Categories
мэдээ улс-төр

А.Энх-Амгаланг Ерөнхий прокуророор томилохыг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.13/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг уншиж танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлжээ.

М.Энх-Амгалан нь 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-2008 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар тус тус ажиллаж байжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэр дэвшигчийг томилохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд хэд хэдэн зүйлийг анхаарч ажиллаарай хэмээн захьсан. Тэрбээр, Сүүлийн үед хуулийн байгууллагууд руу улстөрчдийн зүгээс элдэв зүйл ярих нь ихэслээ. Шалгагдаж буй хэрэгт тавьдаг прокурорын хяналтаа чангатгаж ажилламаар байна. Эс тэгвэл тийм хэл яриа тасрахгүй. Гэмт хэрэгт сэжиглэн цагдан хорьсон хүнийг гурван сар болоход хоёрхон удаа байцаасан, мөнгөтэй хүнийг ангуучилдаг, хууль бусаар хорьдог гэж яригдаж байна. Авлига, албан тушаалын хэргийг нэг бүрчлэн хянаж, мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж буй эсэхийг сайн нягтлаарай. Манай цагдаагийн ажилтнуудын эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх чадавх сул. Шалгаж байна гээд удааж, асууж байцааж, сэтгэлийн дарамтад оруулдаг. Тиймээс эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгах чадавхийг сайжруулах тал дээр анхаараарай хэмээн хэлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Прокурорын байгууллага мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой гомдолд шуурхай хариу өгдөггүй. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ гэж асуусан. Тэрбээр, хэрэг дөнгөж шалгагдаж эхэлж байхад хэвлэлээр мэдээлчихдэг атлаа хэрэг шалгагдаад гэм буруутай нь нотлогдоогүй байхад эргэж мэдээлэхгүй орхидог асуудалд анхаарч ажиллахыг хүссэн. Нэр дэвшигч М.Энх-Амгалан, иргэдээс ирсэн гомдлын хариуг хуульд заасан хугацаанд багтаан өгч байх асуудалд анхаарч ажиллах болно гэж хариулсан юм.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, хууль хяналтын байгууллагын талаар нийгэмд эвгүй ойлголт бий болоод байгааг сануулсан. Тэрбээр, хүмүүсийг улстөрчдийн захиалгаар баривчилдаг, удаан хугацаагаар сунгаж хорьдог, анх шалгаж эхэлсэн хэрэг нь нотлогдохгүй болохоор өөр хэргээр буруутгадаг, иргэдийн бизнесийг булаахыг оролддог гэх мэт гомдол гардаг гээд, энэ зүй бус үйлдэл хүмүүстэй холбоотой юу, эсвэл хуулиас болж байна уу гэж лавласан.

Нэр дэвшигч М.Энх-Амгалан, сүүлийн үед яригдаад байгаа энэ асуудал алинаас нь хамааралтай гэж бодож байна хэмээгээд, нэг хэрэгт сэжиглэн шалгах явцад, өөр гэмт хэрэг гарч ирэх тохиолдол байдаг. Үүнийг хүмүүс хөндлөнгөөс хараад нэг хэргээр буруутгачихаад өөр хэрэг тохлоо гэж ойлгоод байдаг талтай хэмээн тодруулан хэлсэн.

УИХ-ын гишүүн Л.Болд, Мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гишүүд олноороо ярих болсон нь ийм асуудал байгаа гэдгийг харуулж байна. Хууль хяналтын байгууллага хардах, шалгах, тогтоох нь зөв. Гэхдээ хууль зөрчихгүй, захиалгаар ажиллахгүй байх хэрэгтэй гэж хэллээ.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, прокурорын хяналттай холбоотой гомдол, мөрдөн байцаах явцад хүний эрх зөрчигдөж буй асуудалд анхаарал хандуулж ажиллаарай хэмээн захьсан. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь М.Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох саналыг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *