Categories
мэдээ цаг-үе

А.Билгүүн: Олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл шинэ зах зээлд алдраад эхэлсэн нь манай улсад сөргөөр нөлөөлөх хандлагатай

-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ МАРГААШДАА ЯАЖ ХАНГАХ ВЭ ГЭДГИЙГ ШИЙДЭХИЙН ТУЛД Л “ДИСКОВЕР МОНГОЛИА”-Г ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА-

MIBG компанийн гүйцэтгэх захирал, эдийн засагч А.Билгүүнтэй ярилцлаа.


-Монгол олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж өндөр гэсэн ангилалд багтдаг гэдэг. Яг үнэндээ аль ангилалд нь багтдаг юм бол оо?

-Дэлхийд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж буй бүс нутгуудыг гурав ангилж байна. Хөгжсөн зах зээл, шинээр гарч ирж буй зах зээл, хөгжиж байгаа зах зээл гэж хувааж байгаа. Манай улс олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын нүдээр харахад шинэ зах зээлд багтдаг. Энэ зах зээлүүд нь хөрөнгө оруулагчдад өгөөжийнхөө хувиар ялгаатай. Америк, Герман, Сингапур зэрэг хөгжсөн улсуудын зах зээлийг харахад Засгийн газрынх нь бондын өгөөж зарим улсад тэг байхад, заримд нь дөрвөн хувь байдаг. Харин хөгжиж буй орон болох Турк, ОХУ, БНХАУ зэргийн хувьд харьцангуй эрсдэл өндөртэй, хөгжсөн улсуудаас өндөр өгөөжтэй байх жишээтэй. Гурав дахь буюу шинэ зах зээлд Монгол, Мозамбек, Мьянмар гэсэн гурван улс орж байгаа. Энэ гурван улсын Засгийн газрын бондын, томоохон компаниудын бонд болон хувьцааны өгөөж харьцангуй өндөр байдаг. Геополитик гэж яривал Туркт гарсан өөрчлөлттэй холбоотой хөгжиж буй болон шинээр гарч ирж байгаа зах зээлүүд рүү олон улсын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаас татгалзаж эхэлсэн. Учир нь АНУ нэг талдаа Холбооны нөөцийн бодлогын хүүг чангалсан. АНУ 2008 оноос хойш мөнгөний хэт зөөлөн бодлого баримталж ирсэн. Энэ нь бодлогын хүүгээ харьцангуй бага байлгаж байж банкуудын зээл гаргах сонирхлыг нь төрүүлдэг. Үүнтэй холбоотойгоор бодлогын хүү харьцангуй бага байсан ч мөнгөний хэт зөөлөн бодлогоо эргүүлэн татаж, мөнгөний хатуу бодлого баримтлах болсон. Хатуу бодлоготой холбоотойгоор АНУ-д хүүгийн түвшин өндөрсөж байна. Долларын валютаар арилжаалагддаг хөрөнгүүд рүү хөрөнгө оруулах сонирхол хөрөнгө оруулагчдын дунд нэмэгдэж эхэлсэн. Эсрэгээрээ нөгөө талд хөгжиж буй улсууд буюу хамгийн сүүлд Турк улс хөрөнгө оруулагчдын анхааралд ороод байна. Туркийн лир он гарсаар 20 гаруй хувиар унасан. Лир унахтай зэрэгцээд хөгжиж буй улсуудад улс төрийн тогтворгүй нөхцөл байдал хөрөнгө оруулагчдын дунд маш их айдас төрүүлж байна. Туркийн лир унасан шалтгааныг хүн бүр мэдээгээр хараад ойлгож байгаа байх. Үүн дээр олон улсын санхүүгийн салбарт сонирхолтой нэг үзэгдэл бий болсон.

-Ямар үзэгдэл…?

-Туркийн лир унахтай зэрэгцээд бусад хөгжиж байгаа орнууд буюу Өмнөд Африк, Энэхтэг, ОХУ зэрэг улсуудын валют тухайн улсын дотоодын шалтгаанаас үл хамааран унаж эхэлсэн. Валютын энэ уналтыг эдийн засагчид агаар дуслаар халддаг ханиадтай зүйрлэсэн. Бүх хөрөнгө оруулагчдын итгэл Туркийн лирт алдарч байгаа бол үүнтэй адилхан бусад хөгжиж байгаа орнуудын валютад алдарна гэсэн хүлээлттэй байж, хоорондоо уралдаж зарах нөхцөл байдлыг үүсгэсэн.

-Энэ байдал манайд яаж нөлөөлөх бол?

-Яг үүнтэй зэрэгцэн манай улсад энэ байдал хэрхэн нөлөөлөх нь сонирхол татаж байна л даа. Сүүлийн хэдэн жилд зэс, нүүрсний үнэ харьцангуй өндөр байснаар манай эдийн засгийн өсөлт сэргэсэн тал бий. ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжсэнээр төсвийн сахилга бат харьцангуй сайжирч, эдийн засаг арай эрүүлжиж эхэлсэн дүр зураг ажиглагдаж байна. Гэтэл нөгөө талаас гаднаас нөлөөлөх шатахуун, нефтийн үнэ нэмэгдээд эхэлсэн. Хөгжиж буй болон шинэ зах зээлд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл алдраад эхэлсэн нь манай улсад сөргөөр нөлөөлөх хандлагатай байна. Зэсийн ханш сүүлийн хоёр долоо хоногийн турш уналаа. Өнөөгийн байдлаар нэг тонн зэс 5700 орчим ам.доллар руу уруудаад буй. Энэ уналт нь бүс нутагт өрнөж болзошгүй худалдааны дайн, БНХАУ-ын эдийн засгийн тэлэлт нь өөрийнхөө хурдыг хадгалж чадахгүй байж магадгүй гэсэн хүлээлтээс үүдсэн. Яг ийм шалтгаанаар голлох металуудын үнэ унасан.

-Манай улсын хувьд эрсдэл мөн үү?

-Энэ бол манай улсын дараагийн нэг том эрсдэл мөн л дөө. Манайх бүсээ чангалдагаараа чангалж цаашдаа ч чангалах нь тодорхой. Голлох экспортын үнэ сайн байсан нь дампуурах эрсдлээс хэд хоногийн хугацаанд аварсан тал бий.

-Ийм эрсдлээс аврагдлаа гээд өсч хөгжинө гэдэг өрөөсгөл хэрэг байх, тийм үү?

-Үүнээс цааш манай эдийн засаг илүү хурдтайгаар өсөх, хөгжих дүр зураг бүрдээгүй байна. Манайд шалгагдаад туршигдчихсан ганцхан арга байдаг. Монгол Улсын эдийн засгийг дараагийн шатанд гаргаж, тэсрэлт хийх ганц арга бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Дараагийн шатанд гаргаж тэсрэлт хийе гэвэл уул уурхайн эрдсийн ордуудын шинэ нөөцийг нээж олох хэрэгтэй.

-Товчхондоо хөрөнгө оруулалт татаж байж хайгуулаа хөгжүүлэх нь ойлгомжтой. Ингэсэн нөхцөлд л улсын хөгжил гэж ярих нь ээ дээ?

-Эрдсийн шинэ нөөцийг нээхэд эдийн засагт хамгийн эерэг байж болох арга бол хөрөнгө оруулалт татах. Бодит эдийн засаг маань ямар байгаа вэ, улс төрийн нөхцөл байдал хэр билээ, сонгогчдын боловсрол аль түвшинд яваа вэ гэх мэт анхаарал татсан асуултууд бий. Энэ бүхэнд хариулт өгдөг ганц суваг бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юм. Энэ бүгдийн зөв хариултыг олохын төлөө, эдийн засгийн өсөлт хөгжлийг маргаашдаа яаж хангах вэ гэдгийг шийдэхийн тулд “Дисковер Монголиа”-г зохион байгуулж байна.

Дисковер Монголиа-гийн өмнөх хурлуудаас ялгарах онцлогийг энэ гэж ойлголоо. Тэгэхээр дэлхийн хөрөнгө оруулалтын их урсгалаас Монгол гэдэг улс яаж илүү ихийг хүртэх вэ гэсэн асуулт төр засгийн анхааралд байх л юм байна…?

-“Дисковер Монголиа” –гийн хувьд нэлээд хэдэн шинэ зүйл хийгдэж байгаа. Хамгийн гол нь Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бүх компани “Дисковер Монголиа”-д оролцоно. Ер нь бүх компанийн ерөнхий захирал, гүйцэтгэх захирлууд оролцоно. Эдгээр компаниуд өөрсдийнхөө голлох хөрөнгө оруулагчид буюу олон улсын хөрөнгө оруулалтын сангуудыг урьж авчирч байгаа. Энэ нь нэлээд хэдэн ач холбогдолтой. Эдгээр хөрөнгө оруулагчид шинэ хөрөнгө оруулалтын төсөл хайж ирээгүй. Нэгэнт хөрөнгө оруулчихсан компанийнхаа үйл ажиллагаатай танилцах, тухайн компанийн үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсыг улстөрч, иргэдийнх нь хандлагаас эхлээд цаг агаарыг нь хүртэл сонжиж харах сонирхлоор ирэх есдүгээр сард хүрэлцэн ирнэ.

Үүнтэй зэрэгцээд “Дисковер Монголиа”-гийн зохион байгуулагчид мэргэжлийн хөрөнгө оруулагчдад Оюу толгойтой танилцуулах аяллыг санал болгохын зэрэгцээ улс төрийн шийдэл гаргагчидтай уулзах боломжийг нээж өгч байгаа. Учир нь эдгээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид Монголын талаар зөв бодит мэдээлэлтэй байх нь аль аль талдаа хэрэгтэй. Тэгэхээр эдгээр хөрөнгө оруулагчид төрийн байгууллага, улстөрчидтэй уулзана гэдэг нь асар их ач холбогдолтой. Хөрөнгө оруулагчдаас өмнө гадны бирж дээр гарсан уул уурхайн компаниуд маань өөрсдөө Засгийн газартайгаа дөрвөн сэдвээр ярилцаж, хаа хаанаа тулгарч байгаа асуудлаа ойлголцмоор байна.

Үүнд нэгдүгээрт, хууль эрх зүйн тогтворгүй орчин, гарч болох өөрчлөлтүүдийг анхаарах хэрэгтэй. Аливаа нэг өөрчлөлт гарахад хувийн салбарын компаниуд эрс эсэргүүцдэг. Нөгөө талдаа төр засаг нь тэрнийг нь тоохгүй байгаа юм шиг дүр зураг ажиглагддаг. Гэтэл яг үнэндээ хоёр талтай, хоёулантай нь уулзаад үзэнгүүт аль аль талдаа тодорхой хэмжээний зөв шалтаг, шаардлагуудыг яриад байдаг. Тэгэхээр яагаад, ямар өөрчлөлт хууль, эрх зүйн орчинд орох гээд байгааг аль аль талдаа тайлбарлаж ярих хэрэгтэй. Энэ өөрчлөлт орох юм бол тухайн хөрөнгө оруулалтын үйл явцад яаж нөлөөлөх вэ, компанийн ирээдүйд юу болох вэ гэдгийг шууд нүүр нүүрээ харж ярих ёстой. Хоёрдугаарт, татвартай холбоотой асуудлыг ярилцах хэрэгтэй. Татварын чиглэлээр хөрөнгө оруулагчид, Засгийн газар ба иргэний байгууллагын түвшинд уулзалт яриа хийх учиртай.

Гуравдугаарт, манай улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нийгмийн хандлага гэж зүйл бий. Ний нуугүй хэлэхэд нийгмийн хандлага тэр чигтээ уул уурхайн салбарыг үзэн ядаж байгаа юм шиг дүр зургийг сошиал орчинд үүсгэчихсэн. Энэ нөхцөл байдал яагаад бий болсон, цаашид яавал залруулах вэ, жинхэнэ хариуцлагатай уул уурхай гэдэг чинь юу вэ гэдэг талаар ярилцах шаардлагатай. Ялангуяа уул уурхайн компаниуд өчнөөн саад бэрхшээл туулж байж төрөөс зөвшөөрлөө авдаг. Авсных нь дараа орон нутгийн иргэд ажлыг нь хийлгэдэггүй. Засгийн газрын шийдвэр илүү хүчтэй юу, орон нутгийн шийдвэр илүү хүчтэй юу гэдэг асуудал гарч ирдэг. Үүнийг ярилцаж хамтарсан шийдвэр гаргах асуудал дэвшүүлээд байгаа. Дөрөвдүгээрт, Монгол Улсад ус гэдэг асар их ач холбогдолтой.

Усны нөөц багатай учраас уул уурхайн салбар үүнийг хэрхэн байгаль орчинд ээлтэй байдлаар ашиглах вэ гэдэг тал дээр ярилцах хэрэгтэй. Устай холбоотой буруу ойлголт олон нийтийн дунд их байна. Үүнийг хэрхэн залруулах вэ гэдэг нь бидний гол асуудал. Уурхайгаас болж ган гачиг үүссэн гэх зэрэг маш олон явган цуу яриа гарах болсон. Энэ бүгдийг салбараараа ярилцах хэрэгтэй. Бидний өмнө тулгарсан энэ мэт асуудлыг хөрөнгө оруулагчдын өмнө ил тавиад байх нь тийм чухал биш. Тэр үүднээсээ чуулган болохоос өмнө эдгээр асуудлыг өөр зуураа хөндөж хэлэлцэнэ. Чуулганаар мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг түлхүү оролцуулж, тэдэнд эх орноо зөвөөр таниулах шаардлага бидэнд бий.

Дисковер Монголиа чуулганы онцлох итгэл гэвэл…?

-Миний хувьд Монгол Улсын геологийн потенциалийн тухай илтгэлийг онцгойлон сонирхож байгаа. Сүүлийн үед залуусын ихээр сонирхох болсон криптовалют, хиймэл оюун ухааны технологийн зах зээлээс илүү сонирхолтой зах зээл гэж би хувьдаа хардаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд уул уурхайн салбарын ач холбогдлыг ойлгосон төрийн шийдвэрүүдтэй холбоотойгоор гадны хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл харьцангуй сэргэж эхэлж байна. Манайд урьд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хайгуулын дөрвөн компани байсан бол Степ голд гээд тав дахь компани Торонтогийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгоод орж ирлээ.

Сүүлийн хоёр жилд эдгээр компаниуд харьцангуй их хэмжээний мөнгийг хөрөнгийн биржээс татаж чадаж байна. Эд чинь олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө Монголыг илтгэх нэрийн хуудас болдог. Тэгэхээр ийм компаниуд олширно гэдэгт эргэлзэхгүй байна. Өөр нэг зүйлийг онцолж хэлэхэд энэ компаниудын хувьцааны ханш 2012-2013 онд хүрч байсан хамгийн доод хэмжээнээсээ дээшлээд эхэлчихсэн. Дээшлээд эхлэхээр тухайн компанийн хувьцаа эзэмшигчид ашигтай ажиллаад эхэлсэн гэсэн үг. Эдгээр хувьцаа эзэмшигчдийг цааш хэрхэн батлах, дараагийн хувьцаа эзэмшигчийг хэрхэн татах вэ гэдэг асуудал үүснэ. Энэ компаниудын өмнө тулгамдсан асуудлууд их байгаа. Тэгэхээр тэр бүхнийг шийдэх хэрэгтэй.

Дисковер Монголиа-гаас юу хүлээж байна вэ?

-Энэ чуулганыг зорьж ирэх мэргэжлийн олон хөрөнгө оруулагчид Монголд нэмж хөрөнгө оруулах шийдвэртэй болоод буцаасай гэж хүсч байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *