А.Саруул Германд философич мэргэжлээр бакалавр, улс төр судлалаар докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр сүүлийн үед яригдаж байгаа нам яагаад төрийн дээр гарчихав гэдэг талаар ярилцлага өглөө.
-Иргэдийн дунд нам, төрийн дээр гарлаа гэсэн бухимдал газар авч байна. Энэ талаар улс төр судлалд юу гэж үздэг вэ?
-Тийм бухимдал байгаа нь үнэн. Гэхдээ намгүй төр байхгүй л дээ. Хаант засаг, дарангуйлагч төрүүд л намгүйгээр эсвэл нэг намын нэрээр төр байгуулдаг. Ард түмний саналыг нам хэлбэрээ хурааж үзэл бодлыг тусгасан парламент байгуулдаг. Гэхдээ улс төрийн намуудыг хязгаарлах хүчин зүйл Монголд байхгүй болчихоод байгаа юм. Тэр бүү хэл дэлхий даяар улс төрийн намууд хямарч байна. Намууд өөрсдөө дэндүү их давуу эрх эдэлдэг болсон. Албан тушаал хуваарилах, санхүүгийн бүх асуудлыг шийдэх гэх мэт. Улс орны бүх асуудлыг нам шийдээд байхаар иргэд төр юуг шийдэж байна гэсэн асуулт тавьдаг. Хуулиар шийдэгдэх асуудлыг намын дарга нар шийдээд эхэлдэг. Өөрөөр хэлбэл нам хуулиас өндөр эрх эдэлж байна гэсэн үг.
-Жишээ байна уу?
-Жишээлбэл төрийн албан хаагч тогтвортой ажиллах ёстой гэсэн хууль, тендерийг хэнээс ч хараат бусаар шалгаруулах хууль бий. Гэтэл Засгийн эрхийг авсан нам хуйгаар өөрчлөнө. Тендер хэн авахыг тухайн шатны эрх баригч намынхан л шийддэг болсон.
-Бусад орнуудад ямар байдаг вэ?
-Өндөр хөгжилтэй орнуудад ч улс төрийн намуудад асуудал үүсч байна. Гэхдээ хуучин социалист лагерийн орнууд, баялаг ихтэй буурай хөгжилтэй орнуудад нам нь ард түмний хүсэл илэрхийллийг илтгэгч, эрх ашгийг хамгаалагч гэхээсээ нам нэртэй хэсэг, бүлгийн эрх ашгийг хамгаалагч болж хувирсан. Ийм бүлэглэлүүд засгийн эрх барихаараа ард түмний төлөө биш, бүлэглэлийнхээ эрх ашгийг хамгаалсан бодлого хэрэгжүүлдэг учраас ард түмэн дургүйцлээ илэрхийлж эхэлдэг. Энэ тохиолдолд ард түмэн намуудыг улс төрийн жуулчид гэж хардаг.
-Намуудын нэр хүнд унахад ямар муу үр дагавар гардаг вэ?
– Муу үр дагавар нь зөвхөн буурай хөгжилтэй орнуудад гардаггүй. Өндөр хөгжилтэй орнуудад ч харагдаж байна. Улс төрийн намуудын нэр хүнд унахаар популистуудад томоохон орон зай гарч ирдэг. Популистууд төрийн эрхэнд гарахдаа бас өөрийн гэсэн багтай гарч ирнэ. Эргээд л намуудын бодлогоо хэрэгжүүлдэг тогтолцоонд шилжинэ.
-Энэ тогтолцооноос яаж гарах вэ?
-Эхний ээлжинд намуудад хяналт тавих тогтолцоогоо эрүүл болгох хэрэгтэй. Өнөөдөр дэлхийд Швейцарийн улс төрийн систем үнэд орох маягтай болж байна. 2006 оноос Швейцарьт иргэдээ намуудтай эн тэнцүү эрх эдлэх боломж олгож эхэлсэн. Нам иргэдийн шийдвэр гаргах оролцоог тэнцүүлэх ёстой. Гэхдээ оролцоо гэдэг нь иргэн хуралд суугаад намууын гаргах эсвэл гаргасан шийдвэрийг сонсохыг хэлэхгүй. Намууд шийдвэр гаргахад хориг тавих эрхийн тухай ярьж байгаа юм. Швейцарийн иргэд санал хураалт, санал асуулгын эрхээ Үндсэн хуулиндаа баталгаажуулсан байдаг. Манай Үндсэн хуульд шууд ба шууд бусаар сонгох гэсэн заалт байдаг. Гэхдээ шууд гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэг тайлбар байхгүй. Шууд ардчиллын хэрэгжилтийг бид туршаад үзсэн. Маш амжилттай үр дүн гарсан боловч хэрэгжүүлэх боломж гараагүй.
-Хаана туршаад, ямар үр үн гарсан бэ?
-Архангай аймгийн Цахир суманд багийн иргэд нь өөрсдөө багийнхаа дүрмийг баталсан. Орон нутгийн иргэд өөрсдөө удирдлагаа сонгох тухай тэр үед яригдаж байсан. Мал төллөх цагаар нэг багийн 300-гаад хүн цугласан. Энэ бол маш их идэвхтэй байна гэсэн үг. Намууд байнга дээрээс талцуулж ирсэн болохоос иргэд сумынхаа эрх ашиг дээр нэгдмэл байж чаддаг гэдэг нь тэр үед батлагдсан байхгүй юу. Хамгийн гол нь ил тод байдал.
-Яагаад төсөл хэрэгжээгүй вэ?
-Хэрэгжүүлээгүй, зогсоосон. Тэр бүү хэл тэр үед батлагдсан шилэн дансны хууль ч өнөөдөр сураггүй болсон.
-Багийнханд хууль үйлчлэх үү?
– Харин тэрийг ойлгоогүй хүмүүс энэ төслийг дэмжээгүй. Мэдээж Монгол Улсын хуульд бүгд захирагдана. Гэхдээ хуулиар зохицуулаагүй баг, сумын амьдралын олон асуудал байгаа. Түүнийг тухай нутгийн иргэд өөрсдөө шийдэх ёстой. Намын дарга биш. Ингэж байж л тухайн орон нутаг, бүсийн асуудал зөв шийдэгддэг байхгүй юу. Энэ тохиолдолд иргэд намтай тэнцүү эрх эдэлнэ. Хууль зөрчих тухай ямар ч асуудал үүсэхгүй. Хаана худаг гаргах, хадлан хадах, өвөлжих, хаваржих зэргийг хуульчлаагүй биз дээ. Энэ шийдвэрийг намын дарга гаргах ямар хэрэг байгаа юм. Намын оролцох, оролцохгүй зүйлийг хуульчлаад иргэдийн шийдэх эрхийг өгөх тухай асуудал байгаа юм. Нэг ч төгрөгийн зардал гаргахгүй. Маш олон асуудлыг шийдэх боломж байгаа. Сум, багт хүртэл нэг намын дарга гэсэн балай нөхөр нам, нам гэж далжигнасаар байтал иргэдийн амьдрал сүйдэж байгаа учраас л иргэд намыг үзэж чадахгүй болж байна.
-Намууд хууль зөрчиж байгаа жишээ юу байна?
-Дээр хэлсэн. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж байгаа төрийн аль байгууллага байна. Намууд бидний төлөө гэсэн лоозонгоор хууль баталдаг. Монголд өнөөдөр 700-гаад хууль үйлчилж байна. Гэтэл энэ хуулийг хэн яаж гаргасныг бид мэдэхгүй. Эрх биш эрх баригч нам баталсан байх гэсэн таамгаас өөр зүйл байхгүй. Үнэн хэрэгтээ хамгийн том хууль гаргагч эрх баригч нь намын УИХ дахь бүлэг. Тэр нь намын удирдах зөвлөлөөсөө чиглэл авчихсан. Үнэндээ намын Удирдах зөвлөлийн хууль. Удирдах зөвлөл гэдэг нь намын даргын бүлэг. Танаас ямар нэгэн хууль батлахдаа санал авсан тохиолдол байна уу. Хуульд нэг сонгогчийн санал тусаагүй, намын даргын үзэмжээр хууль төрж байхад иргэд төрийн дээр нам гарчихлаа гэсэн дүгнэлтэд хүрэх нь зөв биз дээ. Нийгмээс судалгаа авахгүй, саналыг сонсохгүй хууль батална гэдэг бол нэг хүн, эсвэл хэсэгт бүлэгт зориулсан хууль баталж байгаагын илрэл. Өөрөөр хэлбэл засгийн эрхийг барьсан бүлэглэл өөрсдөдөө зориулж, нууцаар гэнэдүүлж хууль баталж байна гэсэн үг.
-Яаж иргэд хуульд саналаа өгдөг болох вэ?
-Швейцарь, Германд хуулийг гурван жилийн турш хэлэлцдэг. Баталсан хууль хэрэгжитлээ 100 хоног хүлээнэ. Швейцарь 26 мужтай. Долоон муж эсэргүүцсэн тохиолдолд хууль хүчингүй болно.
-Залуучууд сүүлийн үед нам руу ихээр хошуурч байна.
-Тэднийг буруутгах арга байхгүй. Энэ чинь бас намын монополь үүссэнтэй хамаатай. Өндөр боловсролтой залууст ажил олдохгүй, бизнес хийх боломж байхгүй байхад нэг намын даргын жолооч байсан хоёр нөхөр богино хугацаанд маш том компаний захирал болохыг орон даяар харж байна. Гадаадад өндөр боловсрол эзэмшээд ирсэн хүнийг төр урих ёстой байтал нэг үсэг мэдэхгүй шахам амьтны цүнх барих шалгуур тавьж байж ажил өгдөг тогтолцоо бий болсон. Нам дагах, цүнх барих шалгуур төрийн албанд зүтгэх болзол болчихоор захын ёс суртахуунтай хүн ой гутна биз дээ. Эхнэр хүүхдээ тэжээж чадаагүй байж л эх орноо цогцлооно гэсэн уриатай баахан залуусын арми үүслээ. Мэргэжлээсээ хөндийрлөө. Улстөрч ч биш, мэргэжилтэн биш оронцогууд үүслээ. Намууд ингэж л хойч үеэ алж байна.
-Намуудыг яах вэ?
-Би бол тараагаад шинээр бүртгэх ёстой гэж үздэг. Шинээр бүртгэхдээ хөрөнгийг бүртгээд, шаардлагатай бол шалгах хэрэгтэй. Үгүй дээ энэ нам тэндээс олсон тийм хэмжээний хөрөнгөтэй гэж олон нийтэд зарлах хэрэгтэй. Ил тод байдал гэдэг иргэний эрхийг хэрэгжүүлэх хамгийн том хэрэгсэл. Намууд шилэн дансаа олон нийтэд ил тодоор хөтлөх ёстой. Шилэн дансгүй намыг сонгуульд оруулахгүй байх хэрэгтэй.
Х.БАТТГС