Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аавтайгаа ярихад цаана нь төлийн дуу цангинаад л… DNN.mn

Зүгээр л энгийн үед, аав ээжтэйгээ ярихад аз жаргал гээч зүйл өөрийн эрхгүй мэдрэгддэг. Өчигдөр аавтайгаа ярилаа л даа. “Та хоёр юу хийж байна даа” гэхүйд “Тогоо нэрж байна, ээж нь тогоо нэрсэн бүлээн усанд үсээ угаагаад л” гэх нь нэг их сайхан санагдаад явчихсан. Таргийн нэрмэлийнх нь үнэр хамар цоргих шиг болсон. “Өнөөдрөөс хонь хургалж эхэлж байна” гэхэд цаана нь төлийн дуу цангинаад явчихаж байгаа юм.

Аавын минь яриа, ээжийн толгой дээр бүлээн ус хийж байгаа дүр зураг, таргийн нэрмэлийн сэнхийх үнэр, нялх төлийн цангинасан дуу энэ бүхэн эд эсийг минь сэргээх шиг болж би гэдэг хүн гэнэтийн баяр баясгаланд умбаад явчихсан. Ер нь аавын яриа бүтээл туурвилын эх ундарга болдог. Аав хэн нэгний тухай дурсахдаа унасан морь, өмссөн дээл, зан ааш, он сар, үйл явдлыг яг л зохиол шиг хэлдэг. Цагаан сарын дараахан утсаар ярихад ээжид нь аварга саальчин Цэнджав гуайн шагналыг олгохоор болжээ гэж баяр дүүрэн хэлээд “Наян оны Цагаан сараар улсын аварга Цэнджав гуайн баярыг тэмдэглэж морь уралдаж байлаа. Таахай Нанзайн анааш хээр түрүүлдэг юм. Нанзай ах Бавуу Ажаагийн сарх Шаагаагаас худалдаж авсан шарвандуухан сүүлтэй, гөхөлтэй арилжаа хээр морийг уначихсан салхи татуулан ханхалзаж байлаа. Уралдааны морьдыг Чингийн булангаас урагш эргүүлж, одоогийн Зундуйн Дорж ахын хөшөө байгаа тэр налуу дээр барьж байв. Аймгийн дарга нарын УАЗ-69 дүүрчихсэн мөн ч сүртэй баяр болсон. Улсын аваргын улаан халзтай эрээн гэрийг Зэндмэнэ толгой дээр барьчихсан байлаа” гэх нь тэр.

Мэддэг хүнд бол тухайн баярын дүр зураг шууд нүднээ бууж ирнэ. Нанзай арилжаа хээр морьтойгоо гэхэд болмоор санагдана. Тэгэхэд Бавуу Ажаагийн сарх Шаагаагаас авсан шарвандуухан сүүлтэй гэж нарийн тодотгож байгаа юм. Аавтайгаа ярихад нялх төлийн дуутай, шарга ангирын ганганаатай Хөшөөтийн голын минь хавар тэр чигтээ сэтгэлд бууж ирдэг нь нэн сайхаан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *