Categories
гадаад мэдээ

Абхазын иргэдийн ялалт DNN.mn

Оросууд дайн хийж, Гүрж улсаас Абхаз, Өмнөд Осет салан тусгаарлаж, 2008 оны наймдугаар сарын 25-нд ОХУ-ын Холбооны Зөвлөл, Төрийн Дум санал нэгтэйгээр Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Мэдээж олон улсад Путиныг дэмжигч хэдхэн улс л хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгвэл өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Абхаз улсад ОХУ-ын хөрөнгө оруулалтын гэрээг соёрхон батлахыг эсэргүүцсэн сөрөг хүчнийхнийг баривчилсны дараа энэ сарын 11-нд Сухуми хотод эсэргүүцлийн жагсаал эхлэв. Абхазын иргэд нийслэл Сухуми хот дахь Төрийн аюулгүй байдлын албаны байрны дэргэд цугларч, баривчлагдсан идэвхтнүүдийг суллахыг шаарджээ.

Сөрөг хүчнийг дэмжигчид болон Төрийн аюулгүй байдлын албаны ажилтнуудын хооронд үе үе зодоон болж байгааг “Республика” телеграм суваг мэдээлж байв. Цугларсан иргэд Төрийн аюулгүй байдлын албаны байранд хаалгыг нь хүчээр нээж нэвтэрснээс гадна жагсагчид төв хурдны зам болон Сухумиас гарах Кодори, Верхнегумистинский, Нижнегумистинскийн гурван гүүрийг бүрэн хаажээ. Дараа нь эсэргүүцэгчдийн гол хэсэг Эрх чөлөөний талбай руу шилжиж “Республика”-ын мэдээлснээр энэ эсэргүүцлийн жагсаалд Абхазын өнцөг булан бүрээс хүмүүс ирж нэгдэж эхэлсэн байна.

Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, Абхазын ерөнхий сайдын орлогч Кристина Озган нар Оросын компаниудад Абхазад хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх боломж олгох гэрээнд гарын үсэг зурсан юм. Харин уг гэрээг хүчин төгөлдөр болгохын тулд Абхазын парламентаар соёрхон батлуулах ёстой. Уг асуудлыг парламентаар хэлэлцэх өдөр буюу арваннэгдүгээр сарын 15-нд сөрөг хүчнийхэн гэрээг цуцлахыг шаардаж жагсаал хийхээр зэхэж байсан юм. Оросын “РИА Новости” агентлаг “Сөрөг хүчний Абхазын үндэсний эв нэгдлийн форум намын дарга Аслан Барциц парламентын экс депутат Гарри Кокая болон Алмасхан Ардзинба, Рамаз Жопуа, Аслан Гварамиа зэрэг сөрөг хүчний таван идэвхтэнг саяхан гарын үсэг зурсан хөрөнгө оруулалтын Орос-Абхазын хэлэлцээрийг эсэргүүцэн Гудаута мужид олон нийтийн уулзалт хийгээд буцаж ирэхэд нь саатуулсан” гэж мэдээлсэн. Харин Оросын “ТАСС” агентлаг “Эсэргүүцлийн жагсаалын улмаас Абхазын ерөнхийлөгч Аслан Бжаниа Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулж, Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Раул Лолуа сөрөг хүчнийхний хийж буй энэ үйлдлийг гэмт хэргийн шинж чанартай гэж мэдэгдэв. Төрийн аюулгүй байдлын албаны дарга Дмитрий Кучберия Төрийн хамгаалалтын албаны байрны ойролцоо болсон үйл явдлыг бүрэн хэмжээний үймээн самуун гэж нэрлэв” хэмээн мэдээлж байв. Харин баривчлагдсан идэвхтнүүдийг суллах эсэргүүцлийн хөдөлгөөнд Абхазын өнцөг булан бүрээс иргэд ирж нэгдэх болсны үр дүнд сөрөг хүчний идэвхтэнүүд нэг өдрийн дараа суллагдаж, эрх чөлөөтэй болов. Үүний дараа жагсагчид Сухуми хотын ойролцоох гүүр, гол замуудыг чөлөөлөв. Өөрийгөө тунхагласан Абхазын иргэдийн Оросын нөлөөллийг эсэргүүцсэн энэхүү ялалт Кавказын нурууны улсуудын олон зуун жил хүлээсэн, Оросын дарангуйллаас гарч, эрх чөлөөтэй болох явдлын эхлэл байх магадлалтай болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *