Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдаачид: Өнгөрсөн онтой харьцуулахад үнэ өсөөгүй нэг ч бараа байхгүй DNN.mn

Монголд тулгамдаж буй гол асуудлуудын нэг нь яах аргагүй үнийн өсөлт юм. Монголбанкнаас 2024 онд инфляцийн түвшнийг барих зорилт тавьсан. Үүнийхээ хүрээнд ч цөөнгүй ажлуудыг хийсэн. Ийнхүү үнийн өсөлт өнгөрсөн онтой харьцуулахад хэрхэн өөрчлөгдөж, ард иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар Баянзүрх худалдааны төв, хүнсний дэлгүүрүүд, ТҮЦ-ний худалдагч болон иргэдээс сурвалжиллаа.


Гэрийн хажууд байдаг ТҮЦ ажиллуулдаг У.Цэцгээтэй барааны үнийн өсөлт ямар байгаа талаар цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Миний орлого өдрөөс өдөрт л багассаар, хэцүүхэн л байна. Манайд зарагдаж байгаа бараанууд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үнэ нь өсөөгүй нэг ч бараа байхгүй. Нийлүүлэгчдээс бараа татах болгонд үнэ нь 100-200 төгрөгөөр нэмэгдчихсэн байдаг. Үнийн нэмэгдэлтэй авсан бараанууд дээрээ ашгаа нэмээд зарах гэхээр хүмүүс орж ирээд л “Хөөх, энэ ийм үнэтэй болчихсон юм уу” гээд бараа авалгүй гардаг. Худалдан авагчид ихэвчлэн ширхэгийн кофе авч найруулж уудаг. Гэтэл нэг уут “ҮеYе” кофег 17 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо 20 мянга болчихсон. Би ашгаа бодоод нэг ширхэг кофе дээр 20-40 төгрөг нэмж заралгүй хуучин үнээр нь зарж байна” гэсээр бидний яриа өндөрлөв.

Ингээд “Баянзүрх худалдааны төв” рүү ортол хүн хөдөлгөөн багатай, з арим худалдагчид хоорондоо элдвийг ярилцаж, зарим нь хөзөрдөж байхтай таарав. Эхэлж уулзсан хүн бол орос чихрийн лангуу ажиллуулдаг Х.Чулуун байв. Тэрээр “Оросоос орж ирдэг бараануудын үнэ их өссөн. Монгол Улс үйлдвэрлэгч биш импортлогч орон болохоор хоёр хөршийн гадаад, дотоод нөхцөл байдал манай улсад шууд нөлөөлдөг. Оросын дайн одоо ч үргэлжилж байгаа нь барааны үнэ өсөх шалтгаан болсон” гэв.

Өвөлжилт хүндэрч зуд турхан болсон нь цагаан идээний үнэ өсөх шалгаан болж байна

Цагаан идээний лангуу ажиллуулдаг иргэн Х.Б энэ жилийн өвөлжилт ихэнх нутгаар хүндэрч зуд турхан болсон. Тэр ч утгаараа нийлүүлэгчид ховордож, цагаан идээний үнэ өнгөрсөн жилийнхээс өсөх хандлагатай байна. Ашгаа бодоод үнээ нэмж зарах гэхээр худалдан авагчгүй болчихно. Аргаа барахдаа цагаан идээн дээрээ 15 хувийн ашиг нэмж зардаг байсан бол одоо 10 хувь болгож зарж байна. Гэхдээ л худалдаж авах хүмүүс багассан гэж хариулав. Харин хүнс ногооны лангуун дээр очиход худалдагч нь “Тухайн жилийн ургацаас хамаараад ногооны үнэ өөр өөр байдаг. Энэ жилийн хувьд манжин болон байцааны ургалт муу байсан учраас ургац бага хураасан. Өнгөрсөн жил шар манжинг 2300 төгрөгөөр бөөндөж авдаг байсан бол энэ жил 3500 төгрөгөөр бөөндөж авч байна” гэв.

“Нандин” хүнсний дэлгүүрийн худалдагч Ш.Алтантуяа: 2300 төгрөгөөр зарагддаг байсан талх одоо 3000 төгрөг болсон

“Би дэлгүүр ажиллуулж эхлээд дөрвөн жил болж байна. Анх дэлгүүрээ ажиллуулж эхлэх үед барааны үнэ хямд, орлого ч гайгүй байсан. Харин одоо өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Ер нь барааны үнэ жилээс жилд өсч байгааг хүн бүхэн л мэднэ. Барааны үнэ өсөхийн хэрээр орлого буурч, орлого багасахын хэрээр ард иргэдийн амьдрал хэцүүдэж, өнөө маргаашаа аргацаадаг болж байна. Би сэтгэл зүрхгүй хүн биш шүү дээ. Аль болох боломжийн үнээр л бараагаа зарахыг бодно. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад гурилан бүтээгдэхүүн, чихэр, печенийн үнэ нэмэгдсэн. Жишээ нь, өмнө нь 2300 төгрөгөөр зарагддаг байсан талх одоо 3000 болсон. Орчин үед хямд үнэтэй бараанууд гэвэл хямдрал зарлачихсан шинээр зарагдаж эхэлж байгаа болон хугацаа нь дуусах дөхсөн бараанууд л байдаг.

Иргэн А.Цагаанцоож: Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна

Иргэд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна. Одоо ч юмны үнэ тэнгэрт хадаж бараг нөхөгдөхөөргүй болж авдаг цалин олсон орлого хаанаа ч хүрэхгүй байна. Би хувцасны дэлгүүрт өдрийн 70 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Сургуулийн насны дөрвөн хүүхэдтэй, өрх толгойлсон ээж. Ажил маань өглөө 08:00 цагаас эхэлдэг болохоор заримдаа хүүхдүүддээ хоолны таван мянган төгрөг өгөөд явуулахад болдог л байсан. Өнөөдөр хүү маань “Таван мянган төгрөг чинь 500 төгрөг шиг л болсон шүү дээ” гээд хэлж байна. Би 20 мянган төгрөгөөр нэг кг будаа, нэг талх, нэг варень авахад л дуусч байх жишээний. Үнэ энэ мэтчилэнгээр өссөөр байвал цаашид яаж амьдарна аа хэмээн шаналж байна” гэсэн юм.

Орсон газар, асуусан хүн бүр л үнэ өссөөр байгааг, энэ хэрээр ард иргэдийн амьжиргааны түвшин улам бүр буурч байгааг дор бүрнээ илэрхийлж байв.

Б.Баярмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *