Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хуурамч улсын дугаартай замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлийн талаар мэдээлэл өгөөч?
-Цагдаагийн байгууллагын хяналт шалгалт болон камерын хяналт, E-Police аппликейшнээр ирүүлсэн иргэдийн гомдол мэдээллийн дагуу илрүүлж байна.
-Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нуун далдалсан, хуурамч дугаартай хөдөлгөөнд оролцсон жолоочид ямар шийтгэл ногдуулах вэ?
-Дүрмийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хариуцлага тооцдог. Улсын дугаар нь арилсан, бүдгэрсэн, үзэгдэх байдал нь муудсан автомашинтай замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 10 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100 мянган төгрөгөөр торгоно. Улсын дугаараа нуун далдалсан, улсын бүртгэлийн дугааргүй хөдөлгөөнд оролцсон тохиолдолд иргэнийг 25 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 250 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Энэ төрлийн зөрчлөөр энэ оны эхний арван сарын байдлаар 200 гаруй жолоочид хариуцлага ногдуулсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин