Өнгөрсөн зуны амралтаараа өссөн нутаг Өмнөговь аймгаараа аялсан юм. Тэр дундаа уул уурхайн гол бүс нутаг Цогтцэций сум, Өгөөмөр хайрханы өвөрт хэд хоног амарч, нутгийн зонтойгоо хөөрөлдөж цагийг сайхан өнгөрүүлэв. Бидний мэддэгээр “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй гурван бүлэг орд энд үйл ажиллагаа явуулдаг. Үүнтэй зэрэгцээд 135 мянган толгой мал бэлчиж байна. Энэ бүс нутагт уул уурхайг зүхсэн “эх орончид” тун ховор юм. Малчид уул уурхайн үр өгөөжийн тухайд төрөл бүрийн ойлголттой байдаг юм байна. Ямартай ч эрс үгүйсгэж тэмцэл хийж байгаа хүн харагдсангүй. Уул уурхайн үр өгөөжийг бэлэн мөнгөөр хүртэх тухай ойлголттой хүмүүс мэр сэр тааралдлаа. Гэтэл тэс өөр өнцгөөс харах нэгэн нь ч байна.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө хүүхдээ хот бараадуулж, дээд боловсрол эзэмшүүлнэ гэдэг золиос ихтэй, холын мөрөөдөл шиг байв. Хоттой хэдээсээ тэн хагасыг нь маш хямд үнээр борлуулжбурханд найдаад хүүхдээ замын унаагаар хот руу үддэг байж. Итгэл хүлээж их сургуульд явсан хэдээс нь төгсөөд, мэргэжлээрээ ажиллаж амьдралаа залгуулсан нь өдрийн од шиг. Сургуулиа төгслөө гэхэд боломжийн цалинтай ажил олох хэцүү.
Тиймээс цэл залуу насныхаа хэдэн жилийг үрж хаяад өссөн гэртээ буцаад очих нь түгээмэл байсан гэнэ. Ингээд дахиад л аав, ээжээсээ хэдэн мал таслаж тустаа гардаг байж. Харин өнөөдөр Цогтцэцийн малчдын цөм нь хүүхдүүддээ дээд боловсрол эзэмшүүлжээ. Тэд нь нийслэлд болон аймаг орон нутагтаа тус тусын мэргэжлээрээ хүрэлцээтэй цалинтай ажиллаж амьдарч байна. Өнөөдөр малчдын хүүхдүүд өндөр боловсролтой инженерүүд болж улс, орон нутгийнхаа хөгжилд гар бие оролцож байна. Цаашлаад Герман, Австрали, БНХАУ зэрэг дэлхийн хөгжлийг тодорхойлж буй гүрнүүдэд малчдын хүүхэд ажиллаж, мэргэжил дээшлүүлж байна. Энэ бүхэн нь цаагуураа уул уурхайтай нягт холбоотойг бүгд л онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл уул уурхайд түшиглэсэн ажлын байр, хүн амын төвлөрөл, зах зээл, бүтээн байгуулалт арваадхан жилийн дотор малчдын амьдралыг ингэж өөрчилжээ. Уул уурхайн бүс нутгийн малчдын бодит үнэн л ийм байна. Уул уурхай олборлолтын салбарын хөгжил цэцэглэлт өнгөрсөн оноос шинэ шатанд гарч байгааг амрахаар очсон хүүхдүүд малчин аав, ээждээ сонин дуулгаж байв. Нүүрсээ биржээр арилжаалж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт шинэ шатанд гарчээ. Тодруулбал өнгөрсөн онд манай улс түүхэндээ анх удаа 70 сая тн нүүрс экспортолсон бөгөөд үүний 15 сая тн-ыг хөрөнгийн биржээр арилжсан байгаа юм.
Цаг хугацаа явахын хэрээр дэлхийн улс орнуудын аж үйлдвэржилтийн явц улам түргэсэж цахилгаан бараа, барилга байгууламж, авто машин, техник технологи хөгжин шинэчлэгдэж уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам нэмэгдсээр буй. Үйлдвэр болон хэрэглэгчид мөнгө, цаг хугацаагаа хэмнэхийн тулд тогтмол үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн биржээр их хэмжээний худалдан авалт хийдэг болжээ.
Олон улсын биржүүд нийгэм, эдийн засгийн шаардлагаар үйлдвэрлэгч, хэрэглэгч, банк, санхүүгийн байгууллага болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг холбох үүргийг гүйцэтгэж байна. Манайхан ч цаг үетэйгээ хөл нийлүүлж олон улсад хэрэгцээтэй уул уурхайн бараа бүтээгдэхүүнээ биржээр арилжаалах замыг нээжээ.
2023 онд 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 32.8 сая тн нүүрс борлуулан, Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Хангад Эксплорэйшн” ХХК, “Тавантолгой” ХК, “Андын Илч” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан нийт 15.6 сая тонн нүүрс, төмрийн хүдэр болон баяжмалыг 2.2 тэрбум ам.доллароор арилжаалсан байна.
2023 онд бирж дээр нийт 344 удаагийн уул уурхайн бүтээгдэхүүний цахим дуудлага арилжаа хийгджээ. Харин 299 удаагийн арилжааны 95.7 хувийг нүүрсний арилжаа, 4.3 хувийг төмрийн хүдэр болон төмрийнбаяжмалын арилжаа тус тус эзэлж байгаа юм.Дуудлага худалдаагаар арилжсан нүүрсний үнийн өсөлтийндундаж8.5 хувьбайгаа аж. 2023 онд худалдагч компаниуд дуудлага худалдаагаар арилжигдсан нүүрсний үнийн өсөлтөөс нийт 523.66 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна. Тайлант хугацаанд нэг удаагийн нүүрсний арилжаагаар дунджаар 73.2 мянган тонн нүүрсийг 36.0 тэрбум төгрөгөөр арилжаалжээ.
Нүүрсний арилжааны нийт үнийн дүнгийн 59.45 хувийг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, 26.18 хувийг “Тавантолгой” ХК арилжаалсан байна.
Монгол Улсын Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Өмнө “уурхайн ам” нөхцөлөөр зарагдаж байсан нүүрс “хил”-ийн үнэд шилжсэн нь манай улсын байгалийн баялгийн үнэлгээг дээшлүүлэх, валютын нөөц, төсвийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай. Мөн биржээр зөвхөн нүүрс биш, төмөр, жоншны бүтээгдэхүүнийг арилжих бололцоог 2023 оны есдүгээр сард нээсэн. Харин энэ онд зэсийн баяжмалыг арилжаалах боломжтой болсон” хэмээв.
Монгол Улсын их Хурлаас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийг баталж, 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголын Хөрөнгийн бирж”ХК-д уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгожээ. Ингэснээр Монгол Улсад анхны уул уурхайн бүтээгдэхүүний бирж үүсэж байгаа юм. Уул уурхайн бүтээгдэхүүнээ нээлттэй, олон улсын зах зээлийн үнээр борлуулах нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Биржээр уул уурхайн бүтээгдэхүүнээ арилжиж эхэлсэн нь төсвийн орлого болоод улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. Ирэх он жилүүдэд уул уурхайн салбараас илүү ашигтай ажиллаж эдийн засаг илүү тэлэх төлөвтэй байгаа гэнэ.
Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын ДНБ-ий 24, нэгдсэн төсвийн орлогын 29, нийт экспортын орлогын 85 хувийг уул уурхайн салбар бүрдүүлжээ. Жил ирэх тусам уул уурхай, олборлолтын салбарын ихэнх бүтээгдэхүүний экспорт өссөн дүнтэй байна. Эрдэс баялгийн салбараас 2023 онд улсын төсөвт төвлөрүүлсэн орлого 7,679.8 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 66.7 хувиарөссөн. М.Санжаадоржийн онцолж буйгаар бол цаашид үүнээс хэд дахин илүү үр дүнг төсөвт төвлөрүүлэх боломжтой юм байна.
Энд онцлоод буй биржийг бараа бүтээгдэхүүний төрөл, онцлогоос нь шалтгаалан хөрөнгийн, уул уурхайн, хөдөө аж ахуйн, бүтээгдэхүүний гэж ангилдаг. “Уулуурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар төрийн өмчит компаниудын худалдаа хариуцсан олон оронтоо, зардал хэмнэх, арилжаанд оролцогчдыг зах зээлийн үнийн мэдээллээр байнга хангах, экспортын худалдааны ажилтнуудыг сургалтад хамруулах зэрэг олон боломж нээгдэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уул уурхайн гаралтай бараа, бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийг тогтвортой байлгах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох үүргийг биелүүлэх эдийн засгийн суурь нь уул уурхайн барааны олборлолт, үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, борлуулалтын оновчтой тогтолцоо юм” гэж Монголын Экспортлогчдын холбоо ТББ-аас хийсэн “Монгол Улсад уул уурхайн бирж байгуулах боломж судалгааны ажлын тайлан”-д дурджээ. Мөн эрдсийн бүтээгдэхүүнийг олон худалдан авагч, эцсийн хэрэглэгчдэд нээлттэй, өрсөлдөөний зарчмаар өндөр үнэ хүргэж арилжаалах оновчтой арга зам бол биржээр арилжих гэж үзсэн байна.
Дэлхийд бүтээгдэхүүний нэр төрөл болон хэрэглэгчийн тоогоороо “уул уурхайн бирж” дээгүүр байр суурийг эзэлдэг юм байна.Уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсийг онцолж авч үзэхэд манай улс одоогоор 270 гаруй орд бүртгэгдсэний талаас бага хувийг нь коксжих чулуун нүүрсний орд эзэлж байна. Манай улсын нүүрсний илчлэг нь 6430-8100 ккал/кг хооронд хэлбэлзэх бөгөөд Тавантолгой хамгийн өндөр түвшинд байдаг. Ерөнхийдөө нүүрсний чанар газар нутгийн зүүнээс баруун чиглэлд сайжрах бөгөөд чулуун нүүрс, хүрэн нүүрсийг дотооддоо цахилгаан үйлдвэрлэхэд ашигладаг бол коксжих чулуун нүүрсийг голчлон экспортолж байна. Товчхондоо олон улсад хамгийн эрэлттэй нүүрсийг Тавантолгойн орд болон Нарийн сухайтын бүлэг ордоос олборлодог юм байна. Дэлхий нийтээр хэрэглэж буй нийт нүүрсний 86 орчим хувь нь эрчим хүчний нүүрс, үлдсэн 14 хувийг нь коксжих нүүрс эзэлж байгаа юм. Өнгөрсөн онд дэлхий даяар 8 тэрбум тонн нүүрс ашигласны 6.9 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс байв. Хятадын хувьд ч хүрэн нүүрс тус улсын хэрэглээнд 83 орчим хувийг эзэлж, импортын нүүрсний 70-80 орчим хувийг бүрдүүлж байна. Тиймээс дэлхий дахины нүүрсний хэрэгцээ их тул манай улс хөрөнгийн биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортод гаргах нь олон давуу талыг дагуулах нь тодорхой харагдаж байна. Энэ талаар Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийн Ерөнхийлөгч, Уул уурхайн зөвлөх инженер Доктор, профессор Д.Цогбаатар “Биржийн хамгийн том давуу тал бол ил тод байдал. Өөрөөр хэлбэл ямар нэг бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр ямар байна, түүнтэй харьцуулаад тухайн үеийн ханшаар нь худалдана гэсэн үг. Хуучин шиг хэн нэг дарга эсвэл ямар нэг төлөөлөгч үнэ тогтоохгүй. Бид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр худалдаж байгаа юм. Одоогоор дэлхийн сонгодог системээр бүтээгдэхүүнээ худалдаж чадахгүй байгаа ч биржээр бүтээгдэхүүнээ арилжиж эхэлнэ гэдэг өөрөө их том дэвшил юм. Жил ирэх тусам дэлхийн жижигт ойртоно гэдэгт найдаж байна” хэмээв.
Газрын хэвлий дэхь баялгаа ил тод, нээлттэй арилжаалснаар зах зээлээ тэлж илүү олон ажлын байрыг бий болгох, сум орон нутгаас эхлээд улс орны хэмжээнд хөгжил цэцэглэлтийн их гэрэл тод асч байна.
А.ГАНТУЯА