Categories
гадаад мэдээ

Дональд Трампын шинэ томилгоо DNN.mn

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өөрийн засаг захиргаанд хоёр чухал томилгоо хийснийг мэдэгдэв. Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан 62 настай Том Хоман Хилийн хяналт, бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргах ажлыг хариуцахаар болжээ. Харин Нью-Йорк хотоос сонгогдсон Төлөөлөгчдийн танхимын гишүүн 40 настай Элиз Стефаник НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгчөөр ажиллахаар болжээ.

Учир нь Бүгд найрамдахчууд дээд танхим буюу Сенатад олонх болсон бөгөөд доод танхим болох төлөөлөгчдийн танхимд ердөө гурван суудал авч АНУ-ын Конгресст бүрэн хяналтаа тогтооход тун ойртоод байна. CBS News-ийн мэдээлснээр Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдахчууд 215, Ардчилсан нам 210 суудал авсан байна. Харин олонх болоход 218 суудал шаардлагатай байгаа бөгөөд санал хураалтын дүнг тоолох ажил үргэлжилж байгаа билээ. Төлөөлөгчдийн танхимд олонхи болсноор Бүгд найрамдахчууд хуулийн төсөл санаачлах, түүнчлэн албан тушаалтнуудын эсрэг импичментийн ажиллагаа эхлүүлэх боломжтой болно. Конгрессийн хоёр танхимд хяналт тавих нь Трампад өөрийн санаачилгыг хэрэгжүүлэх илүү их эрх мэдлийг олгоно.

Трамп “Хоман манай улсын өмнөд, хойд хил болон далайн бүх хил, нисэхийн аюулгүй байдлын төлөө ажиллаж, хууль бус цагаачдыг эх орон руу нь албадан гаргах үүрэгтэй. Түүнийг бидний удаан хугацаанд хүлээж байсан энэхүү гайхалтай ажлыг сайн хийнэ гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж мэдэгджээ. Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг нь АНУ-д хууль бусаар амьдарч байгаа цагаачдыг албадан гаргах явдал юм. Трамп өмнө нь Сюзи Уайлсыг өөрийн засаг захиргааны тамгын газрын даргаар томилоод байсан билээ. Мөн Флоридагийн сенатор Рик Скотт Сенатын олонхын удирдагч болж магадгүй байгаа бол тэрбумтан Илон Маск, Роберт Кеннеди нар ирээдүйн Трампын засаг захиргаанд орж ажиллах нь тодорхой болоод байгаа юм. Харин Трампын анхны засаг захиргаанд ажиллаж байсан Никки Хейли, Майк Помпео нар шинэ багт орохгүй гэдгийг шинээр сонгогдсон ерөнхийлөгч өөрөө мэдэгдээд байгаа билээ.

Тэгвэл Украин болон Израилийн дайны хувь заяа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар хэн томилогдохоос ихээхэн хамаарах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *