Categories
мэдээ цаг-үе

Ажиа гэгээнтэн: Биеэр туслан үйлддэг, сайн дурын буян их чухал

Ажиа гэгээнтэнтэй ярилцлаа.


-Амар сайн байна уу? Сайхан наадаж байна уу? Гэгээнтэн хаагуур наадав даа?

-Мэнд ээ, сайхан наадаж байна аа. Айова мужид ирээд байна. Энд ганц ч монгол хүн байдаггүй, Чүмпэй бидэн хоёр ингээд хоёулхнаа наадаад сууж байна аа.

-Айовад ямар хэргээр залраа вэ?

-Энд нэг Бурханы шашны сүм байдаг юм. Тэндээс хичээл заагаач гэж уриад. Хоёр хоног хичээл заалаа, маргааш буцна даа.

-Олон нийтийн сүлжээнээс таныг нэг тэтгэлэг зарлаж байгаа гэж сонслоо. Тэр талаар таны өөрийн тайлбар үгийг сонсох гэсэн юм аа.

-За тэр тэтгэлгийн үүх түүх, гэвэл анх Улаанбаатар хотоос буяны ажил, эмнэлэг байгуул гэж Яармагт нэг газар надад өгсөн юм.

Тэнд хүүхдийн хорт хавдрын эмнэлэг барихаар төлөвлөж байтал Эх нялхасын төвөөс тэр эмнэлгээ тэнд биш манайд баривал тустай юм гэсний дагуу хотын төвд барьсан юм. Нөгөө Яармагийн газар бас байгаа хэвээр. Тэнд олонд тустай хоёр юм барьж өгье гэж бодлоо. Юуны өмнө нэг настайчуудыг тав тухтай байлгах сайхан газар.

-Асрамжийн газар юм уу?

-Асрамжийн газраас арай жаахан өөр дөө. Өдөр өнжүүлэх газар юм. Нөгөө нь тэнд хамтад нь нэг сургууль барья гэж бодож байлаа. Хөдөөгийн хүүхдүүд төлбөр мөнгөнөөс болоод сургуульд сурч чадахгүй хэцүү байгаа тухай сонссон л доо. Тэгтэл сургууль бас хэцүү юм аа. Яахав, байшин барилгыг нь бол барьчилгүй дээ, гэтэл тэрийгээ ажиллуулах багш ажилтан гээд боловсролын ажлын туршлага надад бас байхгүй.

Муу сургууль ажиллуулбал буян биш бүр нүгэл болох байлгүй. Тэгээд сургууль барихгүй бол тэр хүүхдүүдэд боловсролоор яаж туслах билээ гэж бодоод ийм нэг тэтгэлгийг бий болгохоор шийдсэн юм.

-Тэтгэлгийн нэр “Зөв” юм байна. Яагаад ингэж нэрлэв?

-Энэ нь англи хэлнээс орчуулсан үг. Анх энэ тэтгэлгийг санаачлаад миний нэрний эхний үсгээр товчилсон юм. Arjia Renbuchi Scholar­ship гэдгийг товчлохоор ARS болно. Тэр товчлолыг энэ тэтгэлгийг хамтран босгосон манай залуус ярилцаж байгаад давхар бас A Right Scholar гэж нэрийдсэн, тэрийгээ “Зөв” гэж орчуулахаар тогтсон юм л даа. Энэ нэрэнд би бас их дуртай байв. Буян хийнэ гэдэг нь зөв ажил юм, тэгээд “Зөв” тэтгэлгийг маань авсан хүүхдүүд зөв хүн болж, эргээд эх орондоо зөв сайхан үйл хийгээсэй гэж. Одоо тэгээд анхандаа миний нэрээр байсан боловч бүх хүнд тустай учраас “Зөв – Right” гэдэг нь илүү тодорхой болж, олон түмний буяны ажил болох юм даа.

-“Зөв” тэтгэлэгт хөтөлбөрт хэдэн хүүхэд хамрагдах билээ?

-Эхний ээлжинд гучин хүүхдийг сонгож, бүтэн дөрвөн жил сургалт байр бүх зардлыг нь даана. 30 гэдэг тоо ямар учиртай гэхээр Монгол Улсын хорин нэгэн аймаг бүрээс нэг хүүхэд, Улаанбаатар хотын есөн дүүргээс нэг нэг хүүхэд, ингээд 30. Төлбөрөө төлж чадахгүй, жаахан хэцүү шиг айлын хүүхэд байх учиртай. Гэхдээ тэр хүүхдүүд өөрсдөө бүр их сайн сурдаг, мэрийлттэй байх ёстой.

-Сургалт, байр орсон цогц тэтгэлэг гэхээр нэг хүүхдэд жилд хэдэн төгрөгийн дэмжлэг ирэх вэ?

-Тэр талаар манайхан судалгаа хийж үзсэн. Тэгээд нэг хөдөөний хүүхэд хотод ирээд сургуульд сураад, нэг газар амьдраад, хооллож ундлаад явахад жилд 2000 орчим доллар болох юм байна гэсэн тооцоо гарлаа. Тэр нь монгол төгрөгөөр чухам хэд болдог юм, би бас сайн мэдэхгүй байна. 30 хүүхэд гэхээр жилд 60 мянган долларын ерөнхий төсөвтэй тэтгэлэг гэсэн үг. Нэг хамрагдсан хүүхдээ дөрвөн жил даана. Жил бүр шинээр элсэж байгаа хүүхдүүд нэмэгдээд байхаар эцэстээ 240 мянган доллар болно гэсэн үг. Монгол Улсын их дээд сургуулиуд, бизнесмэнүүд, олон түмэн оролцоод эхэлбэл тэрнээс ч илүү болж болохыг үгйүсгэхгүй.

-Хэзээнээс эхлэх билээ?

-Энэ жилээс уг нь эхлэх санаатай, таван сараас ажилдаа орсон юм. Тэгтэл цаг нь жаахан тулгамдчих шиг боллоо. Тооноос илүү чанар чухал учраас энэ жилдээ заавал хүчээр 30 хүргэнэ гэхгүй, их сайн 10 хүүхэд аваад юу ч гэсэн эхэлье гэж шийдээд яг одоо шалгаруулж байна даа.

-Энэ зөвхөн Монгол Улсын монгол оюутнуудад зориулсан тэтгэлэг үү?

-Энэ тэтгэлэг бол тийм. Гэхдээ өөр зүйл бас бий. Би саяхан Орос улсаар яваад ирсэн юм. Ирина Гарри гэдэг мундаг эрдэмтэн миний номыг орос хэл рүү орчуулсан, энэ номыг зарж олсон бүх орлогыг Орос улсад амьдарч байгаа монгол туургатандаа хэрэгтэй зүйлд зарцуулъя, буян болъё хэмээн хоёр төсөл эхлээд байна. Нэг нь Монгол Улсаас Халимагийн Их сургуульд оюутан суралцуулах. Халимагийн Их сургууль сайхан санаа гэж дуртайяа дэмжсэн. Нөгөө нь Халимаг, Тува, Буриадаас тус бүр хоёр оюутан, нийт зургаан оюутныг шашны чиглэлээр Улаан-Үдийн их сургуульд суралцуулахаар боллоо. Хоёр жилийн хөтөлбөр, сургалтын зардлыг бид төлнө. Энэ зургаан оюутан монгол, төвөд хэл үзэж, бурханы шашны чиглэлээр суралцах юм. Халимаг, Тува, Буриадад бурханы шашин дэлгэрээд сайхан байгаа боловч музей, номын сан зэрэг газар яг нарийн мэргэшсэн хүн дутагдаж байна. Оростоо сургууль төгсөөд орчуулга хийж байгаа хүн ховор байдаг юм байна. Яг Орост сурсан хүнд шашны чиглэлийн боловсрол олгож, сайн орчуулагч, мэргэжилтэн бэлдэх зорилготой. Магистраа төгссөнийх нь дараа ажлыг нь хүртэл бид олж өгнө.

-“Зөв” тэтгэлэгт хөтөлбөрт оюутан шалгаруулахдаа та сурлагаас гадна олон нийтийн ажил, сайн дурын ямар үйл бүтээсэн бэ гэдгийг бас чухалчилсан байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Манай Монгол, Төвөд ер нь Азийн улсуудад буяны ажил гэхээр жаахан явцуу ойлгоод байдаг гэм бий шүү. Мөнгө л өгвөл тэгээд буян болно гэж. Тэгэхээр ядуу хүн буяны ажил хийж чадахгүй гэж үү? Бас зарим нь яваад буян хий гэхээр нэг суварга барьдаг юм уу, ном уншуулаад, хэдэн хүнд мөнгө өгөөд “за буян болчихлоо” гэх. Суварга барьж, хүнд мөнгө өгөх сайхан буян мөн үү гэвэл мөн л дөө. Гэхдээ бас хөл гараараа хөдлөөд, олон түмэнд чадах юмаараа туслах ч бас буян шүү дээ. Тэр талыг нь манайхан орхиод байдаг. Энэ барууны улсуудад бол тэрийг их чухалд үзнэ шүү дээ. Тэрийгээ volunteer гэж нэрлээд сургууль соёлд ороход “Чи ямар буяны ажил яаж хийв” гэж заавал асуудаг.

Тэгэхээр бид хүүхдүүдээс бас тийм зүйл асууж байгаа юм. Монгол хэл соёл, сургууль номын ажил, байгаль орчин, ахмад настан, багацуул хүүхдийн төлөө, ерөөс ямар буяны ажил хийв гэж. Сурлагаас гадна тийм сайн дураараа үйлддэг буян их чухал. Миний нэг гол захидаг юм энэ. Биеэрээ яваад ажилд оролцоод, буян сайн хийгээрэй гэж.

-Таны “Энэрэл” сангийн зураг, лого их хөөрхөн юм. Монголчуудын дуртай Тумбааш хэмээх зохилдсон дөрвөн амьтан. Та өөрөө агуулгадаа нийцүүлэн янзалжээ дээ?

-Анх Монголд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ бас “Эвтэй дөрвөн амьтан”-ы логотой байлаа. Энэ удаад хүүхдэд илүү анхаарсан учраас нэг жаахан өөрчлөөд, хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн киноных шиг аястай болгосон юм. Утга санаа хэвээр, нэг нэгнээ хүндлээд, нэг нэгэндээ туслаад хамтдаа зүтгэвэл тэр навчин дээрх сайхан зүйлсийг хүртэж чадна даа. Навчнууд дээр эрдэм мэдлэг, энэрэл хайр, нинжин сэтгэл гэх мэт үгс байгаа. Зөв тэтгэлгээ аваад, зөв эрдэм сураад, ахмад настнаа хүндэлдэг, бага хүүхдийг хайрладаг, ухаантай боловсролтой сэхээтэн болохыг бэлгэдсэн хэрэг.

-За их баярлалаа. Таны буян номын их үйлийг даган баясъя аа.

Ярилцсан “Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь

тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *