Хөдөлмөрч, ажилсаг ард түмэн улс орныхоо хөгжлийн түүчээлэгчид нь байдаг. Тиймдээ ч монголчууд нэг нэгнийгээ “Ажил хийгээч ээ” гэж хэлдэг. Гэтэл манайхан брэндээр биеэ чимж, үнэтэй машин хөлөглөж, хамгийн сүүлийн үеийн гар утсаар гангарахын тулд улстөрчдийн цүнх барьж, увайгүй хуйвалдааны зуучлагч болж, наймаа панз эргүүлж байгаагаа ажил хийж байна гэх юм. Тэгвэл монголчууд хэзээнээсээ бодит хөдөлмөрийг л ажил гэж нэрлэж ирсэн. Хамгийн энгийн жишээ хэлье л дээ. Хавар нь хувин төмс газар булаад зунжин усалж тордоод намар нь дөрвөн шуудай болгож авдаг. Эсвэл оны эцсээр хүнээс хэдэн эм хонь гуйж аваад тэрийгээ хавар болтол маллаж төллүүлээд, эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр тохиролцоод сайхан хуваагаад авчихдаг. Айлын хонь маллаж өсгөж өгснийхөө үр шимд өөрөө ч хэдэн хоньтой болчихно. Энэ мэтчилэн газар хагалж тариа ургуулах, байшин барилга босгох, зам, гүүр тавих, шугам хоолой холбох гээд хүний гараар бүтэж буй бүхэн бол жинхэнэ ажил. Монголчуудыгаа энэ маягаар ажил хийгээч ээ гэж хэлмээр санагдаж байна.
Манайхан гэнэтхэн тэнгэрээс мөнгөөр бороо асгах юм шиг л санацгааж биеийн хүч, хөдөлмөр шингэсэн ажлаас зугтдаг. Нэгэн нэр алдартай яруу найрагч, монгол ард хоёрын хооронд нэг ийм яриа өрнөсөн гэдэг. “Миний хүү юу хийдэг вэ” гэсэн хөгшиний асуултад найрагч залуу “Шүлэг, найраглалаа бичээд л сууж байна даа” хэмээн хариулжээ. Тэгтэл олны танил эрхэм маань өнөөх хөгшиний амнаас ямар үг сонссон гэж санана. “Залуу хүн байна даа, ажил хийгээч ээ” гэж хэлсэн гэлцдэг. Үнэндээ дуу дуулах, бөх барилдах, шүлэг зохиол бичих, лам, бөө болох, арилжаа наймаа хийхийг ажил хөдөлмөр гэж үздэггүй. Өнөөдөр монголчууд тэр аяараа наймаачин болсон гэхэд тийм ч хол зөрөхгүй болов уу. Өнгөн дээрээ панзчид маань өөрсдийгөө их ажил хийж байна гэж үнэлцгээдэг. Харин тэд бол хүний сэтгэж бодож, урлаж, бүтээсэн зүйлсийг бусдад мөнгө нэмж худалддаг л хүмүүс шүү дээ. Хэрэв хөлс хүч, ур ухаанаа зарцуулан байж өөрийн гараар бүтээсэн зүйлээ зарж, борлуулж байвал энэ нь жинхэнэ ажил болно доо. Даанч тэд нэг хүнээс авсан барааг нөгөө хүнд илүү үнэтэй зарж, дундаас нь хэдэн төгрөг цавчсан тухайгаа л ярьцгааж суудаг. Тиймээс хуучцуул маань арилжаа наймаа хийдэг улсуудыг “Наймаа панз үсэргэсэн ажилгүй муусай юмнууд” гэж зэмлэдэг байсан сан.
Монголд үйл ажиллагаа явуулж байгаа энэ олон том, жижиг дэлгүүр хоршоо, зах, худалдааны төв, гудамж талбайд бараа таваар ширхэглэгчид, ТҮЦ-үүдийг хар л даа. Тэнд хичнээн мянган хүн арилжаа наймаа хийгээд сууж байна вэ. Төр засаг нь болохоор байшин саванд үйл ажиллагаа явуулж байгаа зах, дэлгүүрүүдийг хөөж туугаад байхгүй хэрнээ гудамжны наймаачид болоод ТҮЦ-ийнхэнтэй байнга хөөцөлдөнө. Ойрын өдрүүдэд хотын зарим ТҮЦ-үүдийг буулгаж байгаа тухай мэдээлэл нэлээд цацагдсан. Албан тушаалтнуудын хөөх шийдвэрийг эсэргүүцсэн ТҮЦ-ийнхэн орилолдон тэмцэлдэх ширүүн маргааныг хэвлэлүүд мэдээлж байгаа. Эндээс ч нэг эмэгтэй “Биднийг амьдралгүй болгочихлоо” гэхэд цаанаас нь өөр нөхөр “Ядарсан ард түмнээ төр дандаа дээрэлхдэг” гэж хашхирч бархиралдаад л. Үнэндээ ТҮЦ-д дандаа асуудалтай хүнсний бүтээгдэхүүн зардаг гэсэн гомдол тасардаггүй юм билээ. Бас ар өврөөр нь согтуу хөлчүү хүмүүсийн бие зассан ялгадас хүний замаар урсч, халдварт өвчин үүсгэх нян бактер үржих үүр уурхай боллоо гэсэн сөрөг мэдээллүүдийг харахаар ТҮЦ-үүдийг хураах нь нэг бодлын зөв ч юм шиг. Нөгөө талаар нэг ТҮЦ цаанаа өчнөөн олон хүний амьдралыг залгуулдаг гэхээр байх ёстой ч юм шиг. Ар араасаа ачигдаад байгаа ТҮЦ-үүдийн зовлонг сонсоход үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө долоо, найман саяар авчихаад байхад нь засаг төр “Газрын зөвшөөрөлгүй юм байна” гээд хураадаг бололтой юм. Манай төр ч гэж төр. Хүнлэг бус өөдгүй байх юм. Өнгөрсөн жил долоон сая гаруй төгрөгөөр зөвшөөрлөө авчихаад байгаа иргэдийг хөөж тууж л байдаг. Энэ асуудлыг хуулийн байгууллагаар явж заргалдах ёстой. Яагаад ч төр нь хэлсэн амандаа хүрдэггүй юм. Өчигдөр байгуулсан гэрээгээ өнөөдөр үгүйсгэж сүр хүчийг үзүүлж л байдаг. Уг нь эрх зүйт нийгэмд амьдарч байгаа улсын иргэдийн хувьд энэ асуудлыг хууль шүүхээр явж заргалдах бүрэн боломжтой шүү дээ. Өрнөж байгаа үйл явдлууд манай иргэдийг ТҮЦ-нд их ач холбогдол өгдгийг хэлээд байна. Бүгд л ТҮЦ-тэй болох гэж хошуурдаг. Заавал наймаа хийж яадаг юм бэ. Энэ чинь л монголчуудыг ажил хийхгүй байгааг харуулаад байгаа юм шүү дээ. Дээрээс нь эцэг эхчүүд хүүхдүүдээ амьдрах ухаанд сургахын оронд олны танил од болгох гэсэн туйлын хүсэлтэй нэгэн болгож хүмүүжүүлэх юм. Хүүхэд болгон л дуучин, хөгжимчин, балетчин, загвар өмсөгч болно гэдэг болжээ. Эсвэл бөх болох гэнэ. За тэгээд хаана л ямар уралдаан тэмцээн болно, тэр бүгдэд хүүхдүүдээ аваачиж оролцуулан медалийг мянга мянгаар нь авчирч байна. Ингэж хүүхдийг багаас нь алдар нэр хүндийн төлөө гэсэн хийсвэр зүйлийг араас хөөцөлдсөн нэгэн болгож төлөвшүүлвэл насанд хүрсэн хойноо ажил хөдөлмөр хийж чадахгүй.
Монгол Улс маань хийж, бүтээе гэсэн хүнгүй болж гүйцлээ. Зах зээлийн шилжилтийг монголчууд худалдаа наймаа эрхэлж амь зуух нийгэм гээд ойлгочихсон. Жинхэнэдээ бид юм зарах биш, харин ч тэрийг нь зөв бүтээх нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Бүтээснээ бусдад зарж борлуулах нь хамгийн чухал. Бас энэ нийгэм биднээс хариуцлагатай, хүнлэг байхыг шаарддаг. Бид социализм гээд хий хөөрөгдсөн завсрын нийгэмд орсноос болоод амьдралын тухай ойлголтгүй болчихоод байгаа нь гашуун үнэн. Монголчуудын олон арван мянган жилийн туршид ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн тэр хэв маягаар бид амьдрах ёстой.
Өглөө эрт босч, бүтээлч байцгаая. Хүн бүр дор бүрнээ бичил аж ахуй эрхэлж, түүнийхээ үр шимийг хүртдэг баймаар байна. Ингэж чадвал улс эх орон хөгжиж, ард түмэн ч хуримтлалтай болж дундаж давхарга хөгжинө. Гадны улсын ганц хоёрхон жишээ татъя л даа. Жуулчдын диваажин болсон Чежү арлын ард түмэн дор бүрнээ жимс жимсгэнэ тариалж амьдарч байна. Гадаадын зочдын нүдийг хужирласан энэ аралын аж ахуй иргэдийн амьжиргаа байх жишээтэй. Саяхан л дайн байлдаантай хэцүүхэн байсан Вьетнамыг хар л даа. Өнөөдөр дундаж давхарга амжилттай хөгжиж яваа орнуудын нэг. Вьетнамд айл өрх бүр бичил үйлдвэрлэл, үйлчилгээ гээд бизнес явуулдаг. Үүнийг нь төр засгаас бодлогоор маш сайн дэмждэг юм билээ. Хоёр давхар байшинтай айл байлаа гэхэд нэг давхартаа өрхийн аж ахуйгаа эрхэлдэг. Оёдолчин, гуталчин, мужаан, гар урлал гээд өөрсдийн гараар бүтээсэн зүйлсээ үйлдвэрлэхээс гадна борлуулдаг гэсэн. Иймэрхүү маягаар монголчууд ч гэсэн байгаа зах зээлдээ тохируулж ажил хийх хэрэгтэй байна. Ажил хөдөлмөр бол амьдрах ухааны том сургууль юм.