АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор Т.Хонгорзултай ярилцлаа.
-Хүмүүс ханиад хүрэхэд л дархлаагаа сайжруул, дархлаагаа дэмж гэх мэтээр зөвлөдөг. Ер нь дархлаа гэж юу вэ. Энэ талаар судлаач хүний хувьд мэдээлэл өгөхгүй юу?
-Дархлаа ярихын тулд дархлаа тогтолцоо гэдэг шинжлэх ухаан талаас нь тайлбарлах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, хүний биеийн аль хэсэг, ямар эрхтэн нь дархлаа тогтолцоонд хамаардаг гэдгийг ярих хэрэгтэй. Хүмүүс хоолыг ходоод боловсруулдаг, бөөр бол шээс үүсгэдэг гэх мэт эрхтнүүдийн үүргийг мэддэг боловч өөрийнхөө биеийн аль хэсгийг дархлааны эрхтэн гэдгийг төдийлөн сайн мэддэггүй. Амны хөндийгөөс эхэлбэл тунгалгийн зангилаанууд, тунгалгийн эдүүд, гүйлсэн булчирхай нь дархлааны эрхтэнд хамаардаг. Мөн ясны чөмөг, дэлүү, гэдэсний тунгалгийн эд зэрэг хамаардаг. Хамгийн олон байдаг дархлааны эрхтэн нь тунгалгийн зангилаа юм. Эдгээр дархлааны эрхтэнд дархлааны эсүүд байршиж байдаг.
Хүний биед гаднаас арьс салстаар, эсвэл хоол боловсруулах зам, амьсгалын зам гэх мэт аль нэг хэсгээр өвчин үүсгэгч орж ирэхэд тэр хэсэг газарт байгаа дархлааны эсүүд нь ажиллаж байдаг. Олон нийтийн дунд “Дархлаа суларчихлаа” гэдэг ярианы хэллэг байдаг. Шинжлэх ухаан талаасаа бол дархлаа дутмагшил гэдэг бүлэг өвчин бий. Энэ бүлэг өвчин нь төрөлхийн, олдмол шалтгааны улмаас үүсч, дархлааны эрхтэн дутуу хөгжсөн, дархлааны эсүүд цөөрсөн, эсээс үүсдэг бүтээгдэхүүн нь байх ёстой хэмжээнээсээ буурсан, эсвэл байхгүй болсон байдаг. Энэ байдлыг дархлаа хомсдол, дархлаа дутмагшил гэдэг нэр томьёогоор илэрхийлдэг. Хөнгөн ханиад хүрсэн үед дархлаа тогтолцоонд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Насанд хүрсэн, ямар нэгэн суурь өвчингүй харьцангуй эрүүл хүн бол жилд дунджаар 5-6 удаа энгийн ханиад хүрдэг.
Энэ нь дархлааны байдлаас илүүтэйгээр гадаад орчин буюу улирал солигдох үед эргэлддэг вирусийн халдвартай холбоотой. Гадаад орчны маш олон хүчин зүйл зэрэг нөлөөлж байдаг. Дурдсан тооноос олон удаа байнга амьсгалын замын, эсвэл бусад халдварт өвчнөөр өвдөж, өвчин нь хүндэрч байвал дархлаа дутмагшлын шинж тэмдэг мөн. Энэ үед шинжилгээнд үндэслэж онош тавигдана. Онош тавигдсан тохиолдолд л эмчилгээ, эм тариа яригдаж эхэлдэг. Түүнээс биш онош тавигдаагүй, тодорхойгүй байхад эм тариаг хэрэглэх нь буруу юм.
-Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг манай улсад хийж эхлэх тов гарсан. Вакцины талаарх иргэдийн ойлголт өөр байдаг. Вакцин ер нь ямар үүрэгтэй вэ?
-Вакцин нь халдварт өвчний төрөл болон технологийн хувьд олон янз байдаг. Дэлхийн хүн төрөлхтөн маш цөөхөн өвчний эсрэг вакциныг амжилттай гаргаж авсан. Дийлэнх нь буюу ихэнх халдварт өвчин вакцингүй байгаа. Вирусээр үүсгэгддэг хавдрын эсрэг гаргаж авсан вакцин нь хүний папиллома вирусийн эсрэг вакцин юм. Дэлхий нийтэд “HPV вакцин” гэж хэлдэг. Энэ вакцин нь олон шатны шинжилгээ судалгаагаар аюулгүй байдал нь батлагдаад, шинжлэх ухаан өндөр хөгжсөн улсууд бүгд товлолт вакцины жагсаалтад оруулсан. Манай хөрш улс болох БНХАУ 2020 онд хүүхдийн товлолт вакцинд оруулсан. ОХУ-ын мэдээлэл тодорхойгүй байсан. Уг вакцины дархлаажуулалт хэрэгтэй гэсэн нотлох баримт улсын хэмжээнд байна. ЭМЯ, ХСҮТ, ЭМХТ-ийн нээлттэй тайлан мэдээлэлд байгаа папиллома вирусээр үүсгэгдсэн хавдрын тохиолдол, өвчлөл болон нас баралтын тоог харвал маш том баримт болно. Монголчууд цөөхүүлээ, хавдрын өвчлөлийн тоогоороо тэргүүлж байхад папиллома вирусээр үүсгэгддэг хавдраас урьдчилан сэргийлэх боломж олдож байна. Хавдрын хөнгөвчлөх эмчилгээ хэрэгтэй, хавдрын эмнэлэг нэмж барих хэрэгтэй гэдэг бол тухайн өвчний хувьд хамгийн төгсгөлийн шатанд авч байгаа арга хэмжээ юм. Түүнчлэн урьдчилан сэргийлэх, өвдөхгүй байх боломжийг олж харах хэрэгтэй.
-Вакциныг дархлаа дутмагшилтай хүмүүс хийлгэж болдог уу?
-Хүн амын дунд дархлаа дутмагшилтай бүлэг байдаг. Үүнд төрөлхийн буюу удамшлын эмгэгтэй төрсөн хүүхдүүд, аутоиммуны өвчтэй буюу дархлааны эсүүд өөрийнхөө эд эсийн эсрэг довтолдог өвчтэй хүмүүс, мөн хавдартай, хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс, эрхтэн шилжүүлэн суулгасан хүмүүс зэрэг бүлэг хамаардаг. Өвчний улмаас дархлаа дарангуйлах эмийг удаан хугацаанд хэрэглэх нь дархлаа дутмагшилд хүргэдэг. Энэ бүлэг хүн амыг вакцины нэмэлт тунгаар дархлаажуулахыг олон улс зөвлөдөг. Эрүүл бүлэгтэй харьцуулахад дархлаа дутмагшилтай хүн амд ихэнх вакцины энгийн тун хангалттай дархлаа тогтоож чаддаггүй. Тийм учраас дархлаа дутмагшилтай бүлэг хүн амд вакцины төрлөөс хамаарч нэмэлт тунг тарихыг олон улсын мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг.
-Вакциныг нэг хийлгээд тухайн вирусийн халдвараар дахиж өвчлөхгүй байх боломжтой юу?
-Хамгийн энгийн үгээр тайлбарлавал, тухайн вирусээс өвчин үүсгэгддэггүй, хамгийн чухал бүтцийн хэсгийг нь салгаад аваад тогтворжуулагч бодис нэмээд хүний бие рүү зориудаар оруулж өгөхийг вакцинаар дархлаажуулах гэдэг. Биед гаднаас харийн молекул орж ирсэн учраас дархлааны эсүүд идэвхжээд тэмцэх ажлаа хийдэг. Үүний дараагаар тухайн молекулын эсрэг дархлааны эсүүд мэдээлэлтэй болоод туршлагажаад үлддэг. Өөрөөр хэлбэл, маш өндөр түвшинд бэлтгэгдээд, бэлэн байдалд шилжээд үлддэг гэсэн үг. Ингэснээр жинхэнэ өвчин үүсгэгч биед орж ирэхэд нөгөө бэлтгэлтэй дархлааны эсүүд маань вирусийг олширч өвчин үүсгэхээс нь өмнө дарж авдаг. Тийм учраас вакцин тариулсан хүмүүс вакцин болон өвчний төрлөөс хамаараад зарим тохиолдолд тухайн өвчнөөр насан туршдаа өвддөггүй.
-Монгол Улс өнөөдөр хавдрын шалтгаант нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Хорт хавдрын эс үржихэд нөлөөлж байгаа гол зүйл нь юу вэ?
-Ер нь хавдар гэлтгүй хүний биед өвчин үүсч эрүүл байдлаа алдахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Хавдрын жишээн дээр гэвэл, дотоод болон гадаад хүчин зүйл гэж ерөнхий ангилж болно. Дотоод хүчин зүйл нь хувь хүний онцлог буюу эцэг эхээс авсан удмын мэдээлэл, тэр хүний эрүүл мэндийн суурь байдал, архаг суурь өвчин гэх мэт орно. Гадаад хүчин зүйлд хүрээлэн байгаа орчны олон хүчин зүйл ордог. Үүний нэг нь вирусийн халдвар юм. Дээрээс нь орчны бохирдол, хавдар үүсгэхэд нөлөөлдөг химийн бодис, ямар эрхтний хавдар вэ гэдгээс шалтгаалаад өөр өөр байдаг. Дотоод хүчин зүйлийг хүн өөрөө хянахад хэцүү. Яагаад гэвэл өөрт байгаа удмын хүчин зүйлтэй холбогддог учраас өөрчилж чадахгүй. Харин гадаад хүчин зүйлсийн заримыг, тухайлбал вакцин хийлгэснээр вирусээр үүсгэгддэг хавдраас сэргийлэх боломжтой. Вирусээр үүсгэгддэг хавдар харьцангуй цөөн байдаг. Жишээлбэл, Гепатитын В вирус элэгний хавдар үүсгэдэг бол, папиллома вирус умайн хүзүүний хавдар үүсгэдэг. Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж олон олдохгүй гэж бодож байна. 2012 онд HPV вакцины дархлаажуулалт эхлэх үед цөөн хүний буруу мэдээллээс болж охид эмэгтэйчүүдээ дархлаажуулж чадаагүй. Тэрхүү цөөн хүний буруу мэдээллийн уршгаар хамгаалах боломжтой өвчнөөр 12 жилийн хугацаанд хэдэн хүн өвчилж, хэдэн хүн нас барж, эрүүл мэнд, эдийн засаг, амьдралын чанараараа хохирсныг нийгэмд таниулах хэрэгтэй.