Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ DNN.mn

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2024 оны 4 дүгээр улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Энэ удаагийн шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 2165, улсын хэмжээнд 5011 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд үргэлжилнэ. Өдөртөө дөрвөн ээлжээр өгөх бөгөөд нэг ээлждээ 130 иргэн шалгалт өгнө. 2024 оны 1, 2, 3 дугаар улиралд зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 5605 иргэн бүртгүүлж, 3963 иргэн шалгалт өгсөн юм. Үүнээс 1399 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байна.

Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд “Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга болон шалгалтын зохион байгуулалт улам  боловсронгуй болсоор байна. Одоо цаг хугацаа, орон зайнаас үл хамааран Төрийн албаны шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох хууль, журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсон. Төрийн албаны ерөнхий шалгалт 100 хувь цахимд шилжиж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй явагдаж, шалгалтын дүн хэн нэгнээс биш зөвхөн өөрсдөөс тань хамаарч зөвхөн хэн сайн хичээж бэлдсэн нь тэнцэх, шалгалтад өндөр оноо авах нөхцөл бүрдсэн” гэдгийг хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ DNN.mn

Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт 4500 гаруй хүн бүртгүүлснээс 1826 нь нийслэлд шалгалт өгч байна.

Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтой болж байгаа бөгөөд төрийн албаны шалгалт өгөх иргэдийн идэвх ч мөн нэмэгдэж буйг зохион байгуулагчид онцолсон юм. Өнгөрсөн онд нийт 16 мянга гаруй хүн Төрийн албаны ерөнхий шалтгалт өгснөөс 5200 нь тэнцжээ.

2024 оны I улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт гуравдугаар сарын 13-15-нд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ DNN.mn

2023 оны дөрөвдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ.

Энэ удаагийн шалгалтад орон нутагт 3652, нийслэлд 1594 хүн бүртгүүлжээ. Шалгалт арваннэгдүгээр сарын 22-24-нд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна.

Шалгалтыг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Бүртгүүлсэн хүмүүсийн тооноос харахад төрийн албанд орох хүсэл сонирхол, эрмэлзэл их байгаа нь харагдаж байна. Өдгөө нийслэл Улаанбаатар хотын 1.6 сая иргэнд үйлчилгээ үзүүлдэг төрийн 600 гаруй байгууллагад 60 мянга орчим албан хаагч ажилладаг. Иймд иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй, шударга зүтгэлтэй, ёс зүйтэй төрийн албан хаагч бол нийслэлийн баг бүрэлдэхүүний тулгуур багана юм. Төрийн алба тогтвортой, чадвартай, мэргэшсэн байснаар монгол төрийн бодлогын залгамж халааг, тогтвортой байдлыг хадгална. Энэ ч утгаараа төрийн албыг бэхжүүлэх тодорхой зорилт, стратегийг бодлогын баримт бичгүүдэд тусгасан билээ. Төрийн албаны ерөнхий шалгалт 2019 оноос хойш бүрэн цахимжсан. Ингэснээр бүх үйл явц техник технологийн шийдлийн дагуу, тухайн хүний мэдлэг чадварыг аливаа нөлөөгүй, хараат бусаар шалгах тогтолцоонд шилжсэн юм” хэмээлээ.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга, тэргүүн зэргийн түшмэл Б.Баатарзориг “Эл шалгалтыг улирал бүр авдаг болсон жишгийг тогтоосон нь энэ жилийн шалгалтын онцлог. Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэгчдийн хувь жилээс жилд өсөж байгаа. Шалгалтыг цахимжуулж эхэлж байхад нийт тэнцэлтийн хувь найм байсан бол мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, бэлтгэл ажлыг орон даяар хийж эхэлснээр 40 хувьд хүрсэн. Үүнийг дагаад нөөцөд орсон иргэдийн төрийн албанд томилогдох хувь ч мөн өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, энэ оны байдлаар нөөцөд орсон иргэдийн 33 хувь нь төрийн албанд шинээр томилогдоод буй. Төрийн албанд орох иргэдийн хүсэл, сонирхол нэмэгдэж буй нь ажиллах нөхцөл сайжирч, цалин хангамж өсөн, хөдөө орон нутагт ажиллахад бүсийн болон орон нутгийн нэмэгдэл, орон сууц авах таатай нөхцөлийн эхлэл тавигдаж байгаатай холбоотой юм” гэв.

Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны сул орон тоо илүү хурдан нөхөгдөж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтойг зохион байгуулагчид онцолж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *