНХЯ-ны Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийнхэн, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэхэд хэрэгцээт сургалтын модуль, араг зүйн удирдамжийг боловсруулж дуусгажээ.
Энэ сарын 5-наас сургалтууд нь эхэлсэн байна.
Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь хэрэгжүүлэгч, үр шимийг хүртэгчид буюу зорилтот бүлэг, хөтөлбөрт оролцогч бусад тал нэгдмэл ойлголт, хандлагатай байх явдал гэж ХНХЯ үзэж байгаа юм байна. Тиймээс Монгол Улсын хууль тогтоомж, төр, засгийн бодлого шийдвэр, олон улсын нийтлэг чиг хандлага болон түүнд гарч буй эерэг өөрчлөлтөөр оролцогч талууд мэдээлэл солилцох, зөвшилцөх, гарын авлага, арга зүйгээр хангах зэрэг арга хэмжээг байнга авах нь чухал. Орчин үеийн дэлхий нийтийн хандлага нь ахмад настныг нийгмийн идэвхгүй гишүүн, тэжээлгэгч гэсэн үзлээс татгалзаж, нас бол хүний хөдөлмөрлөх, сэтгэж бодох, бүтээх чадварын үзүүлэлт биш гэж үзэх боллоо. Энэ үзлийн үүднээс ажилтныг аль болох удаан хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулах, мэргэжил, мэдлэг, чадвар, ажил амьдралын арга туршлагыг нь өвлүүлж үлдээхийг эрмэлзэх болсныг, ажилтныг тэтгэврийн насанд хүрмэгц шууд тэтгэвэр тогтоолгохыг шаардах, ажлаас чөлөөлөх нь тухайн хүний эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдрал ахуйд сөрөг нөлөөтэйг сайн ойлгосон байх ёстой гэж байна.
Мөн тэтгэвэр тогтоолгож буй ахмад настан нь хүний эрхийг бусдын адил эдлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Ахмад настны тухай хуулийн зургадугаар зүйлд заасан эрхийг ажилтан ямар нэгэн хязгаарлалт, хориглолтгүйгээр эдлэх эрхтэй. Үүнийг хөтөлбөрт оролцогч бүх тал түүний дотор ажилтан, түүний гэр бүлийн гишүүд, мэдэж байх учиртай. Тиймээс тэдэнд зориулан хууль эрх зүйн сургалт зорион байгуулах, зөвлөгөө өгүүлэх шаардлагатай. Үүнээс гадна ажилтныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бүх үйл ажиллагаа талуудын оролцоонд түшиглэнэ. Тухайн ажилтны эдийн засгийн, нийгмийн, сэтгэл зүйн хэрэгцээг өөрөө хэнээс ч илүү мэдэх учраас бүх хэрэгцээг тодорхойлохдоо ажилтныг, шаардлагатай бол гэр бүлийн гишүүдийг оролцуулах хэрэгтэй. Зарим хүн хэл яриагаар өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх чадвартай байдаг бол зарим хүнд тийм чадвар дутмаг байдаг учир гэр бүлийн гишүүдийн оролцоотойгоор сайн төлөвлөгөө гаргах боломжтой. Санал хүсэлтийг бичгээр авах нь ажилтан гэр бүлийн гишүүдтэйгээ зөвлөлдөж хэрэгцээгээ илүү сайн тодорхойлох боломж олгоно. Ажилтныг тэтгэвэрт бэлтгэх төлөвлгөөний гол эзэн нь ажилтан өөрөө. Уг төлөвлөгөөнд тусгагдсан ажил түүний болон гэр бүл, хамт олных нь оролцоотой хийх учиртай гэсэн зарчмыг ХНХЯ, “Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй Ажлын хэсгийнхэн барьж байгаа аж. ХНХЯ, Монголын ахмадын холбоотой хамтран төрийн захиргааны, төрийн үйлчилгээний болон төрийн өмчит үйлдвэрийн газар, эрүүлийг хамгаалах, урлаг, соёл, боловсрол, эрүүлийг хамгаалах, банк, санхүү, даатгал, цэрэг, цагдаа , худалдаа, нийтийн хоол, хувийн хэвшлийн 200 гаруй байгууллагын 1130 ажилтан, албан хаагчийг хамруулан судалгаа хийсэн байна. Судалгаанд оролцогсдын асуултад хариулсан байдлаас үзвэл тэтгэвэрт гарахад сэтгэл зүйн хувьд 65.4 хувь нь “…Бэлтгэлтэй”, 34.6 хувь нь “…Бэлтгэлгүй” гэсэн бол 46.2 хувьд нь /522/ “…Тэтгэвэрт гарахад дассан ажил, хамт олонгүй болно, тогтмол орлогогүй болно” гэсэн эмзэглэл байна. Харин 38.3 хувь /436/ “…Эмзэглэх зүйлгүй”, 15.5 хувь нь “…Тэтгэвэртээ хурдан гармаар байна” гэж хариулсан байна. Тэтгэвэрт гарах шалтгаанаа тодорхойлсон 827 хүний 18.8 хувь нь “…Эрүүл мэндийн”, 7.8 хувь нь “…Хамт ажиллагсад тэтгэвэртээ гарахыг сануулдаг”, 26.6 хувь нь “…Цалин тэтгэврээ аваад үргэлжлүүлэн ажилламаар байна” гэсэн бол 50 гаруй хүн тэтгэвэртээ гараад шинэ мэргэжил эзэмшин байнгын орлоготой болох мэргэжлийн сонголт хийснээ хэлжээ.
“…Та тэтгэвэрт гарахдаа хэдэн төгрөгийн тэтгэвэр авах талаар тооцож үзсэн үү” гэсэн асуултад 70.9 хувь нь “Үзээгүй, Цагаа болохоор бодно, Чадахгүй” гэсэн байна.
“…Хэрэв та хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, ямар нэг зөрчилтэй бол уг дэвтэрт бичигдсэн ажилласан хугацаагаа яаж сэргээн тогтоолгохыг мэдэж байна уу” гэсэн асуултад 74.9 хувь нь “…Нийгмийн даатгалд хандана”, үлдэх хэсэг “…Мэдэхгүй” гэж хариулсан байна. “…Та тэтгэвэртээ гарах дөхөөд ирэхээр байгууллагынхаа зүгээс танд зориулан ямар үйл ажиллагаа явуулаасай гэж бодож байна вэ” гэсэн асуултад 22.6 хувь нь “…Олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийг минь үнэлж төр, засгийн дээд шагналд тодорхойлж өгөөсэй” гэж хүсдэг байхад 51.4 хувь нь “…Ажиллаж буй байгууллагууд нь тэдний хөдөлмөр зүтгэлийг үнэлж төр, засгийн дээд шагналд тодорхойлох, хөдөлмөр алдрыг нь тэмдэглэж дадлага, туршлагыг нь бусдад танилцуулах ажил зохион байгуулдаг бол сайхан л байна” гэсэн бодолтой байдгаа илэрхийлжээ.
Судалгаанд хамрагдагсдын 51.5 хувь нь 1-6 жилийн тэтгэвэрт гарах ажилтан албан хаагч байгаа боловч 82.1 хувь нь “Ахмад настны хууль”-ийг судлаагүй гэдгээ хэлсэн байна. “…Энэ хуулийн талаар сонссон” гэж хариулсан байна.
Иймээс аж ахуйн нэгж байгууллага тэтгэвэрт гарах дөхөж буй ажилтнууддаа зориулан тэтгэвэрт гарахаас өмнө ахмад настны талаар гарсан хууль болон түүнтэй холбогдон гарсан тогтоол шийдвэрийг танилцуулах, сурталчлах төрөл бүрийн сургалтыг өргөн хүрээтэй зохион байгуулж байх шаардлагатай байгааг харуулж байна гэж ажлын хэсгийнхэн онцолсон.
“Ахмад настныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-ийг эхлээд зургаан сарын хугацаанд туршиж хэрэгжүүлнэ.