Саяхан Булган аймгийн Баяннуур сумын Бор булан гэдэг газар түймэр гарч 52 адуу өртөж зүй бусаар хорогдлоо.Малчин Бадам, Содном нарын хоёр азарга адуу эзэнгүй явж байгаад хээр гарсан түймэрт өртсөн нь энэ. Түймэрт өртсөн сүргийн ихэнх нь тэр дороо шалзарч үхсэн бол цөөн хэдэн адууны дэл сүүл нь хуйхлагдсан, нүд нь сохорсон, арьс нь өмөрч хуурсан ч амьтай голтой гэлдэрч байгаатай хүмүүс таарч сэтгэл эмзэглүүлэм видео бичлэг хийжээ. Ер нь Монголд л ийм сэтгэл сэрдхиймээр, адгуус амьтан тамласан тохиолдол гардаг. Дорнод аймагт унтаж байгаад хоттой хонио сууриар нь шатаасан, Хэнтий аймагт ойн түймэр нөмрөхөд эзэн нь өөрөө зугтаж мэнд мултарч хэдэн зуугаар тоологдох малаа амьдаар нь шарсан тохиолдол ч байдаг. Өнгөрсөн жил Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарахад эзэнгүй явсан сүрэг тэмээ өртөж үхэх нь үхээд амьд үлдсэн цөөн хэдийнх нь бөхний өөх хайлж тос болон урсч байсныг ч хүмүүс мартаагүй байх. Амьд амьтан амьдаар нь шарж тамласан ийм тохиолдолд монголчууд ч хэдийнэ дассан бололтой. “Хайран юм. Алаад зарчихсан бол” хэмээн тэр адгуусны амь бус арилжаад авах мөнгийг нь тооцон халаглаж дуулдах юм.
Энэ тохиолдолд дэлхийн олон орон ялангуяа өндөр хөгжилтэй улс гүрэн амийг амь л гэж бодож, тооцдог. Гудамжинд үхсэн муур, зэрэмдэглүүлсэн нохой таарвал түүний төлөө амьтны эрх хамгаалах байгууллагууд нь хуулийнхнаасаа илүү ажиллаж эзэн холбогдогчийг нь олж торгууль ногдуулж хариуцлагыг нь хүлээлгэдэг. Ховор амьтны амь тасалсан, торонд хорьсон, үс ноосыг нь түлж хуйхалсан, шалзалсан бол бүр ч хатуу хариуцлага хүлээлгэж торны цаана суулгах нь ч энүүхэнд.
Гэтэл монголчууд морь уралдуулж хүүхдээ ална, гэмтээнэ бас мал адгуусаа шатааж ална. Зөвхөн шарж, шатааж бус хөлдөөж, өлсгөж ална. Нэг бус удаа жил бүр хэдэн мянга, хэдэн саяар нь ингэж алдаг. Уг нь энэ өвөл, хавар дулаан, өнтэй малын зүй бус хорогдолгүй өнгөрөх байлаа. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр болсон цасан шуурганаар ямар ч бэлтгэлгүй малчид 30 гаруй мянган малаа хөлдөөгөөд, бээрүүлээд алчихжээ. Энэ нь жил бүр заавал тохиох байдаг л үзэгдэл шиг болсон бөгөөд 2011 оны өвөл 11 сая, 2000 оны зуднаар 10 сая малаа хөлдөөж, өлсгөж алсан түүхтэй. Ийнхүү 1992 онд мал хувьчилснаар хойш бараг 30 сая малын зүй бус хорогдол гарч, 30 сая амьтны амийг тамлаж тасалсан хэрэгт монголчууд уначихаад байна.
Монголчууд малаа мах болгож хөлдөөх, малаа боодог болгож шарах тохиолдол байдаг л даа. Гэхдээ энэ нь нарийн дэг жаягтай асуудал. Нэг ёсондоо зүй ёсны хорогдол юм. Олон тооны амь таслахаар болбол бага балчир хүүхдүүдийг хол байлгаж, тусгай сонгосон газарт энэ үйлээ гүйцэтгэдэг. Тамлаж бус хэдхэн секундэд амийг нь авах тусгай аргатай. Тэгээд зулын 25-наас өмнө идэш улаагаа хийж муулсан үхрийнхээ бөөрний өөхөөр тухайн өдөрт зориулан зул өргөж амьтны амь тасалсан муу үйлээ ариутгадаг уламжлал ч бий. Харин өнөөдөр байгаль дээр зэрэгцэж төрсөн бусад адгуусын амийг тасалж, идэш уушдаа хэрэглэхийн зэрэгцээ би эзэн нь хэмээн цээжээ балбаж байгаад хэдэн саяар нь өлсгөж, хөлдөөж, шатаан тамлан алж байна. Нөгөө дэлхийн, Монгол Улсын амьтны эрхийг хамгаалах байгууллагынхан ч энэ тохиолдолд таг дуугүй байх юм. Ямар ч санал санаачилга гаргаж, асуудал дэвшүүлэхгүй байна. Харин ч эсрэгээрээ “Хэдэн малаа алдчихсан юм ахиад хэдийг өгчихье, малжуулъя” гээд төр нь оролцоод нөгөө хариуцлагагүй хүний төлөө сэтгэл гаргаад явж байх юм.
“Хөрөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү та нарт ямар хамаатай юм, энэ чинь хувийн өмч” гэсэн нэг хариулт гарч таарна. Хувийн өмч гэдэг нь үнэн. Малаас олох ашиг нь хувь хүний өмч ч малын амь нь байгаль дэлхийн, хүмүүсийн шүтдэг бурханы өмч. Монголчууд байгаль дэлхийнхээ өмнө тэр олон амьтны амь насыг нь хариуцаж яваа. Тиймдээ ч “Байгаль эх, бурханы хишиг хүртэж сайхан л амьдарч байна” гэж цэцэрхсээр ирсэн биз дээ. Тэгэхээр яг энд л тэс өөр хууль үйлчлэх ёстой болчихоод байна. Үндсэн хуулийн 5.5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн хэрэгжихгүй ганцхан заалттай явдгаа өнөөдрөөс шинэчилье. Тусгайлсан Мал аж ахуйн хуультай болъё.
Хуулиар мал маллах зөвшөөрөл олгодог болгомоор байна. Улс, аймгийн, нутаг усны малч буурлууд “Тэр бүтэхгүй ээ, хэдэн малаа сүйд хийнэ” гэж хэлсэн л бол ёсоор болдог шиг өлсгөж, турааж, шатааж алаад байдаггүй хүмүүст тэр олон амийг даалгадаг болъё. Малд ойртуулж болохгүй хүнийг тодорхойлъё. Малд ойртож болохгүй хүн хэдэн тэмээтэй бол түүнийг өөрийнх нь өмч хэвээр байлгах ч заавал мал малласан олон жилийн туршлагатай туслах малчинд амийг нь хариуцуулдаг болгох хэрэгтэй болчихоод байна. Амийг нь хайхардаггүй юм бол туслах малчны лицензтэй хүнээр тэднийгээ маллуулаад ашгаа хүртээд, цалингаа өгөөд явахад болох биз. Харин малын амь хариуцсан этгээдүүд унтаж уруудаад, залхуурч хэвтээд тэр олон амьтны амийг тасалбал зохих хариуцлагыг нь хүлээлгэдэг болъё.Яагаад гэвэл хувь малчдад ч тэр Монгол Улсад ч тэр амьд мал л ашиг тусаа өгнө. Тэгээд ч амь гэдэг хамгийн үнэт зүйл юм.
Л.МӨНХТӨР