Өнөөдөр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад орос хэлний сургалтын чанарыг сайжруулах, монгол сургуулийн сурагчдад зориулсан орос хэлний орчин үеийн сурах бичиг боловсруулах зорилготой Монгол улсад “Оросын филологийн сургууль 2024” төслийн нээлт боллоо.
В.Г.Короленкогийн нэрэмжит Глазовын Улсын инженер, багшийн их сургууль (ОХУ, Удмурт) Россотрудничество байгууллага болон Улаанбаатар дахь “Русский дом”-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн боловсролын байгууллагуудад ажилладаг орос хэлний багш нар, мөн ирээдүйн орос хэлний багш нар болох МУИС болон МУБИС-ийн төгсөх курсын оюутнууд гээд 100 төлөөлөгч Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хүрэлцэн ирлээ.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчдод зориулан лекц, дадлагын хичээл, орос хэлийг гадаад хэлний хичээлийн хүрээнд заадаг туршлагатай орос багш нарын мастер-класс, сэдэвчилсэн эрэл хайгуул зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаануудыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын өвөрмөц үзэмжтэй байгаль, цэвэр агаарт зохион байгуулна.
Гурван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний гол анхаарлын төвд орчин үеийн шаардлагад нийцсэн, монгол сурагчдад зориулсан орос хэлний шинэ сурах бичиг зохиох асуудал багтаж байна. Ажлын үр дүн нь оролцогчид өөрсдийн танилцуулсан төслүүдийг хамгаалах явдал юм.
“Оросын филологийн сургууль”-ийн нээлтэд Глазовын их сургуулийн ректор Янина Чиговская-Назарова, Россотрудничество байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Улаанбаатар дахь “Русский дом”-ын захирал Валерия Килпякова, Монгол Улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх Андрей Ивахин, Монголын Орос хэл, уран зохиолын багш нарын холбооны ерөнхийлөгч Магсар Цэвээн нар оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлэв.
Янина Чиговская-Назарова арга хэмжээг нээж хэлэхдээ, Монгол улсад орос хэл, орос хэлний боловсролыг хөгжүүлэх үйлсэд хоёр орны мэргэжилтнүүдийг нэгтгэх ийм чухал төслийг итгэл үзүүлэн, зохион байгуулах боломж олгосонд Россотрудничество байгууллага, Улаанбаатар дахь “Русский дом”-д талархал илэрхийлэв.
“Манай төсөл монгол сурагчдад зориулсан орос хэлний шинэ сурах бичгийг бүтээхэд чиглэгдсэн. Энэ бол боловсролын салбарт тулгамдаж буй чухал асуудал бөгөөд үүнийг Орос, Монголын мэргэжилтнүүдийн хамтын хүчээр шийдвэрлэх боломжтой. Бидний хамтын ажиллагаа сурагчдын ирээдүйг гэрэлтүүлэх үндэс суурь болж, шинэ мэдлэг болон соёлын харилцан ойлголцлын шинэ гарцыг нээх болно гэж найдаж байна.”
Валерия Килпякова: “Өнөөдөр бидний өмнө Орос хэлийг судлах чиглэлээр өмнөх үеийнхний бүтээсэн ололт амжилтыг хэрхэн хадгалах, нэмэгдүүлэх вэ гэдэг чухал зорилт тулгарч байна, учир нь энэ бол бидний нийтлэг эрх ашиг юм. Монгол хүүхдүүдийн одоогийн орос хэл сурах бичиг цаг үеийн шаардлагад нийцэхгүй байгааг бид бүгд мэдэж байгаа бөгөөд энэ жилийн энэ төслийг ийм эхлэл, үүний үндсэн дээр монгол сурагчдын сонирхлыг татахуйц, шинэлэг сурах бичиг бүтээх талбар болоосой гэж хүсч байна”.
“Оросын филологийн сургууль”-ийн оролцогчид өөрсдийн сэтгэгдлийг хуваалцав.
Улаанбаатар хотын Төмөр замын дээд сургуулийн багш Бямбажав Баяржаргал.
-Та яагаад “Оросын филологийн сургууль 2024” төсөлд оролцохоор шийдсэн бэ?
-Багш хүн үргэлж суралцах ёстой. Ийм төсөлд оролцох нь багшлах ур чадвараа хөгжүүлэх, сайжруулах боломжийг олгодог. Төслийн баялаг хөтөлбөр, монгол сурагчдад зориулсан орос хэлний шинэ сурах бичиг боловсруулах ажилд оролцох үнэт боломж, Горхи-Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар хичээллэх ер бусын хэлбэр нь онцгой сонирхол татсан. Ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгаад их баярлалаа.
МУБИС-ийн 4-р курсын оюутан Хайырбек Умугулсин:
-Та яагаад энэ төсөлд оролцохоор шийдсэн бэ?
-Би орос хэл сурч байгаа, ирээдүйн мэргэжил маань орос хэлний багш учраас оролцохоор шийдсэн. Төсөлд хамрагдсанаар оросын шилдэг багш, мэргэжилтнүүдээс орос хэлний заах аргын талаар шинэ арга барил сурч, Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн орос хэлний туршлагатай багш нартай танилцах сайхан боломж байна.
-Энэ арга хэмжээ Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар болж байгааг Та юу гэж бодож байна?
-Надад маш их таалагдаж байна. Энд цэвэр агаартай, тохилог, тав тухтай байна.