Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Эрдэнэцогт: УИХ өөрийн эрх мэдлээ нэмээд байвал эрх мэдлийн тэнцвэрт байдал алдагдаж бүгдийг шийддэг, хянадаг хүч болж хувирна

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн ухааны доктор профессор А.Эрдэнэцогттой ярилцлаа.


-Саяхан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг хүртсэнд тань баяр хүргэе. Та нутаг ус, аав ээжийгээ танилцуулахгүй юу?

-Би Архангай аймгийн Төвшрүүлэх сумын хүн. Хуучин Төвшрүүлэхийн сангийн аж ахуй гэж атрын ууган сангийн аж ахуйнуудын нэг, тэр суманд төрж өссөн. Аав Д.Адилбиш Архангай аймгийн Их тамир сумын уугуул. Залуу насандаа Төвшрүүлэх суманд ирж ажил амьдралынхаа гарааг эхэлж миний ээж Д.Марусъятай гэр бүл болсон. Ээж маань Төвшрүүлэх суманд төрж өссөн. Аав жолооч, гагнуурчин мэргэжилтэй насаараа Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд жолооч, гагнуурчин, тоо бүртгэгч, нярав зэрэг ажлуудыг хийж явсан сум орондоо нэр хүндтэй хүн байсан. Ээж маань мөн насаараа тус сангийн аж ахуйн ажилчны клуб, сумын номын санд ажилчин, үйлчлэгчээр ажилласан ажилч хичээнгүй, цэвэрч нямбай хүн байсан. Эргээд бодоход үр хүүхэд биднийгээ багаас ажил хөдөлмөрт дуртай, эхэлсэн ажлаа заавал дуусгадаг зан чанар суулгах гэж мэрийн зүтгэж байж дээ.

-Таны ажил амьдрал МУИС-тай салшгүй холбоотой юм. Гэхдээ нэг хэсэг төрсөн нутагтаа ажиллаж байсан юм билээ. Энэ талаар сонирхуулаач?

-Би 1987 онд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Ингээд 1990 онд Хууль Цаазны Дунд Сургуулийг, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Үүний өмнө 1990 онд Төвшрүүлэх сумандаа АДХ-ын ГЗ-нд байцаагч, улсын байцаагчаар ажиллаж байгаад 1992-1995 онд сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан. Үүнээс хойш миний ажил амьдрал үндсэндээ МУИС-тай салшгүй холбоотой. Их сургуульдаа багшаас эхлээд ахлах багш, тэнхимийн эрхлэгч гээд удирдах албанд өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Мөн Монголын Хуульчдын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүний сонгуульт албан тушаалыг тус тус хашиж байна.

-Таныг Хууль зүйн ухаанд Захиргааны процессын эрхзүй гэдэг шинэ чиглэлийг гаргаж ирж, өнөөгийн түвшинд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг?

-Өнгөрсөн хугацаанд Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрхзүйн чиглэлээр сургалт, судалгааны ажил голлон эрхэлж ирлээ. Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаанд Захиргааны процессын эрх зүй гэдэг шинэ салбарыг үндэслэн хөгжүүлж, үндэсний бие даасан салбар эрх зүй болгон хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг минь төр өндрөөр үнэлж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг хүртээсэн болов уугэж бодож байна. Миний хийсэн бүтээснийг ийнхүү үнэлсэнд баяртай байна.

-Захиргааны эрхзүй гэдэг их өргөн хүрээтэй салбар. Тэр дундаа Захиргааны процессын эрхзүй гэсэн ойлголт гарч ирснээр энэ салбарт ямар өөрчлөлт гарсан бэ?

-Хууль зүйн шинжлэх ухаанд Үндсэн хуулийн эрх зүй, Эрүүгийн эрх зүй, Иргэний эрх зүй, Захиргааны эрх зүй гэсэн үндсэн дөрвөн салбар бий. Энэхүү суурь салбарууд дотроо материаллаг болон процессын эрхзүй гэж хоёр хуваагддаг. Жишээлбэл, Эрүүгийн эрхзүй, Эрүүгийн процессын эрхзүй гэж. Захиргааны эрхзүй үүн шиг л задарна. Захиргааны материаллаг эрхзүйн салбарын тухайд гэвэл Б.Чимэд багш 1970-аад оны эхээр, 1988 онд “Захиргааны эрхзүйн ерөнхий ангийн сурах бичиг”-ийг анх зохиож захиргааны материаллаг эрхзүйн чиглэлийг хөгжүүлсэн байдаг. Харин тухайн үед Захиргааны процессын эрхзүйн салбар зөв гольдролоор хөгжих боломж, бололцоо хаагдмал байсан. Монгол Улс захиргаадалтын дэглэмтэй байсан учраас эх газрын эрхзүйн хэв маяг болон захиргааны шүүх хөгжсөн улс орнуудтай адил түвшинд авч үзэх боломжгүй байсан нь мэдээж. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдснаар Захиргааны процессын эрхзүйн салбар жам ёсоор хөгжих нийгмийн зайлшгүй шаардлага гарч ирсэн. Би энэ чиглэлээр түлхүү ажиллаж “Захиргааны процессын эрхзүй” хэмээх анхны сурах бичгийг 2006 онд гаргасан. Энэ бол их, дээд сургуульд хэрэглэгдэх анхны сурах бичиг болсон гэдгээрээ онцлогтой. Одоо ч энэхүү сурах бичиг хууль эрхзүйн чиглэлийн их, дээд сургуулиудын гол сурах бичиг болж ашиглагдаж байгаа. Үүнээс гадна тухайн үеийн Дэлхийн банкны хөтөлбөрөөр “Шүүх эрхзүйн шинэчлэл” хөтөлбөр хэрэгжиж байсан бөгөөд Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтраад Захиргааны процессын эрхзүйн салбарын хичээлийн хөтөлбөр, гарын авлага зэргийг хэвлүүлэн хууль зүйн бүх их дээд сургуулиудад тараан өгсөн зэргээр энэ салбарын мэдлэг, чадварыг олгох ажлууд шат дараалан системтэйгээр хийгдсэн. Өнөөдөр Захиргааны процессын эрхзүйн салбар хуулийн их дээд сургуулийн заавал судлах судлагдахуун болж бусад суурь салбаруудтайгаа эн тэнцүү хөгжөөд явж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө хэдийд яг баталгааждаг вэ гэхээр үндсэн эрх зөрчигдөхөөс хамгаалсан процессын болон процедурын журмыг нарийвчилан хуульчилсан тохиолдолд хууль зүйн баталгаа нь сая хангагддаг. Тэгэхээр 1992 оноос хойш 2002, 2004 онд Захиргааны шүүх байгуулагдах, 2015 онд Захиргааны тухай ерөнхий хууль батлагдах хүртэл хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа бүрэн хангагдаагүй явж ирсэн гэсэн үг. Захиргааны процессын эрхзүйн салбар гэдэг нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг захиргааны байгууллагуудын хүнд суртал, дур зоргоороо гаргадаг шийдвэрээс хамгаалах хуулийн тогтолцоо юм. Тогтолцооны журмыг зөв тодорхойлох чухал. Товчхондоо иргэн захиргаа хоёрын дунд үүссэн маргаан бүхий харилцааг зохицуулдаг шинэ салбар, эрхзүйн орчин гарч ирсэн гэсэн үг. Захиргааны процессын эрхзүйн салбар хүмүүст төдийлөн анхаарал татах сэдэв биш юм шиг боловч бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой байна. Хүн өдөр бүр л машинаа бариад замын хөдөлгөөнд оролцоно, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлдэг, бичиг баримт хөөцөлддөг гээд л бүхий л талаар захиргааны байгууллагатай харилцдаг. Энэ бүхэн дээр л захиргааны байгууллага хүнд суртал гаргахгүй байх, иргэнээ хохироохгүй байх, хэрэв иргэний эрхийг зөрчсөн эрх зүйн маргаан үүсвэл иргэнийг хамгаалдаг механизмтай байлгах л зорилготой юм шүү дээ.

-Тэгэхээр захиргааны процессын эрхзүйн ойлголт гарч ирснээр иргэн захиргааны байгууллагын эсрэг гомдол гаргах эрхтэй болсон. Өөр ямар давуу талууд бий болсон бэ?

-Монгол Улсын нийт захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа өнгөрсөн хугацаанд ялангуяа 1990 оноос өмнө хүнд суртал, чирэгдэл ихтэй, захиргаадалтын дэглэмийг хэрэгжүүлэгч институци байсан. Үйл ажиллагаа нь иргэний эрхийг хамгаалах хэрэгжүүлэхэд бус иргэнээ дур зоргоор захирах, дарангуйлахад чиглэгдэж байсан гэж болно. Энэ арга барил нь одоо ч бүрэн арилаагүй л байна. Үүнийг л хуулийн дагуу явагддаг, иргэн рүү хандсан захиргааны акт зэргийг гаргахдаа иргэний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчихгүй байхыг л зорилгоо болгох, зөрчигдсөн бол иргэний гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулдаг эрхзүй юм. Өмнө нь тогтолцооны хувьд иргэд захиргааны байгууллага болон албан тушаалтантай гаргасан шийдвэрийнх нь талаар маргах эрхгүй эрхээр төдийлөн хангагдаагүй.Харин эсрэгээрээ Засгийн шийдвэрийг зөрчвөл хариуцлага хүлээх тогтолцоотой байсныг хүн бүхэн мэдэж байгаа. Одоо бол иргэд эрхээ хэрхэн хамгаалуулахаа мэддэг болсон. Захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээний маргааныг иргэд Захиргааны шүүхээр дамжуулж шийдүүлж эрхээ хамгаалуулахаар ийм механизмийг бий болгосон. Монгол Улсын иргэд Захиргааны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа руу яаж оролцох, эрхээ яаж хамгаалуулах вэ гэдгийг л процессын хувьд тодорхой болгож өгснөөрөө онцлогтой. Ингэж байж орчин үеийн хууль эрхзүйг дээдэлсэн захиргааны байгууллага бий болдог. Энэ үйл явц манайд эхлээд явж байна.

-Ер нь иргэн захиргаа хоёрын хооронд аль төрлийн маргаан түлхүү гардаг вэ?

-Өдөр ирэх тусам захиргаа иргэн хоорондын маргаан шийдвэрлүүлэх байдал нэмэгдэж байна. Ингэхдээ иргэн захиргаа хоорондын маргааны дийлэнх хувийг захиргааны акттай холбоотой маргаан эзэлдэг. Захиргаанаас иргэн рүү чиглэж гардаг хориглосон, захиран тушаасан, эрхийг нь хязгаарласан, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосонч гэдэг юмуу актын маргаан их гардаг.

-Цэц үндсэн үүргээ гүйцэтгэхгүй байна гэж хуульчид шүүмжилдэг. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Цэцийн үйл ажиллагаатай холбогдуулаад шүүмжлэлтэй хандаж буй зүйл, зарим ололттой зүйл ч байна. Өргөн хүрээнд өнөөдөр ярих боломжгүй учраас энд тодорхой зарим асуудлыг л ярья. Захиргааны процессын эрх зүйн салбартай холбогдуулан хэлэхэд Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн эрх зүйн шинжийг агуулаагүй буюу захиргааны акттай холбоотой маргааны захиргааны хэргийн шүүхтэй зэрэгцүүлэн буюу давхцуулан шийдвэрлэдэг буруу жишиг тогтсон байдаг. Үүнд тухайлан хэлбэл Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргаан, Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэртэй холбоотой маргаан, аймаг, нийслэлийн Засаг даргыг чөлөөлж, огцруулсантай холбогдсон маргаан ч гэдэг юмуу олон жишээг дурдаж болно. Эдгээр буруу жишгийг цаашид засч залруулан зөв жишиг тогтоох нь зүйтэй юм. Харин Цэц болон УИХ дээр шийдвэрлэгдээд явж байгаа асуудлуудаас дурдвал Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн, зарим маргааныг хянан хэлэлцсэн тухай 2021 оны 4-р сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлт гарсан байгаа. Үүний гол үндэс нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцэд хандаж хүсэлт гаргасан байдаг. Тэр хүсэлтийг Шүүхийн тухай хууль дотор байгаа ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог яаж бүрдүүлэх томилох вэ, шүүгч бус гишүүдийг яаж томилох вэ гэсэн асуудлаар УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн хүсэлтийг Цэц дунд суудлынхаа хуралдаанаар хэлэлцээд үүнтэй холбоотой гол гол заалтууд Үндсэн хуулийг зөрчсөн байна гээд гаргаад ирсэн. Шүүгч бус таван гишүүнийг хаанаас нэр дэвшүүлж, яаж томилох вэ гэдэг асуудлаар УИХ-аас баталсан зохицуулалт маш буруу гэж үзэж байгаа.Үүнийг харин Үндсэн хуулийн Цэц зөвдүгнэж тодорхойлж зөв шийдвэр гаргажээгэсэн байр суурьтай байна.

-Яагаад?

-УИХ өөрөө ШЕЗ-ийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг тодорхойлж, томилж байгаа явдал нь Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж Цэц дүгнэсэн. Ингэхдээ хэд хэдэн үндэслэл дурдсан байгаа. Нэгдүгээрт Үндсэн хуулийн үзэл баримтал, нэмэлт өөрчлөлтийн агуулга юугаар илэрч байгаа вэ гэхээр Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль бий. Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын хүрээнд шүүх эрх мэдлийн байгууллагуудыг яаж зохион байгуулах талаар УИХ-аас 02 тоот тогтоол гаргаад Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийн дагуу хууль тогтоомжийг шинэчлэх цаг хугацааны хуваарь гаргасан байдаг. Энэ дотроо маш тодорхой заасан. ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог эрх мэдлийн институциудын тэнцвэрт байдлыг хангах үндсэн дээр хууль тогтоомжийг боловсруулж батлана гэсэн агуулгаар хуваарьтаа тусгасан байгаа. Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх тухай хуульд Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй гээд заачихсан. Институциудын тэнцвэрт байдлыг хангана гэдэг нь мөн ялгаагүй. Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийн нэг гол зөвшилцөл гэж хэлж болно. МУ-ын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцлийн ажлын хэсэг байгуулаад тэр зөвшилцлийнх нь агуулга нь энэ дагаж мөрдөх журмын тухай хууль болоод хуультогтоомжийг боловсронгуй болгож өөрчлөх цаг хугацааны хуваарь буюу тэр 02 тогтоолоор илэрч байгаа юм билээ. Тэгэхээр эдгээр нь өөрөө Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлт болоод явчихаж байгаа юм. Гэтэл УИХ энэ хуулийг батлахдаа энэ зөвшилцлийн гол агуулга болж байгаа Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон УИХ-ын 02 тоот тогтоолд заасан чиглэлүүдийг огт баримтлаагүй байдаг. Энэ өөрөө Ингэснээр УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийн суурь агуулгад нийцэхгүй болчихож байгаа юм. Хоёрдугаарт шүүгч бус таван гишүүнийг УИХ өөрөө сонгон шалгаруулаад, томилох Үндсэн хуулийн ямар ч боломж байхгүй. Тэгэхээр Үндсэн хуулиар УИХ зөвхөн өөрт нь ажлаа тайлагнадаг байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг тогтоож томилох үүрэгтэй. Тэгвэл ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо бол УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага биш. Тэгэхээр ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулж, томилох эрх УИХ-д Үндсэн хуулиар өгөгдөөгүй гэсэн үг. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүд хэт их эрх мэдэлдээ эрдэж өөрсдийнхөө хүнийг шүүхийн системд оруулах гэж Үндсэн хуульд байхгүй эрх хэмжээг хэрэгжүүлж явж байна гэж хэлж болохоор байна. ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо ямар нэгэн институциэс шууд хараат байж болохгүй. Өмнө нь өөрсдийнхөө ярьсаны эсрэг болчихож байгаа юм. Үе үеийн ерөнхийлөгч л эрх мэдэлтэй байгаад байна. Ерөнхийлөгчийн нөлөөллийг багасгахгүй бол болохгүй байна гээд яриад байгаа хэрнээ УИХ өөрийнхөө хэмжээ хязгаарыг, жолоог хэрхэн татахаа ярьдаггүй. Тэгээд нэг институцийнхээ хөлийг тайрчихаад УИХ-ынхаа эрх мэдлийг нэмээд байх юм бол УИХ эрх мэдлийн тэнцвэрт байдлыг алдагдуулагч болж хувирна гэсэн үг. Бүгдийг шийддэг, хянадаг. Ингэж болохгүй. Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцэхгүй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *