Өнгөрсөн долоо хоногт болсон Монгол Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааны үеэр БНТУ-ын багийг ахлан ирсэн тус улсын Шадар сайд Хакан Чавушолу манай Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзахдаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудыг тус улсад хүлээлгэн өгөхийг хүссэн билээ. Тэд одоогоос жил гаруйн өмнө Ерөнхийлөгч Т.Эрдоганы эсрэг гарсан төрийн эргэлтийг зохион байгуулагчдын нэг Фетулла Гуленыг турк сургуулиудтай холбоотой, тэд санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлсэн гэж харддаг учраас дэлхийн өнцөг буланд байгаа ийм сургуулиудыг хаах, төрийн мэдлийн “Маариф сан”-даа авахаар оролдох болсон. Манайд ч ийм хандлагыг жил орчмын өмнөөс гаргаж, төр засгийн хэмжээнд шахалт үзүүлж ирсэн ч Монгол улс аль нэг газраас харьяат бус, намууд нь хоорондоо эв түнжингүй ч ардчилал гэдгийг яс махандаа мэдэрсэн улс учраас тэдний тавиад байгаа шаардлагыг ойлгоогүй юм. Угаасаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиуд бол манайд бүртгэлтэй хувийн аж ахуйн нэгжүүд. Үүнийг Засгийн газар ямар ч шийдвэр гаргаад өөр улсын төрийн мэдэлд өгөх боломжгүй. Тэгээд ч сүүлийн хорь гаруй жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж, манай олон залууст чанартай боловсрол олгож ирсэн хувь хүний эзэмшлийг тухайн улс орны дотоод байдал асуудалтай боллоо, шилжүүлнэ гэдэг энгийн ухаанд багтмааргүй. Гэхдээ л худал үгийг мянга давтахаар үнэн болно гэдэг шиг зөв мэдээлэл хангалттай очихгүй бол хүмүүс, төр засгийн хэмжээнд ч төөрч магадгүй л юм. Ямар сайндаа манай зарим нэг сайтад “Террорист сургуулиудыг хүлээлгэн өгөхийг шаардав” гэсэн гарчигтай мэдээлэл гарах вэ дээ. Туркийн Шадар сайд манайд үйл ажиллагаа явуулдаг сургуулиудыг ингэж нэрлэлээ гээд бид дагаж хошуураад байх шаардлагагүй. Монголд хаана ямар террорист сургуулиуд байгаа юм, энд тэгээд террористуудыг бэлтгэдэг хэрэг үү. Олон мянган сурагчид тэдний эцэг, эхчүүд зөвхөн тэд гэлтгүй нийгмээрээ энэ мэдээлэлд эмзэг хандах талтай. Хамгийн гол нь тийм биш гэдгийг мэдэж байгаа учраас төдийлөн сүйд болохгүй байгаа гэж ойлгож болно. Угаасаа дээрх сайтын мэдээний доор байгаа олон арван сэтгэгдлүүдээс манайхны энэ сургуулийн тухай ойлголт бат бөх, хэн яаж ч тархи угаасан хөдөлшгүй гэдэг нь харагдаж байна лээ.
Турк улс сүүлийн жилүүдэд олон улсад ихээхэн ойлгомжгүй байдалтай болчихоод байгаа нь үнэн. Европын орнууд, АНУ, ОХУ гээд ер нь олон улсын тавцанд ихээхэн ганцаардаж байгаа. Гэхдээ ардчилсан нээлттэй бодлого барихын оронд нэг хүний эрх мэдлийн төлөө бүх зүйлийг уландаа гишгэснээс олон улсад ийм байр суурьтай болсон талаар гадны хэвлэлүүд онцолж буй. Тиймээс бодлогоо хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эдийн засгийн хувьд асуудалтай, тусламж дэмжлэгийн сургаар аманд нь орчих газруудтай тулж ажиллах болсон. Турк сургуулиудыг өөрсдөд нь хүлээлгэн өгөх шаардлагыг нь америк, германчууд ердөө ч ойлгоогүй бөгөөд цөөн орнууд хүлээн авсан нь Африкийн голдуу орнууд. Судан, Чад, Нигер, Буркина Фасо, Сомали, Мали, Мавритан тэдний хүсэлтээр ийм сургуулиудыг хааж, харин Пакистан, Афганистан турк багш нарыг албадан гаргасан мэдээлэл байдаг. Ерөнхийдөө тусламж дэмжлэгээр шахалт үзүүлээд асуудлыг шийдчихсэн аж. Тэдгээр орнуудад “Сургуулиудыг бидний мэдэлд өгчих эсвэл хаачих нэг бол танайхан төрийн мэдэлдээ хураагаад авчих” гэсэн саналыг тавьж ятгадаг. Манайд ч гэсэн 300 сая ам.долларын тусламжийн зээлээ 350 сая болгоё, хүүгээ багасгаж, 15 жилийн хугацаагаа 18 болгоно, Засгийн газрын баталгаагаар биш, банк хоорондын зээллэгээр шийднэ гэж нөхцөлөө бууруулаад байгаа нь үүнтэй холбоотой. Гэхдээ ардчилсан улс оронд асуудал ингэж шийдэгддэггүй гэдгийг мэддэг баймаар юм. Эсвэл манайхыг эдийн засгийн хувьд хэцүүхэн байгаа гээд Африк, Афганистантай адил гэж бодов уу. Туркийн Засгийн газар үнэхээр сургууль байгуулмаар байгаа бол өөрсдөө хөрөнгө оруулалтаа хийгээд сургууль байгуулах боломж нь нээлттэй шүү дээ. Гэтэл түүний оронд байгааг нь татан буулга, шилжүүл гээд байгаа нь хүнлэг ардчилсан нийгмийн үзэл баримтлал гэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Манай турк сургуулийн дипломыг Туркт хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг зарласан. Гэхдээ энэ нь зөвхөн Туркт болохоос дэлхийн бусад улс орнуудад нөлөөлөхгүй. Ерээд оноос эхлээд сургалтын нарийн боловсруулсан хөтөлбөр нь амжилттай байсан учраас олон зуун турк багш нар дэлхийн улс орнуудад ийм сургуулиудыг хувиараа нээсэн юм билээ. АНУ-д гэхэд 200 гаруй турк сургууль бий. Манайд ч гэсэн турк, монгол хүмүүсийн хувийн хөрөнгөөр нээсэн болохоос Засгийн газраас нь ямар ч хөрөнгө ороогүй сургууль гэдгийг албаны хүн мэдэгдсэн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд Туркийн Засгийн газар олон жилийн турш улсынхаа хэл соёлыг түгээж ирсэн ийм сургуулиудад хатуурхах боллоо. Энэ нь тус улсад өрнөөд буй үйл явдалтай холбоотой. Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган 2016 оны долдугаар сард гарсан төрийн эргэлтийн дараагаас олон хүнийг хэлмэгдүүлэн хорьж, байгууллагуудыг хаах болсон. Төрийн эргэлт гэгдэх тэр хэргийн дараа Туркт 100 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, эздийг нь барьж хорьж, зарим нь улсдаа шилжүүлээд гадагшаа гарахаас аргагүй болсон гэгддэг. Боловсролтой, сэхээрэлтэй олон мянган хүн баривчлагдсан. Тэдний дунд багш нар олноор хоригджээ. Хамгийн гол нь тэр хүмүүс юуны учир буруудаад, яагаад төрийн эсрэг гэмтэн болсноо мэдэхгүй байдагт асуудал нь бий. Манайд ч хорь, гучин жилээр ажиллаж байгаа турк багш нарыг ийм хувь заяа хүлээж байж болох юм. Ерөнхийдөө дарангуйллаар хамгийн түрүүнд боловсролтой, сэхээрэлтэй хүмүүсийг дарж авч байж дараагийн алхмыг хийдэг гэдгийг бид 1937 оны өөрсдийнхөө түүхээсээ мэдэх хойно. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-аас Туркийг онцгой байдлаа цуцалж, гэм зэмгүй иргэдийг баривчлан, эрүүдэн шүүхээ зогсоо гэсэн шаардлагыг тавьсан нь энэ бүхэн хэрээс хэтрээд байсныг баталж байна.
Туркууд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Эмпати” сургуулиудыг хаах, эсвэл өөрсдийн төрийн мэдлийн санд шилжүүлж авахыг хүсч, террорист байгууллагуудтай холбоотой байж магад гэж мэдэгдсэний хариуд манай тал асуудлыг судлан үзэж, шаардлагатай арга хэмжээг авна гэж хариулсан байгаа. Авах арга хэмжээ нь зээлийн хэдэн цаасанд нь багтчихсан хариу гэхээсээ тусгаар улс, ардчилсан үнэт зүйлтэй орны албан ёсны хариу байна гэдэгт эргэлзэхгүй байна.
О.ТУЯА