Categories
мэдээ цаг-үе

Ахан дүүсээс бүрдсэн адтай нэг ангийнхан

Нийгэмд өөрийн гэсэн байр сууриа аль хэдийнэ эзэлсэн, хийж бүтээсэн үйлсээрээ салбартаа манлайлагч, олны танил эрхмүүдийн нэг ангийг бямба гариг бүрийнхээ дугаарт онцолдог билээ. Тэдний арван жилийн болон оюутан ахуй үеийнх нь дурсамжуудаас уншигчидтайгаа хуваалцаж, тэрхүү хөгжилтэй он цагуудаар та бүхнийг аялуулдаг нь энэхүү булангийн маань онцлог юм.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын найман жилийг 1982 онд дүүргэсэн Дорж багштай 8а ангийнхан төгсөлтөөсөө хойш 34 жилийг ардаа орхисон байна. Тухайн үеийн хөдөөгийн тэр дундаа сумын сургуулийн хүүхдүүдийн ахуй амьдрал, орчин нөхцөл төв газрынхнаас газар тэнгэр шиг ялгаатай. Малчид хүүхдүүдээ аль болох мал дээр гаргах сонирхолтой. Хүүхдүүд сургуульд орсон ч дундаасаа завсардах нь цөөнгүй байжээ. Есдүгээр сарын 1-нд танхим дүүрэн хүүхэдтэй байсан ангийн ширээний тал нь хавар гэхэд эзэнгүй болчихсон байх тохиолдол олонтаа. Жилээс жилд хүүхдүүд цөөрсөөр ахлах ангид ороход арав гаруй хүүхэд малчин болсон байх үзэгдэл хөдөөгийн амьдралын нэгэн зураглал мэт. Харин Р.Баярмагнай багштай ангийнхан хамгийн олуулаа төгсч байжээ. Даалимбан тэрлэг, улаан бүч, даавуун уутан цүнхээр жигдэрсэн 39 сурагч анх нэгдүгээр ангид орж бүгд амжилттай найман жилээ төгсөцгөөсөн байна. Эдний ангийн нэг онцлог нь ахан дүүсээс бүрдсэн тун ч хөдөлгөөнтэй, дэггүй моньднууд байжээ. Тухайн үед хүмүүс ойролцоо насны хүүхдүүдээ хамтад нь нэг ангид оруулдаг байсан аж. Дүүгийнх нь сургуульд орох нас болтол ах нь аав, ээждээ тус дэм болоод сурагч болох мөрөөдлөө хойш тавина.

Жишээлбэл, эдний ангийн дарга байсан Ц.Пүрэвдорж гуай арван настайдаа сургуульд орсон байна. Дүү нь найман нас хүрээгүй болохоор аав, ээж нь түүнийг сургуульд явуулахгүй гэж сум орон нутгийнхаа дарга нарыг баахан аргацаадаг байжээ. “Хүүхдээ сургуульд бүртгүүл” гэнгүүт “Манай хүүхэд өвчтэй” гэх зэргээр хойшлуулсаар байгаад хоёр жил өнжүүлжээ. Хаа байсан арав гаруй км-ийн цаанаас сургуульдаа мориор ирж, очдог хүүхдүүдээ ханинд нь явуулж байх гэсэн эцэг, эхийн халамж юм уу даа, янз нь. Нөгөөтэйгүүр нэг айлын хүүхдүүд бусдад дээрэлхүүлэхгүй, бие биедээ элэгтэй гэж боддог биз. Тэр нь ч амьдрал дээр тод харагддаг байж. Бага ангийн дүрсгүйчүүд атаманаа шалгаруулах гэж нударга зөрүүлэхэд ах дүүс хэзээ ч нэгнийхээ эсрэг хөдлөхгүй. Харин ч айлын хүүхдүүдтэй үзэлцэж байхад нь дэмжиж, уухайлна. Ангийн атаманыг тодруулахын тулд хэн нэгэн овгор нөхрийн хамраас цус гаргасан нь баатар болдог байж. Түүний хамраас цус гартал нь цохих чадалтай хэн нэгэн гарч иртэл бүгд атаманаа хэмээн саймширцгаана. Харин охид бол ондоо. Нэг ангийн эгч дүүс ямагт гэр рүүгээ яарцгаана. Гэр орноо ягштал цэмбийлгэж, хичээл номоо чамбай гэгч нь давтсан тухайгаа л ярьцгаадаг байж. Зав гарвал гадаа чирта тоглож, дээс эргүүлнэ. Харин хөвгүүд өдөржин тоос манартал тэвэг өшиглөж, маатиг тоглож байгаад харьцгаадаг байжээ.

Тэр үед одооных шиг боловсон үзгэн балны үнэр ч байгаагүй. Найруулдаг бэхийг үзгэндээ соруулж байгаад л бичицгээнэ. Чанга дарах юм бол үзэг нь баалж, дэвтэр балиартана. Жаахан юм бичингүүт бэх нь дуусчихна. Тэгэхээр хүүхдүүд савтай бэхээ байнга цүнхэлж явах ажилтай. Харин дэггүй моньднууд цүнхэндээ юу хийснээ мартаад хоорондоо байлдаж, нүдэлцэх нь байнга. Хамаг дэвтэр, ном нь бэхээр будагдаж “гахай”-ны эзэн болно доо, хөөрхий.

1974 онд Цэцэрлэг суманд айхавтар зуд болж байжээ. Энэ тухай тэд дурсахдаа “Бульдозероор цасыг түрчихсэн байхад морьтой яваа хүний толгой шовс, шовс гээд л харагддаг байлаа. Тухайн үед малчид бэлтгэлтэй байсан болохоор тийм ч их мал хорогдоогүй. Манай ангийн ах, дүү хоёр хүүхэд 20-иод км-ийн тэртээгээс хичээлдээ явдаг байлаа. Тэгтэл айхавтар тэр зуднаар ах, дүү хоёр гэр рүүгээ алхаж явж байгаад балрах дөхөж билээ. Хэдийгээр том машинаар түрж, зам гаргасан мөрөөр нь явж байсан ч хүүхдүүд болсон юм хойно цасанд сөгдөж унаад унтаад өгч. Азаар уулан дээрээс малаа дурандаж байсан хүн тэднийг хараад гэрт нь хэл дуулгаж эсэн мэнд гарч билээ” гэв. Өвөл цас оронгуут хүүхдүүд уулан дээрээс цана, чаргаар гулгах хамгийн дуртай байж. Тэр үеийн цан тэшүүр гэж үлгэрийн юм байсан тухай тэд дурсан ярьцгаав. Аав, ах нарыгаа шаналгаж байгаад модоор ээтийж, матийсан цан хийлгэж аваад тэрийгээ хөлтэйгөө сураар баглаж байгаад гулгаж гардаг байснаа нүдэнд харагдтал ярилаа. Мөн гол бүрэн хөлдөж амжаагүй байтал мөсөн дээгүүр гулгана гээд халиа руу орж үстэй дээлээ шалба норгодог байснаа санан өгүүллээ.

Сурагчид зундаа үнээний ферм дээр очиж малчдад туслах үүрэгтэй байж. Зун айлууд тэр бүр мах идэхгүй, цагаан идээгээрээ болгочихдог байсан гэнэ. Махтай хоол хийх нь өдрийн од шиг. Айлын тогоо харсан хүүхдүүд хэнийх махан хоол хийх нь үү гээд байнга л отоостой. Хаа нэгтээ айлууд борцтой хоол хийхэд нь бяцхан фермэрчид тэр айлын хаяанаас сална аа гэж гонжийн жоо. Фермийн сүүнийх нь хамаг өрмийг шавхаад авчихсан байдаг болохоор цагаан идээ нь сулхан, шим тааруу, хүүхдүүдэд тэжээл болдоггүй байсан тухай тэд хөгжилдөн ярив. Энэ бол Д.Жамбалдорж, П.Дэлгэрнаран, Ц.Пүрэвдорж гурвын байнга бие биенээ даапаалдаг сэдэв бололтой. П.Дэлгэрнаран том биетэй. Д.Жамбалдорж нь ч чацархуу бөгөөд фермер эрхлэгчийн хүү байж. Харин Ц.Пүрэвдорж нь тэр хоёроос бие жижигтэй. Хоёр том биетэй нөхөр жижгийгээ цаашлуулахад мань эр мөчөөгөө өгөхгүй. “Бид хичээл амрангуут зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл гурван сар ферм дээр байж, шим тэжээл муутай хоол идсээр байгаад ийм жижигхэн болчихсон юм” гэнэ. Тэгэхэд П.Дэлгэрнаран нь “Д.Жамбалдорж ч гэсэн ферм дээр байнга байдаг байсан шүү дээ. Тэгээд яагаад ийм том биетэй байгаа юм бэ” гэхэд нь Ц.Пүрэвдорж “Фермер эрхлэгчийн хүү болохоор өрөм, цөцгий нууцаар цохисоор байгаад ийм том биетэй болчихсон биз” гэж ирээд л хөхрөлдөцгөөнө.

Мөн сурагчдад зуны даалгаварт зурамны арьс авчрахыг даалгадаг байж. Зурам барихын тулд нүх рүү нь ус цутгангуут годхийгээд гараад ирдэг гэнэ. Тэгэнгүүт нэг нь хүзүүнээс нь уургалж, нөгөө нь араас нь шилбүүрдэж тоглодог байсан аж. Нэг удаа дүрсгүй жаалууд тэгж тоглож байтал хаанаас ч юм урт шавхуурга орж ирээд тэднийг ороолгожээ. Тоглоомондоо улайрсан хүүхдүүд хажууд нь хүн ирснийг ч анзаараагүй бололтой. Зогтусан хартал нэгнийх нь аав байна гэнэ. “Амьтан тамлалаа” гэж баахан зэмлүүлжээ. “Одоо бодох нь ээ мөн ч томоогүй байж дээ, тэр олон зурамны арьсаар сургууль юу хийдэг байсан юм бол доо” хэмээн хоорондоо гайхаж байв.

Ахлах ангийн сурагчид намрын ажилд явах хамгийн их дуртай байжээ. Анги хамт олноороо солом хураана, өвс хадна, модонд явцгаана. Учир нь охид, хөвгүүд бие биенээ арай өөр нүдээр хардаг болсон үе болохоор тэр биз. Нөгөөтэйгүүр анги хамт олны уур амьсгал сайжирч, хөгжилдөх боломж байсан гэнэ. Бөөндөө хоол хийж идээд л, майхны доогуур шургаж охидоо айлгаж дэггүйтдэг байжээ. Бас болоогүй ээ, бие биедээ сэтгэлийн үгээ илчилнэ ээ. Ангийнхаа даргаар шүлэг зохиолгож байгаад л охид, хөвгүүддээ өгнө. Эхэндээ ч ангийн зарга захиаг бол захиалгын дагуу нягт нямбай бичнэ дээ. Сүүлдээ мань эр залхуурч, үнэд ордог байж. Гэхдээ л энэ нөхөр ангийнхаа хүүхдүүдийн хэн нь хэнд сайн гээд дурлал, шохоорхлын пирамидыг маш сайн мэддэг ганц хүн нь. Дарга бол нэг загвар дээр захианы эзний нэрийг солиод л туучихдаг байснаа сонирхуулан инээв. Захиа зөөгч гэж бас нэг гол үүрэгтэй хүн байжээ. Харин захианы эзэн байшингийн булангаас түүнийг нэгд нэггүй ажиглана. Дурлалт охинд нь захиаг өгч байна уу, нөгөөх нь ямар авир гаргах нь гээд л. Хэрэв тэр охин захиаг авбал бөөн баяр болно. За тэгээд задлаад унших юм бол тэнгэрт хөөрөн бүүр ч догдолно. Зарим охид захиаг авахгүй, зарим нь авангуутаа ураад шидчих тохиолдол цөөнгүй байдаг болохоор тэр торгон агшин хамгийн чухал байдаг бололтой юм.

Тухайн үед ном унших аян их өрнөдөг байсан нь тэднийг номын хорхойтнууд болгоход их чухал кампанит ажил байсан гэж сайшаацгаав. Бие биетэйгээ уралдаад л сургуулийнхаа бүх номыг хамж, шимээд уншчихдаг байжээ. Шөнө оройн цагаар ном уншихаар эцэг, эх нь лаа, дэн дуусгачихлаа гээд дургүйлхэнэ. Харин номонд дурлагсад маань ээж, аавыгаа унтахыг хүлээж байгаад лаагаа асаагаад ном уншдаг байсан гэнэ. Нэг удаа бүр хөнжил дороо лаа бариад номоо уншиж байтал гал авалцаад гэрээ түймэрдэх шахсан хөгтэй явдлаа ч дурссан юм.

Дэггүй моньднууд аавын цээж машиныг дөрвөн талаас нь өргөж байтал сумын цагдаагийн нүдэнд өртчихжээ. Ингээд нийгмийн өмчийг сүйтгэгчид нэр зүүж, ээж, аав нь сэргийлэхийн үүдэнд хэд хоног уягджээ. Тухайн үед тийм л дэг журамтай, худлаа ярьсан хүн шоронд орох аюултай хэмээн аав, ээж нь сургадаг байсан гэв. Ямар сайндаа Ц.Пүрэвдорж хүү радиогоор “Монгол хүн сансарт ниснэ” гэдгийг сонсоод ээждээ хэлтэл “Цөг гэм, тэгж худлаа цуурч байгаад шоронд орох нь уу” гэж банга хүртээд авсан байна. Харин хүүгийнх нь хэлсэн үг үнэн байсныг хэд хоногийн дараа мэдсэн ээж “Минйи хүү ч мундаг сонсголтой юм аа” гээд магтсан гэдэг. Ж.Гүррагчааг сансарт нисэх үед монголчууд бөөн хөөр баяр болж байжээ. Ямар сайндаа сумын төвийн гудамж, байшин барилга гээд хаа сайгүй Ж.Гүррагчаа, Жанебеков нарын зурагт хуудас нааж байсан гэнэ. “Тэднийг сансарт нисдэг өдөр нь бүгд радиогоо чагнаж билээ. Манай радио их пажигнана. Зай нь амархан суучихна. Тэгээд яг чухал мэдээг нь сонсохын тулд радиогоо нэг асааж, нэг унтраагаад л байсан санагдана. Тэгтэл за хөөрлөө гэнгүүт бүгд гадаа гараад л тэнгэр ширтэцгээж, одоо хаана яваа юм бол, бид харагдаж байгаа болов уу гэцгээж байв. Ээж, эмээ нар сүү өргөөд л. Тэгээд тэднийг буух үед нь “Ашгүй дээ, эсэн мэнд ирлээ” гээд л уйлалдаж бөөн хөөр баяр болж байсан” гэж тэр нэгэн он цагийг саяхны явдал шиг тод санан ярьцгаав.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын найман жилийг 1982 онд 100 гаруй хүүхэд төгсч байжээ. Бүгд л гадаад, дотоодын их дээд сургуулиудыг дүүргэсэн байна. Одоо эдний төгсөлтөөс салбар болгонд ажил хөдөлмөрөөрөө манлайлагчид байгаа аж. Эрчим хүчний салбарт гэхэд нэлээд хэд нь байдаг бол эрүүл мэнд, эдийн засаг, боловсролын салбартай ажил амьдралаа холбосон хүмүүс ч бий гэнэ. Сүүлийн жилүүдэд төгсөлтөөрөө уулзацгаадаг болжээ. Тэд нэг өнгийн ижил цамцаар жигдэрсэн нь их анхаарал татлаа. Учир нь олон жилийн дараа уулзахдаа нэг нэгнийхээ хувцас руу ширтэж, тэрүүгээр нь бие биеийнхээ амьдралыг дүгнэхгүй байх үүднээс ингэж хосолсон байна. Хоорондоо сайхан халуун дулаан яриа өрнүүлж, хуучин цагийнхаа дурсамжийг хуваалцах нь хамгийн чухал гэж ийм авууштай санааг хэрэгжүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *