ЭМЯ-наас коронавирусийн халдвар, шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “2020 оны 6 дугаар сарын 13-нд ХӨСҮТ-ийн 2, ЗӨСҮТ-ийн, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 294 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Энэтхэгийн нислэгээр ирж, ХӨСҮТ-т тусгаарлагдсан 7 хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ, Энэтхэгийн онгоцоор ирсэн онгоцны үйлчлэгч, зорчигч, ажилчид гээд нийт 259 хүн, Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 27 жолоочоос халдвар илрээгүй. Мөн гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн сувилалд шилжиж байна. Энэ нь ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын сургуулийн оюутнууд. Батлах хамгаалахын сургуулийн 68 хүүхэд халдварт өртсөнөөс 29 нь эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 197. Үүнээс эдгэрсэн 98, эмчлэгдэж буй 99 хүн байна. 88 хүний биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д 151 хүн байна, тандалт, судалгаа эмчилгээ үргэлжилж байна” гэлээ.
Categories