Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Ю.Болдбаатартай ярилцлаа.
-Хоёр жилийн өмнө хийгдсэн судалгаагаар 11 дүгээр сарын 26-ны өдрийн утга учир, ач холбогдлыг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй гэх үр дүн гарсан гэсэн. Иргэд энэ өдрийг 12 дугаар сарын 29-ний өдрөөс ялгахгүй байх тохиолдол ч байдаг. Энэ өдрийн тухай монгол хүн бүрийн заавал мэдэж байх ёстой зүйл гэвэл та юуг хэлэх вэ?
-Та бүхэндээ Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье! Өнөө үед түүхэн тэмдэглэлт баярууд олон болжээ. Тэдгээр баяруудаас үндэсний хэмжээнд баяр наадам болоод, нэгэн үе завсарлаад, эргэн сэргэсэн уламжлалт цагаан сараас бусад баярыг тэмдэглэж эхлээд 10-30 жил болсон байна. Эдгээр баяр бүгдээрээ Монгол Улс, монголчуудын шинэ тутам сэргэн мандсан ХХ зууны түүхтэй холбоотой чухал үйл явдлуудыг тэмдэглэж, түүхэн эх оронч баатруудаа дурсан санаж улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг тасралтгүй уламжлуулан бэхжүүлж байх зорилгыг агуулсан үндэсний ухамсар ой санамжийн агуулгатай юм.
Иргэд аливаа баярын утга агуулга, ач холбогдлыг мэдэхгүй, ялгахгүй байна гэдэг тэдний түүхийн мэдлэг хомс байгаагийн илэрхийлэл. Энэ нь төрийн зүгээс сурталчилгаа хомс, сурталчилгаа байлаа ч иргэдэд хүрэхгүй байна гэсэн үг. Иргэд үүнийг ойлгож ухамсарлахад өнгөрсөн 30 гаруй жил төрийн эрх барьсан хоёр намынхны баярын төлөөх өрсөлдөөн, баярыг өмчлөх сонирхол, басхүү үгүйсгэлүүд нь багагүй сөрөг нөлөө үзүүлсэн.
12 дугаар сарын 29-ний баяр бол 1911 он буюу одоогоос 113 жилийн тэртээд монголчууд Манжийн эрхшээлээс гарч, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн чухал өдөр юм. Энэ өдрийг өдгөө “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан” өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. 12 дугаар сарын 29-ний өдрийг 2007 онд тэмдэглэлт өдөр болгосон түүхтэй. Улмаар 2011 оны түүхт 100 жилийн ойгоор нь бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдөр болгосон. Тэгэхээр энэ өдрийг түүхэн чухал баяр болгон тэмдэглээд өдгөө 13 жил болж байна.
Харин 11 дүгээр сарын 26 бол монголчууд анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдөр. Тодруулбал, бичгийн бус соёлын сурвалжаар магадгүй 3000, бичгийн баттай сурвалжийн мэдээгээр 2230 гаруй жилийн төрт ёсны түүхэн уламжлалтай нүүдэлчин монголчууд бид хаант засаглалаас бүгд найрамдах засаглалд шилжсэнээ зарласан түүхэн өдөр. Өөрөөр хэлбэл, засаглалын эртний уламжлалт хэлбэрээс дэлхий дахинд шинэ тутам шалгарч асан дэвшилтэт хэлбэрт Үндсэн хуулиараа хуульчлан шилжсэн өдөр.
-Тэгвэл энэ өдөр Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр байх нь. Гэтэл олон нийт “Улс тунхагласны баяр” гэж ярьсаар хэвшсэн шүү дээ. Үүнийг яаж залруулах вэ?
-Тийм. Энэ их таагүй хэрэг. Нийтээрээ шахуу “Улс тунхагласны баяр” хэмээн ярьж байна гэдэг урьд нь монголчууд ерөөс улс байгуулж байгаагүй бөгөөд байгуулж байсан ч тунхаглаж байгаагүй мэт ойлголтыг өгч байна. Энэ нь санамсаргүй мэт хэр нь нийгмийн ухамсарт маш сөрөг үр дагавартай гэж бодож байна. “Улс тунхагласны баяр” гэх нэршил нь Хүннүгээс авахуулаад төрт ёсны ихээхэн уламжлалтай манай эртний улсууд, Чингис хааны байгуулсан Их Монгол Улс, Монголын Их эзэнт гүрэн, хожмын XIY-XVII зууны Монгол Улс, 1911 оны сэргэн мандсан Хаант Монгол Улс, 1921-1924 оны Ардын эрхт хэмжээт цаазат Монгол Улс гээд бүгдийг нь тунхаглаагүй улс гэх ойлголтыг ирээдүй хойчдоо ямагт үлдээхүйц нэршил юм. Тиймээс энэ тухай мэддэг хэн бүхэн найз нөхөд, үр хүүхдүүд, аав, ээждээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөр хэмээн засч, залруулж тайлбарлаад байвал яваандаа утга учрыг нь мэддэг болно гэдэгт найдаж байна. Ер нь утга агуулга нь нэр, гарчигтаа товчоор илэрхийлэгддэг байх нь ойлголтын анхдагч оновчтой тусагдахуун болдог.
-Судлаачид 11 дүгээр сарын 26-ны өдрийн үйл явдлыг “20 дугаар зууны монгол орны хамгийн том ололт” гэж үздэг юм билээ. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Яг тэгж хэлж болохгүй. Зарим судлаачид л тийнхүү үзэж, дүгнэсэн нь байгаа байх. Өнгөрсөн ХХ зуун дэлхийн төдийгүй монголчуудын түүхэнд ээдрээтэй даваа нугачаатай, саад бэрхшээлийн өндөр шалгууртай, ихээхэн эрсдэл дагуулсан хувьсгал, хувьсал өөрчлөлт, дэвшлийн зуун байлаа. Бид маш их эрсдэлийг туулан байж өдгөө НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон 200 орчим улстай мөр зэрэгцэн сайн сайхан ирээдүйн төлөө өөдрөгөөр алхаж явна.
ХХ зуунд Монголын түүхэнд болсон 1911, 1921, 1924, 1945, 1990 оны зэрэг түүхэн чухал үйл явдлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх болбол яг энэ он дарааллаар дугаарлавал илүү оновчтой. Учир нь энэ үйл явдлууд өмнөх нь хойчийнхоо бэхжин хөгжихийн үндэс суурь болсон түүхэн салшгүй хэлхээ бүхий залгамж холбоотой өрнөсөн юм. Монголын түүхийг засаглалын хэлбэрээр нь түүхчилж, ангилал болгон үзвэл эхнийх нь нүүдэлчдийн анхны төрт улс тогтсон цагаас 1924 он хүртэлх, удаахь нь 1924 оноос өнөөдрийг хүртэлх он жилүүд. 1924 оноос хойш төлөөлийн ардчиллын үндсийг тавьж, төрийн байгууллын шинэ тогтолцоог бүрдүүлж, тэгэхдээ эзэн харьяатын ёсыг халсан нь нийгмийн ардчиллын эхлэл болсон. Гэсэн хэдий ч 1921 оны хувьсгалгүйгээр, цаашлаад энэ бүхний үндсэн эх суурийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээсэн хамгийн чухал түүхэн ач холбогдлыг яах билээ гэдгийг харьцуулж үзэхээр эрэмбэ нь яах аргагүй ялгарч тодроод ирнэ дээ.
1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан явдал бол нэгдүгээрт, Богд эзэн хаан мөнх бусыг үзүүлсэн, дараагийн Богдыг тодруулах ямар ч бололцоогүй, тодрууллаа ч хутагт хувилгаадыг тодруулж, хутагтын ширээнд залж, сурган хүмүүжүүлдэг ёс уламжлал олон жил үргэлжилдэг нь дэлхийн улс төрийн нөхцөл нэн хурц, эрс өөрчлөлттэй явагдаж байсан энэ үед Богдоор дамжих хаант засаглал төгсгөл болж, мухардалд орсон. Хоёрдугаарт, Богд хаан үгүй болсноос 10 хоногийн дараа буюу 5 дугаар сарын 30-нд Зөвлөлт Орос Улс даян дэлхийд “Ажилчин тариачны хувьсгал”-ыг дэлгэрүүлэхэд хүн ам, газар нутгийн хувьд олон улсад илүү их ач холбогдолтой Дундад Иргэн Улстай хийсэн нууц гэрээндээ Монголын эзэн эрхийг тэдэнд далд найр тавьсан явдлаас үүдэж үүссэн хүнд нөхцөлд тусгаар тогтнолоо хэрхэн яаж баталгаажуулан авч явах вэ гэдгийн хамгийн ончтой гарц замнал байсныг үгүйсгэх аргагүй бөгөөд мартаж болохгүй.
-Та сая эзэн харьяатын ёсыг халсан нь нийгмийн ардчиллын эхлэлийг тавьсан гэлээ. Үүнийг анхдугаар Үндсэн хуулийн хамгийн чухал ач холбогдол нь гэж хэлж болох уу?
-Нүүдлийн нийгэм дэх хэдэн мянганы уламжлалтай хамжлагат ёс буюу эзэн харьяатын ёсыг халсан явдал бол яалт ч үгүй нийгмийн маш том ардчилсан үйл явдал. Гэхдээ хамгийн чухал нь бие даасан туурга тусгаар бүрэн эрхт улс гэдгээ ард иргэд бүгдээр сонгосон төлөөллөөрөө дамжуулж хэлэлцэн Үндсэн хуулиндаа тусгаж баталгаажуулан, төр, нийгмийн шинэ байгууллын тогтолцоог бүрэлдүүлсэн явдал юм. Энэ нь манай улс хүн төрөлхтний түүхэн дэх засаглалын шалгарсан дэвшилтэт шинэ хэлбэрт цаг алдалгүй шилжин орсон гэсэн үг.
Мөн эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчилснаараа Ази тивдээ анхны эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг дээдэлсэн орон болсон түүхтэй. Энэ нь тухайн цагийн Ази тивийн манлайлагч орон болох Японоос 22, Хятадаас 25, барууны хөгжсөн Франц улсаас даруй 20 жилийн өмнө эмэгтэйчүүддээ улс төрийн эрхийг олгосон орон хэмээн саяхан хэвлэгдсэн Японы Имаока Рёко гэдэг эрдэмтний “Монголын эмэгтэйчүүдийн хэвлэл” гэсэн бүтээлд тэмдэглэгдсэн байна билээ.
Анхдугаар Үндсэн хуулийн эерэг талын тухай ярих юм их бий. Гэхдээ хүний эрхийн тухайд нэгдүгээр бүлгээсээ эхлээд л 1. “…улсын дээд эрхийг жинхэнэ ардуудад эзлүүлэн…”, 2. “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилт бол хуучны эзэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж…” гэхчлэн жинхэнэ ард хэмээн нийгмийн ялгаварлалыг бий болгох заалтыг шууд тусгасан нь Бүгд найрамдах гэх үндсэн агуулгаа хөсөр болгосон. Энэхүү ялгаварлал хоёрдугаар бүлгийн 35 дугаар зүйлд “Аливаа хурлын төлөөлөгчдийг сонгох ба мөн төлөөлөгчдөд сонгогдох эрхгүй хүмүүс нь 1, 2, 3 дугаарт хэмээн тод тусгасан бөгөөд гуравдугаарт, “Урьдын ван, гүн ба хутагт хувилгаад, жич орон хийдэд үргэлж суух санваартан лам нар” гэсэн байдаг. Энэ нь цаашлаад дээрх хүмүүсийн иргэний эрх, өмч хөрөнгө хөсөр болсоор 1937 онд эмгэнэлт төгсгөлд хүргэсэн нь харамсалтай. Бид энэ гашуун эмгэнэлт түүхийг мартах учиргүй.
-Монголчууд Бүгд Найрамдах Улсаа тунхагласан энэ өдрийг хэрхэн тэмдэглэж ирсэн бэ?
-Бүгд Найрамдах Улсаа тунхагласан эхний он жилүүдэд тэмдэглэдэг байсан. Харамсалтай нь 1924 оны 11 сарын 8-наас 28-ны түүхэн чухал үйл явдлын хэлэлцүүлэгт хамгийн идэвхтэй оролцон, тодорч гараад Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн анхны дарга болж, улмаар Ерөнхий сайд хийж явсан Монгол төрийн тэргүүн Пэлжидийн Гэндэнг 1937 оны 11 сарын 26-нд энэ баярынх нь өдөр Москва хотод цаазалчихсан байдаг юм. Жилийн 365 хоногоос бүр энэ өдөр шүү!
Социализмын жилүүдэд тэгш ойгоос бусдыг нь өргөн дэлгэр тэмдэглэж байгаагүй юм билээ. Харин 50 жилийн ойг нэлээн өргөн тэмдэглэсэн. Тухайн үед 11 дүгээр сарын ойн өдрүүдээр ЗХУ-ын удирдагч Л.И.Брежнев нөгөөх 3, 4 дүгээр хороолол, Үйлдвэрчний төв зөвлөлийн барилга гэхчлэн бэлгийн төсөлтэйгөө манай улсад айлчлан ирж байсан юм билээ.
Монголд энэ өдрийг жил бүр тэмдэглэдэггүй байсан нь 1940, 1960 оны Үндсэн хуулиудтай холбоотой байх. Хэлэлцэж батлалцсан төлөөглөгчид шинэчлэлээ илүү ярих учир. Харин гадаадад, тэр тусмаа Зөвлөлт Холбоот Улсад суугаа манай Элчин сайдын яамны дэргэдэх Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооноос тус орны өнцөг булан бүрд суралцаж байсан оюутнуудын хүрээнд “День провозглашения МНР, день конституции” ёслол хүндэтгэлтэй тэмдэглэдэг байсан тухай УИХ-ын гишүүн болж, хууль батлалцаж явсан гавьяат багш Вандангийн Алзахгүй ахаас сонсож байсан.
2000 оны үед 11 дүгээр сарын 26-ныг нэг хэсэг тэмдэглэж байгаад, хүний эрхийг тэгш хангаагүй, хуучин ноёд тайж, хутагт хувилгаад, лам хуврагууд, баян чинээлэг иргэдийг ялгаварлан гадуурхаж улмаар хэлмэгдүүлсэн гэдэг үүднээс Ардчилсан нам засаг барьж байсан үед ч юм уу, нэг хэсэг тэмдэглэхээ больсон. Харин МАН, АН гээд нэг үе тэмдэглэхгүй байх цагт завсар зуур нь МАХН-ын гэх нөхөд тэмдэглэх нь зүйтэй, чухал өдөр гээд дахин бөх барилдуулаад, өөрийн баярын өдөртэй болох шахсаныг санаж байна. Дараа нь нийлцгээсэн. 2016 оноос дахин тэмдэглэлт баярын өдөр болгон бүх нийтээр тэмдэглэж байна. Нэг үе эхэнд хэлсэн намууд баярыг өмчлөх гээд, тэгээд өөрсдийн өмчлөхийг санаархсан баярыг илүү чухал гэж дөвийлгөөд, нөгөө намынхныгаа үгүйсгэх хандлага их хүчтэй байсан. Үүнээс шалтгаалж нэг үе энэ баярыг үгүй болгож, оронд нь сар өдөр ойролцоо тохиохоор “Монгол бахархлын өдөр”-ийг бий болгосон шиг харагддаг. Дараа нь бас МАН “Эх орончдын өдөр” гэж буй болгосон. Энэ мэтээр цаашид түүхэн баярууд олширвол олон баярын дунд жинхэнэ тэмдэглэх ёстой баярынх нь ач холбогдол ард түмний ой санамж, үндэсний ухамсарт дарагдаж, замхрах уршиг бий.
Манай улс өнөөдрийн Ази тивийн тусгаар тогтносон 49 орны доторх хэмжээгүй эрхт хаант засагтай Саудын Араб, Бруней, Оман, Катар улсаас бусад 45 орноос Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан огноогоороо айргийн тав дотор дөрөвдүгээрт бичигддэг. Үүнд Ази тивдээ анхных нь Япон 1889, Хятад 1912, Турк 1923 онд, манай улс дараа жил нь буюу 1924 онд Бүгд Найрамдах Улсаа тунхагласан.
Дашрамд дурдахад, Хятад 1912 оны эхэнд Бүгд найрамдах засаглалтай Дундад Иргэн Улсаа байгуулж байсан бол, бид оны өмнө нь амжиж буюу 1911 оны 12 сарын 29-нд Тусгаар тогтнолоо сэргээн шашин төрийг хослон баригч наран гэрэлт, түмэн наст Богд хааныгаа ширээнд нь залж байв. Сэргэн мандсан энэ түүхээрээ ч, Бүгд найрамдах засаглалд шилжсэн огноогоороо ч тэр бид ХХ зууны Азийн улс орнуудын эхэнд бичигддэг түүх бол бидний бахархах ёстой бахархал.
-Энэ жил УИХ-ын Тамгын газраас “Битүү шөл” хийж идэх уриалга гаргалаа шүү дээ. Битүү шөл анхдугаар Үндсэн хуулийг баталсан үйл явдалтай ямар холбоотой вэ?
-Битүү шөл хийж иднэ гэдгийг сайн ойлгоогүй. Зарим нөхдийн хошигнол, наргиа гэж бодож байсан. Гэтэл тийм биш, бүр УИХ-ын Тамгын газраас Боловсролын яамны төрийн нарийн бичгийн даргад илгээсэн уриалга ч гэх шиг. Бид хоорондоо цахим ертөнцөд наргиж болох боловч төр, засгийн албан ёсны баримт бичигт тодорхой тайлбаргүй энэ мэт уриалга явж байна гэвэл төр засгийн нэр хүндийг, басхүү өнөөдрийн энэ чухал баярын утга агуулга, ач холбогдлыг хоолтой хутгачихлаа гэсэн үг. Уг нь “Энэ баяраа Монголын ард түмэн минь гэр бүлээрээ үндэснийхээ идээ, ундаагаа бэлдэцгээж сайхан тэмдэглэцгээгээрэй” гэж нэг эрхэм нөхөр мэдээллийн хэрэгслээр хэлж уриалж байвал нэг хэрэг. Гэтэл парламент нь яам руугаа уриалга хүргүүлж, яам нь сургууль, цэцэрлэг рүү хүргүүлж, багш нар нь сурагчдадаа дамжуулж, сурагчид нь эцэг эх гэр бүлдээ уриаг уламжилснаар зорилтот бүлэгтээ сая нэг хүрч, битүү шөл хийх тухай санал солилцоцгоох нь. Гэхдээ үй түмэн “Яагаад, яагаад” гэх асуудал Монгол даяар гэр бүлүүдэд өрнөх нь л дээ. Яг л шалтгаалцлалын гинжин хэлхээгээр хөвөрч үргэлжлэх урт үлгэр мэт.
Монголын Юань улсыг мөхөөхөд хятад тариачид хэзээ бослогоо эхлүүлэх тухай мэдээг эзэрхэгч монгол татаруудад мэдэгдэхгүйгээр олон түмэнд зэрэг хүргэхэд еэвэнгийн баярын еэвэн их хэрэг болсон гэдэг яриа байдаг. Учир нь бид цагаан сараар хэдэн зуун банш бууз хийж бэлтгээд хотол олноороо цагаан сарын шинийн нэгэндээ золгон банз буузаа жигнээд идэцгээдэг шиг тэр еэвэндээ бослогын цаг хугацаа бүхий зурвасаа хийж үйлдвэрлэснээр гол баярын өдрөө еэвэнгээ хувааж идсэн олон түмэн нэгэн зэргээр мэдээг мэдэцгээж, улмаар бослого их амжилт олсон гэдэг. Тиймээс тухайн баяр үндэсний түүхэн ач холбогдолтой болж, цаашид утга агуулга нь баяжин хөгжсөн гэж сонсож байсан. Энэ бол учир холбогдол. Харин битүү шөлний тухайд утга бэлгэдлийн логикийг нь олохгүй байна. Цагаан сар, наадмын идээ ундаагаа бид мэднэ, харин битүү шөлийг мэдэхгүй. Зүгээр л олон түмний анхаарлыг хошин маягаар битүү шөл мөл гэхчлэн жишүү байдлаар Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдөрт илүү ихээр хандуулах болно гэж бодсон юм болов уу, үнэндээ логик хүрэхгүй байна.
-Та тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэнийн талаар нийт Монголын ард түмэнд хандаж юу гэж хэлэх вэ?
-Тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг л мэдэрч амьдармаар байна. Энэ эрх чөлөө, тусгаар тогтнол хэмээх хамгаас эрхэм нандин үнэт зүйлийг дээр өгүүлсэн түүхийн ороо бусгаа үе үеийн хүнд ээдрээтэй нөхцөлд бидний өвөг дээдэс халуун амиа алдаж, бүлээн цус, гашуун нулимсаа урсган байж бидэнд өвлүүлснийг бид мартах учиргүй. Бидний монголчууд дэлхий дээрх 8 тэрбум хүний дотор хэдүүлээ билээ, хэд нь ямар улсын бүрэлдэхүүнд байж, төрж өссөн унаган нутагтаа цөөнхийн цөөнх болсоор уламжлалт хэл, соёлын хавчигдсаар буй ахуй орчинд амьдарч буй билээ гэдгийг харьцуулж бодож, жаргалаа мэдэрч, мэдлэг оюуныг эрхэмлэн, утга зорилготой амьдармаар байна.
Манай улсын төрийн дуулалд “Даяар Монголын ариун голомт” гэсэн мөр байдаг. Голомтоо ариун байлгана гэдэг бие, сэтгэл, сэтгэлгээ, мэдлэг оюунаа ариун байлгахыг хэлнэ. Тэгж байж эрүүлээр сэтгэж, аливаад зөв ухаалаг хандаж хөгжих болно. Эцэст нь Анхдугаар Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлсэн 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын анхны хуралдааныг Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн нээж хэлсэн үгийн дотор “Бүх монгол язгууртан нэгдэж, олон түмэн ардын эрх чөлөө улмаар хөгжих болтугай” хэмээсэн байдаг. Энэ нь Үндсэн хуулиа хэлэлцэж эхлэх цагт Бүгд Найрамдах Монгол Ард Улсаа тунхаглах төдийгүй басхүү алсдаа бусад Монголоо нэгтгэж хөгжих гэгээн зорилго агуулсаар байсныг илтгэнэ. Монголчууд бид азтай жаргалтай хөгжин дэвжиж амьдарцгаая. Монгол Улсын тусгаар тогтнол улам бэхжин хөгжих болтугай!
Ө.АНХЗАЯА