Өнгөрсөн есдүгээр сарын 24-ны өдөр ХБНГУ-д Бундестагийн сонгууль болж өнгөрсөн билээ. 19 дахь удаагийн парламентын сонгуулиар Германы канцлерийн тэргүүлдэг Христосын Ардчилсан нам хамгийн олон буюу 33 хувийн санал авсан. Ийнхүү дөрөв дэх удаагаа ялалт байгууллаа. Христосын Ардчилсан нам нь Христосын Нийгмийн холбоотой хамтран сонгуульд орсон. Гэхдээ тэднийг эвсэл хэмээн нэрлэж болохгүй. Учир нь өөрсдийгөө “Чөлөөт улс” хэмээн нэрлэхийг ихэд эрхэмлэдэг Бавари мужид тус намыг Христосын Нийгмийн холбоо хэмээн нэрлэдэг бөгөөд үнэндээ энэ нь улс төрийн нэг хүчин.
ХБНГУ-ын Засгийн газрыг А.Меркель цаашид ч тэргүүлэн ажиллана. Бундестагийн сонгуулийг сурвалжлахаар очсон гадаадын сэтгүүлч биднийг санал хураалтын өмнө байдал ямар байгаа талаар нэлээд хэдэн судлаачид, эрдэмтэдтэй уулзуулж ярилцах боломж олгосон юм. Тэдний нэг нь Касселийн их сургуулийн нийгмийн шинжлэх ухааны факультетийн багш, доктор О.Д’Антонио энэ чиглэлээр хийсэн судалгаагаа танилцуулахдаа сурталчилгаа хэрхэн явагдаж байгаа, аль мужид ямар намыг илүүд дэмждэг зэргийг дурдаж байлаа. Нийгмийн судалгаа, статистик дүн шинжилгээний “Forsa” нийгэмлэгээс сүүлийн нэг сарын хугацаанд хэд хэдэн урьдчилсан санал асуулга явуулсан бөгөөд түүний дүнгээр А.Меркелийн нам тэргүүлж байгааг хэлсэн. Хамгийн сүүлд буюу сонгуууль болохоос дөрвөн хоногийн өмнө явуулсан санал асуулгаар А.Меркелийн нам 36 хувийн санал авсан. Ердөө хэдхэн сарын өмнө дэмжигчийнхээ тоогоор тэргүүлж байсан Германы Социал Демократ нам яагаад гэнэт түүхэндээ байгаагүй бага санал авсан зэргийг онцлов.
Сөрөг хүчин болсон улс төрийн хүчин эцсийн мөч хүртлээ ялалт байгуулахын төлөө тэмцсэн. Сонгуулийн хаалтын ажиллагаагаа Берлин хотын төвд Жандарменмарктэд болж түүнийг үзэх боломж тохиосон юм. Тус намын дарга М.Шульц уг арга хэмжээг хааж үг хэлэхдээ мөрийнхөө хөтөлбөрт юуг илүүд онцолсон болохоо ч тайлбарласан. Нийгмийн эрх тэгш байдал, боловсрол, тэтгэвэр, тэтгэмж зэрэгт илүү анхаарал хандуулна гэдгээ ч хэлсэн.
Санал хураасан өдрийн орой Германы бүх намууд “Wahlparty” буюу сонгуулийн үдэшлэг хийдэг уламжлалтай. Үүнийг үдэшлэг гэхээсээ илүү сонгуулийн дүнг хүлээх мөч гэж болно. Энэ өдөр Германы Социал Демократ намын байранд очсон бөгөөд энд тэнд дэлгэцүүд байрлуулж сонгуулийн дүнг шууд дамжуулж байлаа. 22.00 цаг гэхэд Германы Социал Демократ нам ялагдал хүлээсэн нь тодорхой болж М.Шульц мэдэгдэл хийв. Тэрээр намын байранд нь цугларсан хүмүүсийн өмнө гарч ирээд “Өнөөдөр Германы социал демократ үзэлтнүүдийн хувьд маш хүнд, гашуун өдөр байлаа” гээд ялсан намтай эвсэл байгуулахгүй, хамгийн хүчтэй сөрөг хүчин болж, цаашид ч намын даргын албыг хашина гэдгээ хэлсэн.
Социал Демократуудыг германчууд дэмжихээ болив уу, эсвэл намынх нь сонгуулийн мөрийн хөтөлбөрт байв уу. Улс орны эдийн засаг, цагаачдын асуудал, ажилгүйдэл зэрэг нь өнөөдөр германчуудын хувьд хамгийн чухал асуудал. Гэтэл Германы Социал Демократ нам нь нийгмийн эрх тэгш байдлыг тогтооно гэсэн уриатайгаар өрсөлдсөн юм. Чухам яаж эрх тэгш байдлыг тогтооно гэдгээ мөрийнхөө хөтөлбөрт тодорхой тусгаж чадаагүй гэсэн шүүмжлэл ч нэлээд байсан. Ер нь ялагдах шалтгаан нь мундахгүй олон байсан. Санал хураалтын дүн гарсаны маргаашнаас л Социал Демократууд яагаад олны дэмжлэгийг хүртэж чадаагүй талаар судлаачид ярих болсон. Тус нам нь түүхэндээ анх удаагаа 21 хувь хүрэхгүй санал авсан нь хамгийн муу үзүүлэлт байсан. 2013 оны сонгуулийн дараа тус нам нь А.Меркелийн тэргүүлдэг улс төрийн хүчинтэй эвсэл байгуулан Засгийн газарт орсон нь бас нэгэн алдаа болсон аж.
Энэ удаагийн сонгуульд Германы Альтернатив нам нь маш том амжилт гаргасан юм. Тус улс төрийн хүчин нь авсан саналынхаа тоогоор гуравдугаарт орсон. Хэсэг хугацаанд Бундестагт суудал авч чадахгүй байсан намын хувьд 13 хувийн дэмжлэг авна гэдэг маш том амжилт байлаа. Хамгийн сонирхолтой Христосын Ардчилсан намыг дэмжиж байсан сонгогчид ч тэдний төлөө саналаа өгсөн гэдэг.
Христосын Ардчилсан нам дахин засгийн эрхийг барьж А.Меркель дөрөв дэх удаагаа Засгийн газрыг тэргүүлэн ажиллана. Зүүн Германаас гаралтай, канцлер асан Х.Колийн дэмжлэгтэйгээр гарч ирсэн тэрээр улс төрийн өндөрлөгт хамгийн удаж буй улстөрчдийн нэг. Тус нам нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад маш бага санал авсан хэдий ч өрсөлдөгчдөөсөө илт давуу дэмжлэг хүртсэн. Германы улс төрд түүн шиг олонд танигдсан улстөрч үгүй. Түүн шиг лидер ч байгаагүй гэхэд хилсдэхгүй болов уу. А.Меркельтэй өрсөлдөхүйц улстөрч нь М.Шульц байсан. Харамсалтай нь канцлер шиг олонд танигдаж хараахан амжаагүй улстөрч. Түүнээс гадна хамгийн сүүлчийн шийдвэрлэх мэтгэлцээнд илт ялагдал хүлээсэн.
12 жил канцлерийн албыг хашиж, нэг сая гаруй цагаачийг зөвхөн Европын Холбоотой тохиролцсоны үндсэн дээр хүлээн авсан хэмээн шүүмжлүүлж байсан А.Меркель шинэ эвсэл байгуулж Засгийн газраа бүрдүүлэх ажлыг Зул сарын баяраас өмнө амжуулна гэдгээ амласан. “Ямайка” хэмээн нэрлэсэн шинэ эвсэл байгуулахаар болсон талаар сонгууль болсны маргаашаас яригдах болсон. “Ямайк” гэдэг нь Христосын Ардчилсан нам, Альтернатив нам, Чөлөөт ардчилсан нам гурвын эвсэл юм. Тус намуудын бэлгэдэл болсон гурван өнгө нь Ямайкийн төрийн далбаанд ордог тул ийнхүү нэрлэжээ.