Энэ сарын 23-ны өдөр Оросын 122 хотноо сөрөг хүчний удирдагчдын нэг А.Навальныйг суллахыг шаардсан жагсаал өрнөсөн. Хэв журам сахиулагчид жагсаалыг хүчээр тараахыг оролдсон агаад энэ үеэр үймээн дэгдсэн билээ. Тухайн үед эмх замбараагүй байдалд турхирсан гэх хэргээр дөрвөн мянга орчим хүнийг саатуулсан тухай мэдээлж байв.
Баривчлагсдын дунд хүүхэд, залуучуудаас гадна сэтгүүлчид олноороо өртсөн. А.Навальныйгийн штабаас хууль бус жагсаалаа долоо хоногийн дараа дахин үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн удаатай. Үүний дагуу өнгөрсөн ням гаригт ОХУ-ын нийслэл Москва болон бусад хотод жагсаал болсон байна. Гэхдээ энэ удаад жагсаалд хамрагдагсдын тоо цөөн байсан. Жагсаалын үеэр иргэдийг олноор нь саатуулсан талаар орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Оросын эрх баригчдын зүгээс цар тахлын улмаас хөл хорио тогтоосон үед жагсаал цуглаан хийх нь хууль бус бөгөөд хүчээр тараахад бэлэн гэдгээ илэрхийлж байв.
Олон нийтийн сүлжээгээр жагсаалд нэгдэхийг уриалсны дараахан хүчний байгууллагынхан аюулгүй байдлыг хангах үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд байжээ. Жагсаал өрнөхөөс сэргийлэн Москва хотын эрх баригчид метроны гол долоон өртөөг хаасан байна. Мөн явган зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим газарт төмөр хаалт бүхий хашлага тавьсан талаар Москва хотын Дотоод хэргийн яамны ерөнхий газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Түүнчлэн, хотын зарим дэлгүүр, кафег хааж, согтууруулах ундаа болон шилэн савлагаатай ундаа зарахыг хориглосон аж. Мөн хууль бусаар жагсаал, цуглаан хийх болон оролцохыг уриалбал Эрүүгийн хуулийн зүйл ангиар хариуцлагад татагдахыг иргэддээ анхааруулжээ.
Оросын сөрөг хүчний тэргүүн А.Навальный нь өдгөө Москва хотын “Матросская тишина” саатуулах байранд хоригдож буй. Тэрбээр дэмжигчдэдээ хандан “Жагсаал цуглаанд оролцоцгоо, юунаас ч битгий ай. Хэн ч хүчирхийлэл, авлига ноёрхсон оронд амьдрахыг хүсэхгүй” гэж уриалжээ.
Тэрээр өнгөрсөн наймдугаар сард онгоцонд сууж явахдаа бие нь муудсанаас онгоц ослын буулт хийсэн. Хожим түүнийг хордуулсан нь тогтоогдсон. Тэрээр А.Навальный ХБНГУ-д эмчлүүлж байгаад таван сарын дараа нутаг буцахаа мэдэгдсэн. Гэвч түүнийг нисэх онгоцны буудалд газардах үед нь саатуулан хорьсон билээ. Учир нь Оросын шүүхээс түүний тэнсэн харгалзах ялын хугацаа дуусаагүй байхад хил давсан гэх үндэслэлээр нэгдүгээр сарын 18-нд баривчлах шийдвэр гаргасны дагуу ийн саатуулсан юм.
Сануулахад, А.Навальныйгийн Авлигатай тэмцэх сангийн YouTube цахим сүлжээнд өнгөрсөн долоо хоногт “Путинд зориулсан ордон” нэртэй эрэн сурвалжлах баримтат бичлэгийг байршуулсан. Уг видеог 100 сая гаруй хүн үзжээ. Дүрс бичлэгт онцолсноор В.Путин Хар тэнгисийн эрэг дээр харш барихдаа 1.1 их наяд евро зарцуулсан гэжээ. Харин Оросын тэрбумтан, бизнесмэн Аркади Ротенберг бямба гаригт В.Путины нууц харш гэгдээд буй цогцолборыг өөрийн эзэшмлийнх нь гэж мэдэгджээ. Тэрээр Оросын төрийн тэргүүний эртний найз агаад жүдогийн хамтрагч нь аж.
Тэрбээр дээрх харшийг хоёр жилийн өмнө худалдаж авсан хэмээн тайлбарлажээ.
Д.ЦЭРЭНДОЛГОР