Монголоос анх баруунд сургахаар сурлага, сахилга батаараа шалгарсан дунд сургуулийн 35 хүүхдийг сонгон авч илгээсэн нь 100-гаад жилийн өмнөх томхон үйл явдал юм. Хожим тэд Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүд болсон билээ. Монгол төрийн шийдвэрээр 1926 оноос Герман, Францад сурч байсан хүүхдүүдийг 1930 онд гэнэт эгүүлэн татсан байдаг. Тэднийг сургахаар илгээсэн МАХН-ын Төв Хорооны дарга Ц.Дамбадорж, Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Цэвээн, Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан нарыг “баруунтан” хэмээн буруутгаж, албан тушаалаас нь буулгажээ. Монгол хүүхдүүдийг Герман, Франц улсад суралцуулах ажлыг анх сэдэж зохион байгуулсан, ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн бараг бүх хүн ямар нэг хэмжээгээр хэлмэгдэж, шорон гяндангийн хаалга татсан билээ. Дээрх 35 хүүхдээс л гэхэд гурав нь цаазлуулж, найм нь 3-25 жилийн ял эдэлж, хоёр нь сэжиг бүхий нас барсан байдаг юм. Тухайн үед явсан хүүхдүүдээс дөрвийг нь Францад сургаж байсан бөгөөд энэ тухай судлаач Ч.Болдтой ярилцлаа.
-Францад сурах анхны дөрвөн монгол хүүхдийг ямар шалгуураар сонгосон юм бол…
-Баруун Европт сургахаар нийт 35 хүүхэд шалгаруулан Герман улсад явуулаад тэндээсээ дахин дөрвийг нь сонгож Францад сургасан юм билээ. Ардын Засгийн газрын 1925 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн, Л.Намсрай, Л.Уртнасан нарын дөрвөн сурагч 1926 оны долдугаар сараас Франц улсад суралцаж эхэлсэн. Тэднийг Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан Парис хотноо хүргэж өгсөн байдаг юм. “Герман, Франц улс дахь монгол сурагчдын захиргаа”-наас 1929 онд “Герман, Франц улс дор бүхий монгол сурагчдыг хэрхэн юуг сургах тухай төсөвлөгөө” гэсэн албан бичиг АГЯ-нд явуулсан нь архивт бий. Тэнд “олон улсын эрхийг мэдэх ба цааз хуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд зөвхөн Парис хотын сурагчдаас явуулмой” гэж бичсэн байдаг юм.
-Энэ дөрвөн хүний намтар түүх тодорхой байдаг уу?
-Одоо бол тодорхой болсон. Тухайлбал, Франц улсад суралцсан дөрвөн сурагчийн нэг нь Т.Аюурзана. Тэрбээр 1910 онд Амгаланбаатар хотноо төрж, Нийслэл Хүрээний анхны бага, дунд сургуульд суралцаж төгсөөд 1924-1926 онд Улаан-Үд хотноо сургуульд сурсан.
1926 оны 5-7 дугаар сард Германд хэлний бэлтгэл хийж, 1929 он дуустал Парис хотноо Мишле лицейд (Lycee Michelet) суралцаж байгаад буцаан дуудагдсан. Т.Аюурзана тус сургуульд суралцаж байхдаа боксын спортоор хичээллэж, сургуулийнхаа боксын тэмцээнд түрүүлж байсан тухай мэдээ бий.
-Эх орондоо ирээд юу хийж байсан хүн бэ?
-1930 онд эх орондоо эгэн ирээд Латин үсгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтнаар ажиллаж байгаад Москва хотноо аспирантурт суралцжээ. Мах-ноосны чиглэлийн нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хонь, нарийвтар ноост, өөхөн сүүлт “Жаргалант” үржлийн цөм сүргийг бий болгосон эрдэмтэн шүү дээ. Түүнд 1961 онд Гавьяат мал зүйч цол анх удаа олгож, Мах-ноосны чиглэлийн нарийвтар ноост хонь бий болгосны учир 1972 онд Төрийн шагнал хүртээсэн. Манай улсын анхны академич нарын нэг.
-Эдгээр хүүхдүүдийн Францад сурч байсан тухай дурсамж дурдатгал нь байдаг болов уу?
-Франц явсан дөрвөн хөвгүүний нэг Ж.Дүгэрсүрэнгийн дурсамж бий. Тэрбээр “1926 оны 4 дүгээр сард Батухан багш сайд, Далай, Авирмэд багш нар бидний 30 гаруй хүүхдийг авч, хоцрогдсон Монгол Улсдаа соёл боловсрол олж ирэхээр Баруун Европын зүг чиглэн явж байлаа.Анх бид Германд хүрч очлоо. Тэнд хэл бичиг сурч байтал Батухан багш, Илийн цахар Уртнасан, говь нутгийн Л.Намсрай, Амгаланбаатар хотын Т.Аюурзана бид дөрвийг дуудаж “Та нарыг сонгон авч улсын их хэрэгт ирээдүйд зүтгүүлэхээр сургах гэж энэ газар ирсэн. Одоо Монголын сурагчдыг Франц улсад сургах шийдвэр гарч байгаа болохоор та дөрвийг удахгүй хэд хоноод Парис хотод аваачиж өгнө дөө” гэв.
Тэр үед багш Батухан маш их зүйлийг хийж Монголын холбогдолтой газрын зураг хэвлүүлэн гаргахаар бэлтгэв. Авирмэд багш монгол бичгийн машин захиалж, хэвлэлийн төрөл бүрийн зургийн бар хийлгэсэн. Эрдэнэбатухан багшийн бичсэн “Ази тив” гэдэг номын барыг хийлгэв. Үүнээс гадна Германы олон зүйлийн соёлын хэрэгцээтэй зүйлийг хэрэглэхээр худалдан авч Монголд явуулж байсан болно. Ингэж Баруун Европтой худалдаа арилжааны талаар анх харилцаж байсан цаг.
Парис хотод 1926 оны долдугаар сарын 28-нд хүрэлцэн очиж Батухан багш ЗХУ-аас Франц улсад суугаа Элчин сайдын яамнаас франц хэлний багш гаргуулан бид нарт франц хэл бичгийг заалгах болсон, францын академийн нэрт эрдэмтэн бөгөөд монгол судлаач академич П.Пеллио бидний даамал болж, улмаар Парисийн Лицей Мишлэ гэдэг 12 жилийн дунд сургуульд оруулж байсан. Батухан багш бидэнд “Соёлтой газар ирээд хоцорсон Монголоо умартуузай, элдэв гоё сайхныг үзээд толгой, хөл алдаж болохгүй. Юмыг их сурах хэрэгтэй. Урьдаар хэл бичгийг эрхэмлэн 1-2 жилдээ үзэх хэрэгтэй. Эв түнжинтэй, дөрвүүл ах дүү мэт байх нь чухал. Бие биеийг хамгаалж явах хэрэгтэй. Хувьсгалч хүн юмны түрүүнд хэрэгцээт зүйлийг тунгаан авч хэрэглэх нь чухал” гэхчилэн сургамжийнхаа үгийг хэлж явсан” гэж дурсан бичсэн байдаг юм.
-Ж.Дүгэрсүрэнгийн намтар түүх нь гэвэл…
-1910 îíд Áóðèàäûí Õîðü àéìãèéí Ýëõид (îäîîãèéí ÎÕÓ-ûí Áóðèàä óëñûí Çàèãðàåâñêèé ðàéîíû Èëèíñê ñóóðèí) төрсөн хүн. 1917 îíä Нийслэл Хүрээн дэх Îðîñûí Êîíñóëûí сургуульд, 1923 îíд Ардын Засгийн анхны бага, дунд сургуульд суралцаж төгссөн.
Ж.Дүгэрсүрэн нь Францад лицей сургуулиа төгсөж Сорбонны их сургуульд орох болоод байтал буцаан дуудагдсан. Францаас ирсний дараа буюу 1930 оноос хойш төрөл бүрийн ашигт малтмалын орд газруудыг илрүүлэх 128 удаагийн экспедицид оролцон, 30 гаруй томоохон орд газруудыг нээсний зэрэгцээ эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн чанартай 104 боть зохиол бичиж геологийн болон бусад санд хадгалуулсан хүн.
1930-1932 онд Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамт Хөвсгөлийн Хорьдол сарьдагийн аранзан зэс, Эрдэнэтийн овооны зэс, Хэнтийн Тугалтайн нурууг шинжлэж баялгийг нь тогтоож байсан. Өнөө бидний ашиглаж буй Өмнөговийн Таван толгойн нүүрс болон Охин хөтлийн нүүрс, Зүүнбаянгийн нефть, Бэрхийн хайлуур жонш, Дорноговийн Өндөр шилийн гөлтгөнө зэрэг олон орд газрыг нээж илрүүлэх, нөөцийг нь тогтоох, шинжлэн судлах ажилд оройлон зүтгэж явсан гавьяа түүнийх. Манай эрдэмтдээс хамгийн анх газар зүй, эрдэс судлалын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан хүн.
-Францад сурсан дөрвийн нэгийг эсэргүүний хэргээр цаазалсан гэдэг. Хэн нь юм бэ?
-Тэр бол Л.Намсрай. 1925 онд нийслэлд ирж Оюутны сургуулиас шалгаран Парисын Мишле лицейд сурч байгаад дуудагдан ирсэн. Ирээд Намын түр сургуульд дэлхийн байдал, тоо бодлогын багш, Ардыг Гэгээрүүлэх яаманд зурагчин, Улсын хэвлэлд зураачаар ажиллаж байж. 1933 оны 5 дугаар сард цэрэгт сайн дураар явж I дивизийн их бууны хороонд улаан гэрийн эрхлэгч, мөн оны намар Цэргийн театрт шилжин ажлын цэрэг, “Улаан-Од” сонин, Улсын Хэвлэлийн хороо хоёрын дунд зурагчин, мөн “Улаан-Од” сонинд түгээгчээр ажилласан юм билээ. Дараа нь Цэргийн театрт туслах дарга, найруулагч, 1938 оны намраас Цэргийн театрт зурагчин, жүжигчин, найруулагч зэрэг ажлуудыг хийж байгаад 1941 оны сүүлчээр ДЯЯ-нд баривчлагдсан.
Түүнд “…1926-1929 онд Франц улсад суралцаж байхдаа хөрөнгөтний үзэл онолоор хүмүүжсэн, угаасаа тайж язгууртан, хувьсгалын бодлогыг зөвшөөрдөггүй, 1929 оноос Францын тагнуулын газрын тагнуулч, цэргийн эрхтэн генерал Жорж Ассолонд элсэн францын тагнуул болж, өөрийн улсад ирснээс хойш Мэргэн гүн Гомбожавын удирдлагаар удаа дараа тагнуулын мэдээ хураалгаж байсан, Гомбожавын шийдвэрээр 1932-1936 онд Германы тагнуул Дэмчигийн Буддарьтай ажиллаж цэргийн тухай тагнуулын мэдээг удаа дараа хураалгаж байснаас гадна гэрэл зургийн материалыг хорлон сүйтгэх, сүүлийн үед Буддарийн шийдвэрээр Иш-Аюуш, Балданцэрэн нарын удирдлагаар Японы тагнуулчидтай хамтран ажилласан нь өөрийн нь удаа дараагийн мэдүүлэг, гэрч … нарын гэрчилснээр батлагдсан” гэсэн хилс хэрэг тулгаж, давж заалдах эрхгүйгээр хувийн эд хөрөнгийг нь хураан улсын орлого болгож, буудан алах ял оноосон байдаг.
-Харамсалтай юм. Монголын анхны мэргэжлийн гэрэл зурагчин байж дээ…
-Манай улсын ууган гэрэл зурагчдын нэг В.Бадамтай хамт ажиллаж байсан музейн ажилтан, 1930-аад оны үеийн “Чи бичиг мэдэх болсон уу?” гэдэг олны танил зурагт хуудас бүтээсэн зураач шүү дээ. Мөн тэрбээр “Өргөмөл Сувд” зэрэг арваад жүжгийн зохиол бичсэн зохиолч, “Партизан Батхүүгийн зам” зэрэг олон жүжиг найруулан Цэргийн театрын тайзнаа тавьсан найруулагч.
Үргэлжлэл бий 8