Одоогийн аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан аль далаад оны үеэс эхтэй юм гэдэг. Анагаахын зааланд хийдэг байснаас анагаахын барилдаан хэмээн нэршиж, дараагийн үеийн олон алдартнуудыг их дэвжээнд гарах замд тоссон томоохон шалгуур, дэм тус болж байв. Энэ барилдааны загалмайлсан эцэг гэгддэг бөх тайлбарлагч, өвгөн бичээч Готовын Баярцэнгэл агсан олон жил энэ барилдааныг тайлбарлаж, цуваа дүйзийг тэмдэглэн үлдээсэн байх юм. Түүний таван сайхан цуврал бүтээлийн үнэ цэнэ цаашид улам өсөх биз ээ. Барилдаан бүрийн нягтлан бүртгэж явсан энэ буурал залуучуудын барилдааныг хүртэл алгасахгүй үзэж, тэмдэглэн хөтөлж ирсэн түүхтэй. Түүний бүтээлээс өнөө болоод, өчигдөрийн сайчууд хэрхэн тодорсныг тод томруунаар харж болох билээ.
1992-1993 оны улиралд аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан Анагаахын зааланд 26 удаа болсон байна. Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Хөдөлмөр нийгэмлэгийн залуу бөх Дансалын Отгонбаатар тухайн жил хоёр удаа түрүүлж гайхуулав. Хангайн Намширын шавь ийм нэгэн сайн бөх энэхэн үест тодорч, Дарханд түрүүлж, битүүний барилдаанд 16-д шалгарч явсан удаатай. Чөлөөтөөр барилддаг, баруун зүүл хөлийг дадамгай сайн авдаг бөх байлаа. Мөн Булган аймгийн харьяат Алдар нийгэмлэгийн залуу бөх Ишдоржийн Доржсамбуу үеийн хүчитнүүдтэй ана мана үзэж, ирээдүйд их юм дуулгах бөх гэдгээ нотолж хоёр түрүүлэв. Түүнийг хоёр дахиа түрүүлэхэд Ж.Оргилболд, Г.Өсөхбаяр, Ц.Мягмарсүрэн нарын аймгийн цолгүй бөхчүүд их шөвөгт шалгарч байжээ.
1993-01-03-нд 56 бөхөөс залуу бөх Мижиддоржийн Жамъяанпүрэв аймгийн заан Идэшийн Мөнхбаатарыг хаян түрүүлсэн нь Г.Баярцэнгэл гуайн номонд тусгагдсан байдаг.
1993-1994 оны улиралд мөн л урд жилийн адил 26 барилдаан Анагаах дээр болжээ. Цэргийн заан И.Доржсамбуу энэ жил 6 түрүүлж босоо байсан юм. Харин цолгүйчүүдээс залуу бөх Долгорсүрэнгийн Сумъяабазар хавар, намар хоёр ч түрүүлж, нэгэн эвгүй бөх төрөн гарч байгаагаа нотлов. 1994 оны хоёрдугаар сард 40 бөх хүч үзэхэд Гачууртын залуу бөх Доржпүрэвийн Энхтөр Баянмөнхийн Гантогтохыг хаян түрүүллээ. Хожимын цэргийн заан Д.Энхтөр шүү дээ. 1993 оны 12.29 буюу одоогийн ерөнхийлөгчийн цомын өдөр 48 бөх хүч үзэхэд даян аварга С.Цэрэнгийн хүү залуу бөх Намжилсүрэн түрүүлж байлаа.
1994 оны дөрөвдүгээр сарын 24-нд 78 бөхөөс залуу бөх Баянмөнхийн Гантогтох улсын начин Цэдэндамбын Цэрэнпунцагийг орхин түрүүлжээ. Яагаад залуучуудын барилдаанд улсын начин хүн барилддаг билээ хэмээн уншигчид маань гайхаж байж магадгүй юм. Учир нь тухайн жилийн шинэ улсын цолтнуудаа, өмнөх дэвжээнд нь урьж барилдуулсан ганц тохиолдол нь энэ гэдэг бөгөөд анагаахийн хүчитнүүд, улсын цолтонд түрүүгээ алдаагүй байна.
Түүний дараа жил Цогт-Очирын Баянмөнх, Доржпүрэвийн Энхтөр нарын шонхорууд залуу бөх шууд Анагаах дээр түрүүлэв. Д.Энхтөр нь цэргийн начин Ч.Батзоригийг, Ц.Баянмөнх нь аймгийн начин Ц.Мягмарсүрэнг орхин тус тус түрүүлэв. Үзүүр бөхчүүд нь хожмын бидний сайн мэдэх Ховдын заанууд бөлгөө. Ц.Баянмөнх үүнээс гадна дахин нэг түрүүлсэн байна. Залуу бөх Нинжээгийн Алтансүх тэргүүн байр булаацалдсан ч аймгийн арслан Б.Адъяахүүг барсангүй.
1995-1996 оны улиралд 22 барилдаан хийгдэж, гурван залуу бөх түрүүлэв. Тэд бол Батжаргалын Ганбат, Гунгаагийн Элбэг, Дуламсүрэнгийн Намдаг. Ирээдүйн харцага Г.Элбэг нутгийн Н.Баттулгыг орхин түрүүлсэн бол Б.Ганбат мөн л нутгийн ах Д.Отгонбаатарыг үзүүр түрүүнд хаяж байлаа. Дуламсүрэнгийн Намдаг ганц түрүүлэхдээ тухайн жил хамгийн олон түрүүлсэн Б.Адъяахүүг үзүүр түрүүнд орхиж байсан юм.
1996-1997 оны анагаахын барилдааны улиралд 23 барилдаан зохиогдов. Ер нь долоо хоног бүр хийдэг байж. Хөвсгөл аймгийн Галт сумын залуу бөх Цэнд-Аюушийн Очирбат До.Ганхуяг, Ш.Зоригт нарыг хаяж хоёр ч удаа түрүүлэв. Хожим цэргийн начин болсон энэ хүчтэн жүдогийн татамид олон жил босоо явсан билээ. Архангайн Галбадрахын Батбаатар, Хөвсгөлийн Гунгаагийн Элбэг нарыг аймгийн цолтой ах нар нь зогсоож чадалгүй хоёр ч түрүүгээ алдсан байна.
1997-1998 оны анагаахын барилдаан Б.Ганбат, Ц.Магалжав, Б.Одхүү гэсэн гурван хүний гараас гарсангүй. Харин ганцхан залуу бөхөд аз тохиосон нь Мишкагийн Батжаргал. Энэ үеэс ч бөхчүүдийн тоо өсч, зуу шахам хүчтэн тогтмол барилдах боллоо. 1997 оны арваннэгдүгээр сарын эхээр 104 бөхөөс М.Батжаргал заан дээрх сайчуудын нэгэн болох Цэрэндашдоржийн Магалжав арсланг хаяж түрүүлжээ.
Эх сурвалж: www.hiimori.mn
1998-1999 оны улирал Энэ жилийн барилдаан МБӨ ашиглалтад орсонтой холбогдуулж 1999 оны эхээр нээлтээ хийсэн юм гэдэг. Залуу бөх Махгалын Баяржавхлан Дундговь аймгийн арслан Наваанравдангийн Отгонбаяр, Өвөрхангай аймгийн арслан Сэрээнэндоржийн Мандах нарыг орхин хоёр ч удаа өргөөнд түрүүлэв.
2000 оноос эхлэн залуу бөхчүүд анагаахын барилдаанд түрүүлэх нь өдрийн од болсон бөгөөд бөхийн тоо зуу хол давж, тогтмол 128 түүнээс дээш бөх хүч үзэх болов. Аймгийн арслан ах нар зай өгөхөө ч болив. 14 барилдааны 13-т нь аймгийн арслан цолтой бөх түрүүлж, нэг барилдаанд нь цэргийн заан Ш.Уламбаяр шийр зааж түрүүлж байсан удаатай.
Харин 2001 оны гуравдугаар сарын 26-нд 256 бөхөөс Архангай аймгийн залуу бөх Түмэнсанжаагийн Мөнгөнцоож аймгийн арслан Болдын Сайнбаярыг орхин түрүүлж, бөх сонирхогчдыг гайхуулав. Т.Мөнгөнцоож цэргийн начин болоод дахин хоёр түрүүлсэн бөгөөд аймгийн арслан болоод нэг жил босоо байсан түүхтэй.
2003-03-09-нд 240 бөхөөс залуу бөх Мөнхсайханы Өсөхбаяр найм даван түрүүлэв. Үзүүр түрүүнд аймгийн заан Лувсанрагчаагийн Нямсүрэнг орхив. Өсвөр үеийн улсын аваргад түрүүлээд, аймаг цэргийн цолтнуудын барилдаанд түрүүлсэн Өсөхөө зааны энэ амжилтыг өнөөг хүртэл хэн ч эвдээгүй байна. Ерөөс өсвөрийн насандаа түрүүлсэн ч гэлтгүй, залуу бөх АЦЦЗББ-нд түрүүлнэ гэдэг амаргүй болоод байгаа юм.