2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгүүдийн бэлтгэл ажлын талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшинөөс тодрууллаа.
-Хэдхэн хоногийн дараа 2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Хан-Уул дүүргийн хувьд бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?
-Хан-Уул дүүргийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч даргын хувьд яг одоогийн нөхцөл байдалд сургууль цэцэрлэгийн бэлэн байдал болон элсэлттэй холбоотой асуудал дээр дүүргийн хэмжээнд шат шатандаа маш их ач холбогдол өгөн ажиллаж байна. Үүний хүрээнд наймдугаар сарын 16-24-ний хооронд Хан-Уул дүүргий боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, Сургуулийн өмнөх байгууллагуудын эрхлэгч нартай хамтран 25 хороодын иргэдтэй уулзалт зохион байгуулж мэдээлэл зөвлөмж болон тусламж дэмжлэг үзүүлэн ажиллалаа.
-Энэ хичээлийн жилд Хан-Уул дүүрэгт хэчнээн хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байна вэ?
-Өнөө жил Хан-Уул дүүргийн хувьд төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын 63 сургуульд 61430 сурагч, Сургуулийн өмнөх боловсролын 180 байгууллагад 29537 хүүхэд хамрагдахаар тооцоолол гараад байна. Нэгдүгээр шатны бүртгэлээр 19882 хүүхэд цэцэрлэгт хамрагдан суралцахад бэлэн болоод байна. Үүнээс төрийн өмчийн 24 сургуульд 46992 сурагч, Сургуулийн өмнөх 40 байгууллагад 19000 хүүхэд багачуудыг хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
-Сургууль цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл E-Mongolia систем дээр хийгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор ямар асуудлууд иргэдэд тулгарч байна вэ?
-2024-2025 оны сургууль, цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл нийслэл даяар 2024 оны наймдугаар сарын 1-18-ний хооронд E-Mongolia систем дээр үргэлжилсэн. Системийн алдаанаас үүдэлтэйгээр өөр хамран сурах бүсэд хуваарилагдсан, нэг айлын хоёр хүүхэд өөр, өөр цэцэрлэгт хуваарилагдсан зэрэг асуудлуудыг иргэдтэй уулзах уулзалтын үеэр боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран шийдвэрлэсэн. Иргэдэд хамгийн их тулгарч буй асуудал нь оршин суугаа хаягийн зөрчилтэй, түр оршин суугч болон хувийн шалтгаануудаас болж бүртгэлээс хоцорсон асуудал байна. Эдгээр эцэг эхчүүдэд шаардлагатай мэдээлэл, зөвлөмжүүдийг хүргэсэн. Хоёрдугаар ээлжийн элсэлт есдүгээр сарын 5-15-ний хооронд үргэлжлэх учир энэ хугацаанд хоцролгүй бүртгэлээ хийлгэж баталгаажуулснаар есдүгээр сарын 20-ноос эхлэн хамрагдан суралцах бүрэн боломжтой юм. Нэмэлт зөвлөгөө, мэдээлэл шаардлагатай бол дүүргийн боловсролын хэлтэс болон сургууль цэцэрлэг бүр дээр дэмжих баг ажиллаж байна. “E-Mongolia систем дээр бүртгүүлсэн ч улсын цэцэрлэгт багтаж чадсангүй. Хувийн цэцэрлэгт хуваарилсан байна” гэсэн гомдол санал нэлээд гарч байна.
-Бүх хүүхдийг улсын цэцэрлэгт хамруулах боломж бололцоо бий юу?
-Тийм боломж одоогоор хомс байна. Цэцэрлэгүүдийн багтаамж болон анги дүүргэлт ерөнхийдөө дүүрсэн байна. Хан-Уул дүүргийн хувьд хувийн хэвшлийн 68 цэцэрлэгт 5982 хүүхэд улсын хөнгөлөлтөөр хамрагдах боломж бүрдсэн байгаа. Иймээс эцэг эхчүүд гэрийн ойр байрлах хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд зөрүү төлбөрөө төлөөд хүүхдүүдээ хамруулах бүрэн боломжтой
-Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бүх дүүргүүдэд тулгарч байна. Үүн дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Мэдээж барилга байгууламж, хүн амын нягтаршил зэргээс шалтгаалан сургууль цэцэрлэгүүдийн багтааж, анги дүүргэлт гээд нэлээд асуудлууд тулгарч байна. Хүсэлт илгээж бүртгүүлсэн бүх хүүхдийг сургууль цэцэрлэгт хамруулахын үндсэн байрнуудаас гадна түрээсийн 30 байршилд салбар цэцэрлэгүүдэд үйл ажиллагаа явуулна. Үүнд 4778 хүүхэд суралцах юм. Мөн ачаалал ихтэй есөн сургууль түрээсийн 10 байранд 6280 сурагчдыг хүлээж авна. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгүүд дор бүрнээ нэмэлт анги гаргах, цомцог гэр барих зэрэг арга хэмжээг авч байна.
-Хүн дагаад хүнс гэдэг шиг байр, орон сууцаа дагаад шинэ сургууль цэцэрлэгийн хэрэгцээ нэмэгдэж байна. Энэхүү хэрэгцээг хэрхэн хангаж байгаа вэ?
-Одоогийн байдлаар 11 сургууль, 21 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилгын ажил 5-95 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Одоогоор гурван цэцэрлэгийн ажил бүрэн дуусаж нийт 640 хүүхдийг хүлээн авахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Эдгээр бүх бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусахад ойролцоогоор 10000 гаруй хүүхэд багачууд сургууль, цэцэрлэгтэй болох боломжтой.
-Цаашид сургууль цэцэрлэгийн чанарыг сайжруулахын тулд ямар ажлууд төлөвлөгдөж байна вэ?
-Улс орон даяар боловсролын чанарын асуудалд маш их ач холбогдол өгч ажиллаж байгаа. Манай дүүргийн хувьд шат шатны байгууллагуудаас ирж байгаа үүрэг даалгавар, захирамж шийдвэрүүдийг биелүүлэхийн зэрэгцээ дараах асуудлуудад илүү ихээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:
- Хамгийн нэн тэргүүний шийдвэрлэх асуудал бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал болоод байна. Одоо байгаа нөөц бололцоогоо маш сайн ашиглаж сургууль цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулах тал дээр холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.
- Үдийн хоолонд хяналт тавьж эрүүл, аюулгүй байдлыг сургууль цэцэрлэг бүрд ханган ажиллах. Мөн өөрийн гэсэн гал тогоогүй түрээсээр үйл ажиллагаа явуулж буй 4 сургуулийн гал тогоог нэн яаралтай шийдвэрлэх. Цаашлаад үдийн хоолны чанарыг нэмэгдүүлэх, одоогийн багаа 3000 төгрөгийг нэмэгдүүлэг гарц гаргалгааг судалж байна.
- Чанартай боловсролын гол үндэс бол чадварлаг боловсон хүчинтэй салшгүй холбоотой. Хаа сайгүй багш нарын хомсдол үүсэж байгаагийн нэгэн адил манай дүүрэгт ч мөн энэ асуудал тулгараад байна. Иймээс багш нарын нийгмийн баталгааг хангах, цалин хөлсийг дэлхийн жишигт ойртуулахын тулд санал санаачилгаа дэвшүүлэн ажиллах болно.
Эрүүл, боловсролтой хүүхдүүд Монгол Улсын ирээдүй учраас би хувь хүнийхээ хувьд энэ асуудлаар байнга дуугарч, сайжруулах, хөгжүүлэх, шийдэх нь зөв гэж боддог. Үүндээ гар бие оролцож байгаадаа баяртай байдаг.
Г.Нямдолгор
One reply on “А.Амартүвшин: Эрүүл, боловсролтой хүүхдүүд Монгол Улсын ирээдүй DNN.mn”
Тасраад 1г өдөр болж байн