Улсын Их хурлын гишүүн Даваагийн Цогтбаатартай ярилцлаа.
–Таныг зарим уншигчид тэр бүр танихгүй байж мэднэ. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө хаана, ямар ажил эрхэлж байсан бэ?
-Би Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, санхүүч мэргэжилтэй, Даваагийн Цогтбаатар гэдэг хүн. Их сургуулийн гуравдугаар курст суралцаж байхдаа арилжааны банкинд ажилд ороод УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ энэ салбарт ажилласан. Мэргэжлийн санхүүч хүн. Миний ахыг Даваагийн Мөнх-Эрдэнэ гэдэг. Монголчууд мэдэх байх. Олон хүн намайг ахынхаа нэрээр гарсан гэж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Ганц би гэлтгүй хангайн тойргоос сонгогдсон олон хүн ахын маань тус дэмээр гарч ирсэн гэж боддог. Сонгогдсон цагаасаа хойш ахынхаа, олон түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө ажиллаж байна.
–Ирэх оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьлаа. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгчийн хоригийг талархан хүлээн авч байгаа олон хүний нэг нь би. Хоригтой холбогдуулан эрх баригч нам, Засгийн газар арай өөр бодолтой байж магадгүй. Монгол Улсад боломж нь байсаар байтал бид алдагдалтай төсөв баталсан. Ингэх алба байгаагүй. Хөрөнгө оруулалт, 14 мега төсөл зэргээс хасъя гээгүй. Зөвхөн урсгал зардлаа танахад л бид алдагдалгүй, тэр бүү хэл Үндэсний баялгийн сандаа мөнгөтэй байх төсвийг батлах хангалттай боломж байгаа. Хуульд төсөв хоёр хувийн алдагдалтай байж болно л гэж заасан. Гэхдээ энэ нь заавал алдагдалтай байна гэсэн үг биш. Энэ үүднээс нь би УИХ-ын дарга, Ардчилсан намаас сайд болсон найман гишүүндээ шаардлага хүргүүлсэн. Ерөнхийлөгчид ч хүсэлтээ илэрхийлж ажилласан.
–Таны хувьд саяхан нийслэлийн агаарын бохирдол дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Утааг бууруулах тал дээр ямар шийдэл байна вэ?
-Миний хувьд 2007 оноос хойш нийслэлд амьдарч байна. Ингэхэд сүүлийн жилүүдэд хөрс, ус, агаарын бохирдлын асуудал улам л хүндэрч байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад утаа үнэхээр буурсан.
Нарийн найрлага нь ямар байдгийг мэдэхгүй. Гэтэл түүнээс хойш ажил авсан нөхдүүд ажлыг нь унагаасан уу. Магадгүй хувьдаа мөнгө завшсан уу. Ямартаа ч “Тавантолгой түлш” компанийн алдагдлын хэмжээ нь 400 тэрбум төгрөгөөр яригдаж байгаа. Ингээд өнөөдрийн утаа чинь эргээд улсын болон нийслэлийн төсөв дээр алдагдлыг л авч ирээд байгаа юм. Гэтэл хариуцах ёстой дарга нар нь намын бүлгийн хурал дээр ирээд маш хариуцлагагүй мэдэгдэл хийж байх жишээтэй.
–Тухайлбал?
-Элемент, нэгдэл, хөрөнгө оруулалттай нь холбоотой асуудлуудыг П.Батчимэг гишүүн судалгаатайгаар ярихад нийслэлийн орлогч нь орж ирээд улстөржиж байна гэдэг байдлаар хандсан. Монгол төр, нийслэлээс томилогдоод ажил хийж байгаа хүмүүс улстөржих ёсгүй шүү дээ. Ажлаа л хийх ёстой.
–Нийслэлийн Засаг дарга саяхан утаанд бараг нэг их наяд төгрөг зарцуулсан ч амжилтгүй болсон тухай нийтэлсэн байсан. Гэтэл дахиад нийслэлээс бонд гаргах тухай яригдаж байна. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Энэ бүхэн эргээд л төсөвтэй холбогдоно. Улсын төсвийг бид алдагдалгүй баталж чадвал нийслэлийн гаргаад байгаа бондын хүү буурна. Гаргасан бондоороо барилга байшин бариад утааны асуудлыг тодорхой хэмжээнд шийдье л гэж байгаа асуудал шүү дээ.
–“Тавантолгой түлш” ком панийн алдагдал нь 400 тэрбум төгрөг гэж байна. Гэтэл ийм хэмжээний алдагдалтай хэрнээ ажиллаад байж болох юм уу?
-Гишүүний тангаргаа өргөөд бид төсвийн тодотгол хийсэн. Тэгэхэд 2023 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлт орж ирсэн. Энэ дүгнэлтээр 6756 компани хязгаарлалттай дүгнэлттэй буюу “Тавантолгой түлш” шиг алдагдалтай, буруу ажилласан гэж гарсан. Манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 95 их наяд төгрөг гэж тоологдож явж байгаа. Гэтэл төрийн өмчит болон орон нутгийн оролцоотой компаниудын хөрөнгийн хэмжээ нь 91 их наяд төгрөг байгаа юм. Харамсалтай нь энэ компаниудаас улсын төсөвт дөрөвхөн их наяд төгрөг л оруулдаг. Энэ хариуцлагын тухай асуудлыг одоо бид ярих цаг нь болсон. Бид төрийн байгууллагуудыг заавал алдагдалтай нь цуг тэжээж явах ёстой юм уу. Ийм жишээ олныг хэлж болно. Төрийн банк гэж байна. Хувьцаа нь уналттай байгаа банкуудыг Төрийн банк тэргүүлж байгаа. Энэ бол үйл ажиллагаа нь муу байгааг л харуулж байгаа хэрэг. Тэгэхээр зөвхөн “Тавантолгой түлш” компанийн асуудал биш. Тэр 91 их наядыг бүрдүүлээд байгаа төрийн өмчит компаниудын хариуцлагыг яриад цэвэр тунгалаг болгохгүй бол болохгүй болсон.
–Сангийн сайд ирэх жилийн төсөв бол хувийн хэвшлээ маш сайн дэмжсэн гэж хэлсэн. Таныхаар ямар байгаа вэ?
-Төсвөөр зарлагдаж байгаа ажлуудыг төр нь хариуцахаа хариуцаад хувийнхан хийхийг нь хийгээд явна.
Гэтэл Нарантуул дээр худалдаа хийж байгаа хүмүүс өөрсдийнхөө хийдгийг хийж байж л орлогоо олно. Түүнээс биш төсвөөс тэдэнд хамааралтай юм байхгүй. Энэ бол харьцангуй ойлголт.