Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Нямдолжин: Манай улс одоо хоёр хөрштэйгөө хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болж байна

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, судлаач, доктор А.Нямдолжинтой ярилцлаа.


-Манай улс хоёр хөрштэйгөө эвтэй түнжинтэй байх нь мөнхийн чухал сэдэв. Өнөө цагийн Монгол, Оросын улс төрийн харилцаа, улс төрийн нөлөө, ашиг сонирхол ямар байгаа тухайд судлаач хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол, Оросын харилцаа нь түүхийн явцад бүрэлдсэн, уламжлалт, найрсаг, сайн хөршийн харилцаанд тулгуурлан хоёр талын хүчин чармайлтаар шинэ зууны эхэн үеэс эхлэн сэргэх шатанд орсон гэж дүгнэж болно.Тэр дундаа 2008 он гарсаар Монголын улс төр дэх Оросын оролцоо илт мэдрэгдэж эхэлсэн гэж хэлж болно. Тухайлбал, 2009 онд ОХУ-ын ерөнхий сайд В.Путин айлчилснаас ердөө гурав хүрэхгүй сарын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Монголд айлчилсан билээ.Энэхүү айлчлал нь Оросын тал Монгол дахь нөлөөгөө дахин сэргээх, Монголын орд газруудад уран олборлох Оросын сонирхол нэмэгдсэнтэй холбоотой гэж дүгнэж байна. Тухайлбал, айлчлалын үеэр хоёр орны хооронд “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглал”-д гарын үсэг зурсан ба энэ үеэр байгуулсан гэрээ хэлэлцээр, баримт бичгүүдээс “Цөмийн эрчим хүч, уран олборлолтын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”, “Дорнод уран” хамтарсан үйлдвэр байгуулах тухай хэлэлцээрийг онцлон дурдаж болно. Гэвч Монголын ураны орд газрын лиценз Канад, Хятад гэх зэрэг орнуудын мэдэлд байгаад оросууд эмзэглэж, Монголын Засгийн газартай хамтран нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж, энэхүү төсөлд давуу эрхтэй оролцохыг чухалчилж байв. 2019 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны хооронд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г хугацаагүйгээр байгуулснаар хоёр улсын харилцааны хүрч болох хамгийн дээд түвшний харилцаанд хүрсэн гэж хэлж болно. 2014 онд Монгол, Хятад хоёр улс харилцаагаа “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаанд шилжүүлэн хөгжүүлэх болсноор түншлэлийн харилцааны хамгийн өндөр түвшинд хүрээд байсан. Нөгөө талаас Монгол Улсын “Гадаад бодлогын үзэл баримтлал”-д “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд эдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж тунхагласан байдаг. Эндээс харахад ч тэр Монгол-Оросын харилцаа, Монгол-Хятадын харилцааны түвшнээс хоцорч байсан бол одоо хоёр хөрштэйгөө хоёулантай нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болж байна.

-Хоёр улсын хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн харилцаанаас Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа руу шилжсэн. Энэ хооронд хоёр улсын харилцаанд ахиц дэвшил гарсан зүйл байна уу?

-Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2009 оноос Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2019 он хүртэлх өнгөрсөн 10 жилийн хоёр орны харилцааг харахад 2014 оноос хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсныг эс тооцвол тодорхой хэмжээний ахиц гарсан зүйл харагдахгүй байна. ОХУ Монголын эдийн засагт нөлөө үзүүлэхүйц нэг ч шинэ үйлдвэрийн газар байгуулаагүй, дорвитой шууд хөрөнгө оруулалт хийгээгүй байгаа нь түүний геополитикийн зорилт болон их гүрний байр суурьтай нь харьцуулахад чамлалттай үзүүлэлт юм.Учир нь Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжих нь эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжөөс шууд шалтгаална.Улс хоорондын харилцааны практикт дээд түвшинд улс төрийн тохиролцоо хийгдэж, стратегийн түншлэлийн үндэс суурь тавигддаг. Харин бодит үр ашиг нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжсөнөөр илэрдэг.Тиймээс Монголын нутгаар дайруулан хийн хоолой тавих, Монгол дахь төмөр зам, уул уурхай, эрчим хүч, нефть боловсруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах шаардлага тулгарч байна.

-Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 2019 онд ОХУ-д айлчилсан. Энэ айлчлалын үр дүнд томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр яригдсан. Энэ айлчлалын хүрээнд яригдсан ажлууд цаашид хэрхэх бол?

-Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар 20 гаруй жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах талаар яригдаж эхэлсэн нь нааштай эхлэл юм. Гэхдээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон энэ цаг үеэс эхлэн, гаргасан шийдвэрүүдээ ажил хэрэг болгож, харилцан ашигтай төсөл хэрэгжүүлэхэд Монголын талаас юунд анхаарах вэ гэдэг бас л бодох асуудал.Учир нь Монголын талын удирдлагын тууштай бус бодлого шийдвэр, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын томоохон ордыг эзэмших болон гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль эрх зүйн орчны байнгын өөрчлөлт, Монголын улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь хоёр талын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна гэж харж байна.

-Орос, Монголын хамтарсан “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг Монголын тал 100 хувь авсан энэ асуудалд оросууд ямар байр суурьтай байсан гэж үзэх вэ?

-Хоёр улс 1970-аад оноос зэсийн томоохон төслийг хэрэгжүүлэхдээ “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийг Монголын талын 49 хувь, Оросын талын 51 хувийн эзэмшилтэйгээр анх байгуулсан түүхтэй. ЗХУ задрахаас ердөө хоёр сарын өмнө буюу 1991 оны зун талууд зэсийн төслийн хэлэлцээрийг шинэчлэхдээ Монгол 51 хувь, Орос 49 хувийг эзэмшихээр болсон билээ. Энэ л үеэс талууд хамтарсан үйлдвэр дэх өөр өөрийн хувь эзэмшлийг нэмэгдүүлэх гэж далдхандаа “өрсөлдөж” ирсэн нь нууц биш бөгөөд аль аль талын хувь эзэмшил өөрчлөгдөлгүй өнөөг хүрсэн юм. Орос улсын хувьд иргэний болон цэргийн өндөр технологийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох стратегийн зорилготойгоор 2007 оны сүүлчээр төрийн өмчит “Ростехнологи” корпорацийг байгуулсан билээ. Ингэхдээ В.Путины шийдвэрээр корпорацийн шууд мэдэлд “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувь очсон юм.Тухайн үед Оросын хэвлэл мэдээллүүд “Ростехнологи”- ийг зэсийн олборлолтоороо Азидаа тавдугаарт орох үйлдвэрийн хувь эзэмшигч боллоо” хэмээн онцолж байлаа. Гэвч тус үйлдвэрийн зэсийн баяжмал Орос руу биш, Хятад руу гардаг бөгөөд Монгол Улс “гэнэтийн ашгийн татвар”-тай болсноор Оросын тал алдагдал хүлээх болж, “Эрдэнэт” хамтарсан үйлдвэр уг хуулийн дагуу 400 сая доллар төлснөөс болж Орос улс 196 сая ам.долларын алдагдал хүлээж байв. Эдгээр хүчин зүйлс нөлөөлсөн байж болох талтай ч ямартаа ч 2016 онд Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг эзэмшиж байсан Оросын “Ростех” корпораци өөрийн эзэмшлийн бүх хувьцааг Монголын хувийн хэвшлийн компанид худалдсанаар Орос улс Монголын зах зээлээс гарсан. Одоо тавь, тавин хувийн эзэмшилтэй “Улаанбаатар төмөр зам”-ыг эс тооцвол Монгол Улс дахь Оросын геоэдийн засгийн ашиг сонирхол үгүй болсон гэж харж болохоор байна. Дэлхийн томоохон нүүрсний орд болох Таван толгойг Монголын төмөр замын төв шугамтай холбож өгөх, төмөр замыг шинэчлэх, хариуд нь ашигт малтмалын мега төслүүд, тухайлбал, Асгатын мөнгөний орд, Таван Толгойн нүүрсний орд Дорнодын ураны ордыг ашиглахад оролцох оролцоогоо баталгаажуулах оролдлогыг Оросын тал хийсэн хэдий ч одоогоор ямар ч амжилт олоогүй байгаа явдал нэг талаас Зөвлөлтийн үеийн нөлөөнд дулдуйдсан бодлого, нөгөө талаас өнөөг хүртэл Монголын талаарх алдаатай төөрөлдсөн стратегийн бодлоготой нь холбоотой юм. Орос улс Монголын уул уурхайн салбарт чухал тоглогч болох давуу эрх олж авна гэдэгт итгэл дүүрэн байсан нь Зөвлөлтийн үед оросууд хайн судалсан, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан гэдэгтээ илүү найдвар тавьж байсанд оршино.

-Дорнод Монгол хүртэл сунгаж тавьсан төмөр замын ажилд хоёр тал хэрхэн ач холбогдол өгч, ямар байр суурьтай байгаа тухайд тодруулахгүй юу?

-Оросын хувьд төмөр замыг Дорнод Монгол хүртэл сунгаж тавьснаар Монгол дахь нөлөөгөө сулруулахгүй хэвээр хадгалах сонирхолтой байна гэж харагдаж байна. Түүнчлэн ОХУ “Төмөр замын тээврийг 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги”-ийг баталж, Транссибирийн төмөр замыг шинэчлэн барихаар төлөвлөж байгаа бөгөөд Оросын Евразийн нутгийг дамнасан транзит тээврийн маршрутыг тогтоож, Оросын Сибирь болон Алс Дорнодын бүс нутгийн төмөр замын тээвэрлэх чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Монголын төмөр замын 50 хувийг эзэмшдэгийн хувьд “Оросын төмөр зам” ХНН төмөр замын үйл ажиллагаанд онцгой эрх үүрэгтэй оролцдог. Монголын Зам, тээврийн яам “Оросын төмөр зам” ХНН-тэй 2014 оны хоёрдугаар сараас эхлэн хэлэлцээ хийж, “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр”-ийн төслийг бэлтгэн, 2014 оны есдүгээр сарын 3-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр баталгаажуулсан. Хэлэлцээрээр “УБТЗ” ХНН-ийн төмөр замын сүлжээг анх удаа эдийн засгийн үндэслэлтэй үндсэн дөрвөн чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх, жилд 100 сая тн хүртэл ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгох, төмөр замыг цахилгаанжуулах, хос болгох, Салхит-Эрдэнэтийн салбар төмөр замын шугамыг баруун хойд чиглэлд үргэлжлүүлэн Монгол Улс, ОХУ-ын хилд хүргэж, ОХУ руу төмөр замын шинэ гарц нээх, улмаар ОХУ-ын Тува улсын Кызылтэй холбосноор ОХУ-ын уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д гаргах шинэ замнал бий болгох, Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, “Богдхан” төмөр замыг барих, Монголын баруун бүс нутгаар дайран өнгөрөх босоо чиглэлийн шинэ коридор байгуулах талаар хамтран ажиллахаар тохиролцсон. Түүнчлэн тус айлчлалын үеэр Монголын эдийн засагт өндөр ач холбогдолтой хэд хэдэн тохиролцоонд хүрсэн.Тухайлбал, Монгол Улс БНАСАУ дахь ОХУ-ын хөрөнгө оруулалттай Ражин боомтод хувь эзэмшиж, хамтран ашиглах тохиролцоонд хүрсэн нь Монгол Улс анх удаа өөрийн далайн боомттой болох боломжийг бий болгосон юм. Мөн Орос, Монгол, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх Оросоос Хятадыг чиглэсэн ачаа тээврийн хэмжээг 2020 онд 20 сая тоннд хүргэхээр тохиролцсон. Дээрх хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Монгол, Орос хоёр талын ажлын хэсгийн анхны хамтарсан хурал 2015 оны арванхоёрдугаар сарын 7-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан.Айлчлалын үеэр тохиролцсон гэрээ хэлэлцээрүүдийг ажил хэрэг болгоход хоёр талын хүчин чармайлт дутмаг байгаа ч ОХУ-ын зүгээс ялангуяа төмөр замын шинэчлэлтэй холбоотой гэрээ хэлэлцээрүүд хөрөнгө мөнгө, санхүүжилтээс шалтгаалах учир хэрэгжихгүй байгаа тал бий гэж харж байна.

-Оросын тал манай улсын уул уурхайд давуу эрхтэй оролцох сонирхолтой байгаагаа хэрхэн илэрхийлж, ямар алхмууд хийгдэж байв гэдэг дээр та тодруулахгүй юу?

-ОХУ-ын томоохон санхүү, үйлдвэрлэлийн том бүлэглэл, корпорациуд Таван толгойн нүүрсний орд, Оюу толгойн зэс, алтны ордод хөрөнгө оруулалт хийж оролцох сонирхлоо илэрхийлж ирсэн. Монгол Улс 1998 оноос хойш ОХУ, БНХАУ-тай дамжин өнгөрөх тээврийн асуудлаар гурван талын ерөнхий хэлэлцээр байгуулахаар хэд хэдэн удаа яриа хэлэлцээр хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй байв. Харин 2018 оны зургадугаар сарын 8-нд Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулан ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд ОХУ-ын нутгаар дамжин тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх болж байгаа харагдаж байгаа. Ийнхүү арван жилийн дараа Орос өөрийн нутгаар транзитын хямд, тогтвортой үнээр тээврийн коридор нээлээ.Олон улсын зах зээлд нүүрсний ханш түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн цаг үед Монголын тал ОХУ-д санал тавьж, РЖД тэргүүтэй Оросын цөөнгүй компаниуд дэлхийн уул уурхайн том компаниудтай Таван толгойн ордын төлөө өрсөлдөж байсан юм. Дэлхийд нүүрсний төслүүд анхаарлаас алсарч, түүхий эдийн үнэ цэнэ нь буурч байгаа одоо цагт 4000 км замыг туулах тарифын хөнгөлөлт монголчуудад шууд ашиг тусаа өгөх нь цаг хугацааны асуудал юм. Нөгөөтэйгүүр өөдрөгөөр харвал Монгол Улсын уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг хангах, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой юм. Юутай ч УБТЗ нь Орос, Хятад гэсэн том зах зээлийг холбосон транзит тээврийн зангилаа болж, өрсөлдөх чадвар нэмэгдэхийн зэрэгцээ хил, гааль, логистик, терминалын үйлчилгээг сайжруулснаар Евразийн геополитик, тээврийн интеграцид өөрийн орны байр суурийг бэхжүүлэх, зах зээлээ тэлэх, ачаа тээвэрлэлт өсөх, үр ашиг нь нэмэгдэх боломж нээгдэх юм. Үүний дагуу Монгол Улс ОХУ-аар дамжуулах нүүрсний тээвэрт 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт эдлэх үүд хаалга нээгдээд байна.Гол нь дотооддоо хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төмөр замын төслүүдээ гацаанаас гаргаснаар гуравдагч зах зээлд гарах гарцын асуудал яригдах нь дамжиггүй.Түүнчлэн Оросын талын шийдвэрийг хүлээгээд удаж буй төмөр замын эрх зүйн шинэчлэлийн стратегийн асуудлыг дээрх тохиролцоонд хүрсэн шинэ төмөр замын төслүүдтэй нэгэн зэрэг боловсруулан шинэчлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *