Хүүхдийн төрөлхийн гаж эмгэг, хүн амын дундах амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдэж байгааг агаарын бохирдолтой холбон тайлбарлах хандлага ихэссэн. Гэвч энэ талаар манайд нарийвчлан судлах лабараторигүйгээс таамаг төдийн байв. Тэгвэл өнгөрсөн жилээс эхлэн агаарын бохирдол хүний эрүүл мэнд, тэр дундаа эх хүүхдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, АШУҮИС, АНУ-ын Өмнөд Калифорни мужийн Лос Анжелосын судлаачид хамтарсан судалгаа хийжээ.
Судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдол жирэхсэн эхчүүдийн зулбах эрсдлийг дөрөв дахин нэмэгдүүлж, бага насны хүүхдийн агаар дуслын халдварт өвчний гаралтыг 7-8 дахин ихэсгэж байгаа нь тогтоогджээ.
Судалгааны эцсийн үр дүн хараахан гаргаж, эмхэтгээгүй ч эхний дүнгээр Улаанбаатарт амьдарч байгаа жирэмсэн эх, тэр дундаа агаарын бохирдол ихтэй хэсэгт амьдарч байгаа эмэгтэйчүүдийн зулбах эрсдэл дөрөв дахин их байна гэдгийг тогтоосон. Харин насанд хүрсэн хүмүүс зүрхний шигдээсээр өвчлөх нь ихэсчээ.