УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Газрын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн А.Бакейтэй ярилцлаа.
-Газрын тухай хууль сүүлийн үед хэл амны бай болж байна. Эсэргүүцсэн хүмүүс жагсаал цуглаан ч хийж байгаа харагдсан. Хуулийн төсөлд гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалт байгаа нь үнэн үү?
-Хэлэлцүүлгийн шатанд яваа Газрын тухай багц хуулийн төслийг өнгөрөгч оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш ажлын хэсэг байгуулагдан өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Уг хуулийн төсөл нь дан ганц Газрын тухай хууль биш бөгөөд Газрын төлбөрийн тухай хууль, Газрын кадастр зураг зүйн тухай хууль, Лу.Болд, Ц.Оюунгэрэл нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль гээд газрын холбогдол бүхий хуулиуд багцаараа байгаа. Анх үүнийг багцаар нь хэлэлцэж эхэлсэн ч ажлын хэсгийнхэн энэ олон хуулиас эхний ээлжинд суурь хууль гэдэг утгаар нь Газрын тухай хуулийг нэн тэргүүнд хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс суурь хуулиа баталсны дараа дагалдах хуулиа баталъя гэдэг дээр санал нэгдэцгээсэн.
2008-2012 оны Засгийн газрын үед Газрын тухай хуулийн төсөл өргөн баригдсан ч хэлэлцэгдэж чадаагүй. Шинэчлэлийн Засгийн газар гарч ирснээр уг хуулийн төслийн агуулгыг алдагдуулалгүй дахин өргөн барьсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуулийн гол үзэл санаа энэ хуулинд тэр хэвээрээ байгаа. Тиймээс уг хууль бие биенийгээ үгүйсгэх асуудал бус хамтын санаачилсан хуулийн төсөл гэхэд болно. Хий хоосон хийрхэл, улстөржилтөөсөө салж хуулиа хамтдаа батлаад явчихмаар байгаа юм.
-Тийм л юм бол гол хуулийн төслийн маргаан дагуулсан ноцтой асуудал нь юу байна вэ?
-Газрын тухай хуулиар эзэмших, өмчлөх, ашиглах гэсэн харилцааны гурван хэлбэр байгаа. Өмчлөх нь мэдээж Үндсэн хуулинд заасны дагуу Монгол Улсын газрыг Монголын төр, Монгол Улсын иргэн л өмчилнө. Өөрөөр өмчлөх субьект байхгүй. Уг хуулийн төсөлд Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн ямар ч өгүүлбэр байхгүй гэдгийг хэлье. Харин эзэмшүүлэхийн хувьд хуулийн төсөлд 15-60 жил, дахин нэг удаа 40 жилээр сунгаж болно гэж заасан. Энэ нь одоо мөрдөж буй хуулинд ч байгаа юм. Хэнд ямар зориулалтаар эзэмшүүлэх вэ гэдэг нь тодорхой бөгөөд гадаадын иргэнд газар эзэмшүүлэх асуудал огт тусгагдаагүй. Газрыг ашиглах гэдэг дээр “Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын иргэнд газрыг тодорхой гэрээний үндсэн дээр ашиглуулна” л гэж заасан. Газрыг гадаадын иргэнд ашиглуулах нь аль ч улсад байдаг зүйл. Хуулийн төслийг улс төрийн үүднээс мушгиж тайлбарлах нь зохимжтой биш юм.
-Жагсаал цуглааныг та улс төр хийж буй арга гэж хүлээж авч байгаа юм уу?
-Газрын тухай хуулийг эсэргүүцэн жагсаж байгаа хүмүүсийг хаанаас яаж зохион байгуулж байгааг би мэдэхгүй. Ямартай ч энэ нь улс төрийн шинжтэй шоу маягийн нэг хэлбэр яваад байгаа юм. Түүнээс гадныханд шууд газрыг худалдах, тавиад туучих тухай заалт энэ хуулийн төсөлд лав л алга.
-Хуулийн төсөл батлагдвал иргэдэд ямар давуу тал, үр өгөөжтэй гэдгийг нь хэлэхгүй юу. Муу хуулийн төслөө наадмын чимээнд даруулан батлах гэж байна гэх юм?
-Эдийн засгийг идэвхжүүлэх УИХ-ын тогтоолын дагуу үр өгөөжтэй хуулиуд хэлэлцэгдээд явж байгаа. Ерөнхийдөө Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн суурь асуудал нь газрын харилцаа. Энэ нь зах зээлийн дэг жаягт нийцсэн байдлаар эдийн засгийн эргэлтэд ороод хөгжинө гэж үзвэл өөр өнцгөөс харж байгаа юм. Өнөөдрийн энэ нөхцөл байдлаас шалтгаалан Газрын тухай хуулийг батлахгүй орхиж хэрхэвч болохгүй. Өнөөдөр газартай холбоотой маргаан хамгийн их байна. Одоо мөрдөгдөж буй хуулийн зохицуулж байгаа харилцаа нь амьдрал дээр бүрэн нийцэхгүй байгаа бөгөөд амьдрал дээр алдаа дутагдал гарсаар байгаа л даа. Тиймээс энэ бүхнийг тодорхой болгож сайжруулах зайлшгүй шаардлага бий болсон. Улс төрөөс болж ийм тулгамдсан асуудлаас ухрах нь зохимжгүй хэрэг.
-Газрын тухай хуулийн төслийн 15.5 дээр “Гадаадын хөрөнгө оруулалт бүхий аж ахуй нэгжид газар эзэмших эрхийг зөвхөн нээлттэй дуудлага худалдааны үндсэн дээр олгоно” гэсэн заалтаас харахад гадны иргэнд газар эзэмшүүлэх юм байна гэсэн ойлголт төрөөд байна. Үүнийг тайлбарлахгүй юу?
-Ажлын хэсгийн хуралдаан дээр зарчмын зөрүүтэй саналаар уг заалт орж ирж байсан. Энэхүү заалтыг илүү оновчтой, эерүү хэлбэрээр оруулж өгөх эсвэл бүр хасъя гэсэн санал байгаа. Хуучин хуулинд ч байсан уг заалт дээр ажлын хэсгийнхэн ярих нь зүйтэй гэдгийг хэлж байсан юм. Өнгөрөгч намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг бүхий л намын бүлгийн гишүүд хамтран баталсан. Уг хуулийн хүрээнд “Хөрөнгө оруулагчдыг гадаад дотоод гэж ялгахгүй, Үндсэн хууль зөрчихгүйгээр тааламжтай нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн утгаар хууль батлагдсан. Тэр үед нь уг хуулийг бүгд дэмжчихээд одоо болохоор үүгээр улс төр хийх нь ямар хаашаа юм бэ гэж гайхаж л сууна. Үүнийг үнэхээр болохгүй гэж байгаа бол хэлэлцэх явцдаа тайлбарлаад хасуулах эрх нь Ардын намын гишүүдэд бий. Үүгээр бүхэл бүтэн хуулийг үгүйсгэж болохгүй шүү дээ.
-Газрын тухай хууль парламентаас парламентын хооронд батлагдахгүй яваа нь ямар учиртай юм бол. Цаана нь гишүүдийн хувийн ашиг сонирхол байгаа юм биш биз гэсэн хардлага байна?
-Хуулийг батлахад шууд хувийн ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд байна гэж хэлж чадахгүй. Мэдээж барилга, газар тариалангийн салбарт ч гэдэг юм уу бизнес эрхэлдэг тодорхой тооны гишүүд Их хуралд байгаа. Гэхдээ илт мэдрэгдээд байгаа юм алга.
Газар тариалангийн үржил шим бүхий газрууд хэдхэн том компанийн мэдэлд байна. Энэ нь улс төрийн нэлээд маргаантай асуудал болж байгаа тул өнөөдрийн энэ Их хурлаар шийдэхэд түвэгтэй. Яваандаа үүнийг шийдэх л ёстой.
-Газрын өмчлөх, эзэмших, ашиглах гэдэг үгийг ойлгож байгаа хэрнээ ойлгохгүй байгаа мэтээр улс төр хийгээд байгааг та юу гэх вэ?
-Одоо мөрдөгдөж буй хууль болон шинэ хуулийн төсөлд ч гэсэн энэ гурван ойлголтыг маш тодорхой заасан. Газар өмчлөх гэдэг нь “Хуулийн хүрээнд газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгах эрхийг хэлнэ” гэж заасан. Энэ нь газрын эзэн өөрөө газраа хэрхэн яаж ашиглах вэ гэдэг нь дурын асуудал болж байгаа юм. Газар өмчлүүлэх хууль гараад олон жил болж байгаа ч гэсэн газрыг өмчлүүлэх ажил маш удаашралтай байгаа. Уг асуудал олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж байна. Төрийн хүнд суртал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль ч нөлөөлж байгаа байх. Газар эзэмших гэдгийг хуулинд “Хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгчтэй байгуулсан гэрээнд заасан зориулалт нөхцөлийн дагуу өөрийн мэдэлд байлгах” гэсэн байгаа л даа.
Гэрээний хугацаа дууссаны дараа эзэмших эрх нь хүчин төгөлдөр бус болно. Энэ нь түрээслэх хэлбэртэй ойролцоо юм. Газрын ерөнхий өмчлөгч нь төр гэхэд төр төсөвт байгууллагад түрээсэлж байна гэсэн үг. Газар ашиглах гээд болоод ирэхээр “Хуулиар зөвшөөрсөн хүрээнд тухайн газрын өмчлөгч, эзэмшигчээс тодорхой хугацаанд гэрээгээр тухайн газрын ашигтай чанарыг гаргаж хэрэглэх эрхийг хэлнэ” гэсэн байгаа юм. Тухайлбал, би ногоо тарих газаргүй байлаа гэхэд өөр компанийн ч юм уу газрыг гэрээ байгуулан ашиглаад өөрийн орлого олох эх үүсвэрийг олж авах л үйл явц юм. Энэ бол улс төрийн үүднээс мушгиад байх асуудал биш. Ямар ч улс төрч өмчлөх, эзэмших, ашиглах гэдгийг хуулиас уншаад ойлгож байгаа. Үүнийгээ битгий улс төржүүлээд бай л даа.
-Гадны иргэнд газрыг эзэмшүүлнэ гэсэн байна гээд байгаа. Тэгвэл ашиглуулна гэсэн заалт нь хаана байгаа вэ?
-34.1.3-т “Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газрыг ашиглуулна” гэж хуулийн төсөлд тусгасан. Гэхдээ энэ хуулийн 33.3-т “Газар ашиглах эрхийг худалдаж болохгүй, арилжиж, барьцаалж, бэлэглэж, бусдад шилжүүлж болохгүй” гээд заагаад өгчихсөн. Тэгэхээр гадны аль нэг улсын иргэн орж ирээд хөрөнгө оруулалт хийлээ гэхэд мэдээж агаарт үйл ажиллагаа явуулахгүйгээс хойш газар ашиглахаас өөр замгүй. Тэр газрыг тодорхой хүмүүстэй гэрээлсний үндсэн дээр ашиглах эрх нь нээгдэнэ.
Гэхдээ ашиглах эрх бүхий газраа ингэж ингэж болохгүй гэдгийг нь хориглоод өгчихсөн. Мэдээж уг хуулийн төслийг улс төрийн өнцгөөс бус эрүүл ухаанаар хэлэлцээд явахад засч сайжруулах зүйлс байлгүй л яахав. Энэ хуулийг сайжруулаад гаргах бүрэн боломжтой.
Э.ЭНХБОЛД