Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд амьдардаг нэгэн айлаас цагдаагийнхан байлдааны болон цэргийн сургалтын зориулалттай нэлээд олон сум хураан авчээ.
Тус дүүргийн Цагдаагийн III хэлтсийн эх сурвалж “Айлд байлдааны маш их сум байна” гэсэн мэдээлэл есдүгээр сарын 29-нд ирсний дагуу манай хэлтсийнхэн цагдаагийн бусад албадтайгаа хамтран 58 настай иргэн Б-гийнд шалгалт хийсэн.
Байлдааны зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч, дэлбэрэх бодисыг хууль бусаар хадгалсан хэмээн зарим хүнийг буруутган шалгаж эхэлсэн. Тэднийхээс ПМ буюу “Макаров” маркийн гар бууны сум 312, дохионы бууны сум 10, “Винтов”-ын сургалтын сум 38, АКМ бууны сургалтын сум 80, уг бууны байлдааны зориулалттай сум 763 ширхгийг эд мөрийн баримт болгон хураан авсан” гэв.
Цагдаагийн байгууллагын өөр нэг эх сурвалж “Нарантуул”-д сум зардаг хүмүүсийн нэг. Байлдааны зориулалттай сум хилээр хувь хүн оруулах боломжгүй. Дохионы бууны болон АКМ, ПМ-ын сум ашигладаг байгууллага бол цэргийн анги салбарууд. Тэндээс хууль бусаар гаргаж, наймаачдад зарсан байж болзошгүй. Тиймээс нарийвчилсан шалгалт хийж байгаа” гэсэн юм.
Цэргийн анги байгууллагынхан хээрийн сургууль хийх үеэр олон сум авч гараад буудаагүйгээ ангидаа буцааж өгөлгүй, цэргүүдээс хурааж аваад наймаачдад зардаг гэсэн мэдээлэл тагнуул, цагдаагийн байгууллагынханд удаа дараа ирж байгаа гэнэ.