Categories
гадаад мэдээ

Дональд Трамп гадаад бодлогын албан тушаалтнуудаа зарлав DNN.mn

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Бүгд найрамдах намын Флорида мужаас сонгогдсон сенатор 53 настай Марко Рубиог нэр дэвшүүлж, түүнийг “манай үндэстнийг хамгаалагч”, “манай холбоотнуудын үнэнч найз, нөхөр нь байх болно” гэж мэдэгдэв. Марко Рубио 2010 онд АНУ-ын Сенатын гишүүнээр сонгогдсоноос хойш гадаад бодлогод “харцага” байр суурь баримтлагчдын нэг болж, ялангуяа Вашингтоныг Хятад, Иран, Куба, Венесуэлийн эсрэг хатуу чиг хандлага баримтлахыг шаардах болсон. Хариуд нь Хятад түүнд хориг арга хэмжээ авсан.

Рубио 2014 онд Крымийг Орост нэгтгэсний дараа Оросын банкуудыг олон улсын төлбөрийн үйлчилгээний SWIFT системээс салгахыг уриалж байсан бөгөөд үүнээс гадна 2022 оны гуравдугаар сарын эхээр Рубио Бүгд найрамдах намын өөр нэг сенатор Час Грасслигийн хамт Оросын бүх төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авахыг санал болгож, эцэст нь тэрээр санаачилгаа бодит хэрэг болгосон.

Харин хариуд нь Кремль Марко Рубиод хориг арга хэмжээ авч, ОХУ-д орж ирэхийг хуулиар хориглосон билээ. Ийнхүү АНУ анхны латин америк гаралтай бас Орос, Хятадын хоригт орсон “харцага” Төрийн нарийн бичгийн даргатай болох нь тодорхой болов. Тэрээр “Би Төрийн нарийн бичгийн даргын хувьд ерөнхийлөгч Трамптай хамтран энх тайвныг хүчээр тогтоох болно” гэж мэдэгдсэн бол сэтгүүлчид түүнээс Израилийн армийн байлдааны явцад Палестины олон тооны энгийн иргэд амь үрэгдэж байгаа талаар ямар бодолтой байгааг нь асуухад “Би ХАМАС 100 хувь буруутай гэж бодож байна” гэж хариулжээ. Мөн Удахгүй Цагаан ордны тэргүүн болох Дональд Трамп Афганистаны дайны ахмад дайчин, Хятадын бодлогыг шүүмжлэгч гэдгээрээ алдаршсан 50 настай Майкл Вальц гэх бас нэг “харцага”-ыг өөрийн засгийн газрын зөвлөх буюу АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар ажиллуулна гэж мэдэгдсэн. Энэ хоёр хүн “харцага” гэдгээс гадна хоёулаа Флорида мужаас гаралтай.

Чухамхүү Марко Рубио, Майкл Вальц хоёрын удирдлага дор гадаад бодлого хариуцсан тус тусдаа том бүтэц ажиллаж “Ийм арга хэмжээ авч явуулах хэрэгтэй юм байна” гэсэн шинжлэх ухааны судалгааны баталгааг засгийн газарт танилцуулах болно. Харин АНУ-ын ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд хоёрт ийм бүтэц байхгүй. Энэ нь Марко Рубио, Майкл Вальц хоёрын үгээр АНУ-ын гадаад бодлого явагдана гэсэн үг.

 

Бэлтгэсэн
Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *