Categories
гадаад мэдээ

А.Лукашенког хам гэмт хэрэгтэн гэж зарлав DNN.mn

Европын парламент А.Лукашенког Украины эсрэг үйлдсэн Оросын гэмт хэргийн хамсаатан гэж албан ёсоор зарлав. Европын парламент Беларусийн нөхцөл байдлын тухай тусгай тогтоол баталж, тус улсын “де-факто” удирдагч Александр Лукашенко болон түүний доод албан тушаалтнуудыг Оросын арми Украинд бүрэн хэмжээний цэргийн дайралт хийсэн гэмт хэргийн хамсаатан гэж тодорхойлон шийдвэр гаргасан байна.

Европын парламентын цахим хуудсанд нийтлэгдсэн баримт бичигт “Украины эсрэг Оросын үндэслэлгүй, түрэмгий дайн хийх нөхцөлийг хангаснаар Лукашенкогийн дэглэм Оросын үйлдсэн гэмт хэргийн хамсаатан болсон” гэж тэмдэглэжээ. Мөн “Энэ нь Украинд учирсан сүйрэл, хохирлыг хамт хариуцна гэсэн үг юм” гэж уг тогтоолд онцлон тэмдэглэсэн байна.

Үүнтэй холбогдуулан “Оросын Украины эсрэг үйлдсэн түрэмгийллийн гэмт хэргийн олон улсын тусгай шүүх нь зөвхөн Путин болон Оросын цэрэг-улс төрийн удирдлага төдийгүй Беларусийн удирдагчдыг шалгах эрх мэдэлтэй байх ёстой” гэж Европын парламентын гишүүд тэмдэглэжээ. Мөн Европын парламентчид Европын холбоо болон Европын холбооны улс орнуудад хандан түрэмгийллийн гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, Украины эсрэг үйлдсэн геноцидын гэмт хэрэгт холбогдсон Беларусийн албан тушаалтнуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдлыг баталгаажуулахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авахыг уриалсан байна. Энэхүү тогтоолд Беларусийн эрх баригчид Оросын армийг нутаг дэвсгэртээ байлгахыг зөвшөөрч, сум, техник хэрэгслээр тусалсан гэдгийг тусгажээ. Мөн нэмж дурдахад тэд “Вагнерын PMC”-ийн дайчдыг тус улсад нэвтрүүлэхийг зөвшөөрч, Украины Зэвсэгт хүчний ангиудыг байлдаанд оролцохыг хязгаарлах зорилгоор Украины хилийн ойролцоо өөрийн улсын цэргийг байршуулсан гэж уг баримт бичигт тэмдэглэжээ. Беларусийн эрх баригчид бас Украины хүүхдүүдийг албадан гаргахад оролцож, тэдний заримыг “Беларускали” компанийн эзэмшдэг Беларусийн Дубрава зусланд байршуулсан гэдгийг дурдсан байна. Иймээс Европын парламент Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхээс Лукашенког Владимир Путин, ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн комиссар Мария Львова-Белова нарын нэгэн адил баривчлах шийдвэр гаргах ёстой гэж үзсэн байна.

Лукашенкогийн дэглэм ОХУ-ын үйлдсэн гэмт хэргийн хамсаатан болохын хувьд Украинд учруулсан сүйрэл, хохирлын хариуцлагыг хамтран хүлээнэ гэж уг баримт бичигт мөн онцлон тэмдэглэжээ.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *