ОХУ-ын Тувад энэ сарын долоонд Монголын хилийг зөрчин, мал хулгайлсан, албан үүргээ гүйцэтгэж байсан монгол хилчнийг буудан шархдуулсан хоёр тува иргэнийг шүүх хурал болжээ. Тувагийн Эрзинск дүүргийн Оралан Омак Белекович, Кенден Белек-Баир хэмээх хоёр иргэн 2012 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө хил зөрчин Монголын нутагт нэвтрэн орж, адуу хулгайлсан байна. Тэднийг буцах замд нь манай хилчид илрүүлэн баривчлахыг оролдсон боловч хил зөрчигчид галт зэвсэг хэрэглэн эсэргүүцэл үзүүлж, монгол хилчнийг шархдуулаад хил даван зугатсан юм. Монголын талаас өгсөн мэдээллийн дагуу ОХУ-ын хил, Цагдаагийн албаныхан эрэн сурвалжласны үр дүнд Тувагийн нутагт тэднийг баривчилсан байна.
Сэжигтнүүдийг хил хууль бусаар зөрчсөн, хил даван хулгай хийсэн болон нэгэнд нь хилийн албаны ажилтны амь насанд халдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэм бурууг нь тогтоосон байна.
Шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзэн, манай хилчнийг шархдуулсан Кенденд чанга дэглэмтэй хорих ангид 14 жил, түүний хамсаатан Ораланд жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил хорих ял оноожээ.