Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Аззаяа: Бидний эргэн тойронд тэр чигээрээ хими байдаг, химигүй амьдрал гэж байхгүй DNN.mn

Хими-2024 үндэсний эрдэм шинжилгээний хоёрдугаар хурал саяхан өнгөрлөө. Тус хурлыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС, МУБИС, ШУТИС, ХИМИЙН НИЙГЭМЛЭГ хамтран зохион байгуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулж ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяатай ярилцлаа.


-Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын онцлог нь юу байна вэ?

-Бид хоёр жилийн өмнө анхдугаар хурлаа зохион байгуулсан. Анхдугаар хурлаараа химийн салбарт ажиллаж, судалгаа шинжилгээ, сургалт, үйлдвэрлэл явуулж байгаа бүх байгууллагыг хамруулж байсан. Энэ салбарын бүх химичид нийлээд улс орны өмнө тавьж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050”, ялангуяа аж үйлдвэржилтийн сэргэлт гэдэг хэсэгт нь химичдийн оролцоог тодорхойлъё гэсэн агуулгаар байсан. Өнөөдөр бид химичдийнхээ оролцоог тодорхойлж, нэмэгдүүлсэн байна. Шинжлэх ухаантай холбоотой хууль эрх зүйн орчин бүрдээд, холбогдох дүрэм журам нь батлагдаад явж байгаа.

-Та химийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ. ямар чиглэлээр ихэвчлэн судалгаа хийдэг вэ?

-Миний хувьд 2000 онд УБИС-ийг төгсөөд, “ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн”-дээ ажиллаад 20 гаруй жил болж байна. Энэ үеэр гадагшаа явж эрдмийн зэрэг хамгаалж, докторын дараахь судалгааны ажлаа хийсэн. Миний судалгааны чиглэл бол газрын ховор элемент агуулсан эрдэс, түүхий эдийг боловсруулах хими-технологийн туршилт, судалгаан дээр ажиллаж ирсэн. Мөн хаягдал усны биологийн боловсруулалтын үед ялгардаг хүлэмжийн хийн үүсэх, задрах механизмыг тогтвортой изотопын аргаар судлах чиглэлээр ажилладаг.

-Сүүлийн үед химийн шинжлэх ухаан хэр хөгжиж байна. Залуу үеийнхэн химийн салбарыг сонгон суралцах нь хэр байна вэ?

-Сүүлийн үеийн хүүхдүүдийн сонирхол, цаг үеэс хамаараад байгалийн ухааны хичээлийг сонирхох нь нийгмийн ухаантай харьцуулахад багасаад байгаа. Гэсэн хэдий ч байгалийн ухаан дотроо химийн салбарыг физик, биологийн салбараа бодвол харьцангуй их сонирхож байгаа нь ажиглагддаг. Хоёр жилийн өмнө анхдугаар хурлаа зохион байгуулж байхдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдгийг анзаарч, хэлэлцэж байсан. Энэ нь тухайн үед зохион байгуулж байсан салбар хуралдаануудын нэг болох химийн боловсролын хэсгийг нэлээн нухацтай авч хэлэлцэж байсан. Хэрэв ирээдүйд манай улсад аж үйлдвэржилтийн сэргэлттэй холбоотой химийн аж үйлдвэр хөгжвөл хүний нөөцийн хэрэгцээ үүснэ. Тийм учраас суурь мэдлэгийг сайн эзэмшүүлэх хэрэгтэй.

-Хими бидний амьдралд хэр ойрхон салбар вэ. Уул уурхайн олборлолт байгаль орчин, эрүүл мэндэд нөлөөлөх нь хэр байдаг вэ?

-Бидний эргэн тойронд тэр чигээрээ хими байдаг. Хамгийн энгийн жишээ бол ус. Ус бол H2O гэдэг химийн бодис. Сахар, глюкоз, хүчилтөрөгч гэх мэт химигүй зүйл гэж байхгүй. Хүний биед хүртэл хүнд металлын агууламж тодорхой хэмжээгээр байдаг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл гаднаас ирж байгаа бактериудыг устгах үүрэгтэй. Хүн өөрөө химийн элементээс бүрдэж байна, бидний ууж, идэж байгаа зүйлүүд бүгд химийн элементтэй байна. Химигүй амьдрал байхгүй гэсэн үг.

Уул уурхайн олборлолт хийж л байгаа бол байгаль орчинд тодорхой хэмжээгээр ямар нэгэн нөлөө үзүүлнэ. Гэхдээ үүнийг зөв хяналтаар явуулах ёстой. Жишээлбэл, уул уурхайн олборлолт нь эрдэс баялгаас гадна нүүрс, нефть бүгд орно. Нүүрс, нефтиэ ухахаар эргээд нүүрстөрөгчийн дан исэл дутуу шатсанаас болоод угаарын хий ялгараад, хүний биед сөргөөр нөлөөлж байна. Түүнтэй адил уул уурхайн үйл ажиллагаа, зэс алтны уурхайд олборлолтыг технологийн горимын дагуу явуулахгүй бол байгаль орчныг бохирдуулж байдаг. Жишээлбэл, алт нь уурхайн газрын гүнд төрөл бүрийн эрдэстэй хамт агуулагдсан байж болно. Хүнцэл гэдэг эрдэс алттай ойр байвал алтыг боловсруулах үед, газрын гүнд агааргүй орчинд байсан эрдэс нь олборлолт явахаар нар салхи, агаарын нөлөөгөөр исэлдэлтэд орно. Ингээд хүнцэл нь таван валенттайгаас гурван валенттай хэлбэрт орохоороо гол ус, хөрсөө бохирдуулдаг. Гол усаар дамжаад хүн, амьтныг хордуулах аюул үүсдэг. Тиймээс уул уурхайн үйл ажиллагаа, дараагийн нөхөн сэргээлтийг нь зөв хяналтаар явуулбал уул уурхай, эдийн засаг хөгжихөөс гадна хүний эрүүл мэндийг хамгаална гэсэн үг. Гагцхүү зөв технологийг мэргэжлийн хүмүүс хамтарч явуулах шаардлагатай.

-Ундны усанд агуулагдаж байгаа хүнд металл нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Аливаа юм хэмжээ дамжаатай байдаг. Ундны усаар жишээ авбал, ШУА-ийн хоёр хүрээлэнгийн нийлсэн мониторинг судалгаагаар говийн бүсийн ундны усанд хүнд металлын агууламж байгалиасаа өндөр байдаг. Тэр нь хүний хүчин зүйлээс биш, байгалийн тогтолцооноос болдог. Ундны усанд хүнд металлын агууламж тодорхой хэмжээнд байх ёстой ч хүнд металлын агууламж өндөртэй усыг ундандаа хэрэглээд байвал хүний биед өвчлөл үүсдэг.

Би нэг зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг. Хүмүүс шүүсэн, цэвэршүүлсэн ус байнга ундандаа хэрэглэх нь буруу юм. Яагаад гэвэл усанд хүнд хэрэгтэй эрдэс бодис, хүнд металл агуулагддаг учраас дутагдвал өвчлөл үүснэ. Тэгэхээр аливаа зүйл стандартын түвшинд л байх ёстой. Хүний шүдэнд фтор хэрэгтэй. Гэтэл Улаанбаатар хотын ундны усанд фторын агууламж бага байдаг. Гэтэл фтор дутагдахаар шүдний өвчлөл үүсдэг. Фтор нь хүний биед хэрэгтэй эрдэс минералуудын нэг учраас фтортой бүтээгдэхүүн хэрэглэ гэж зөвлөөд байдаг юм.

-Таны хувьд газрын ховор элемент агуулсан эрдэс, хими-технологийн туршилт, судалгаан дээр ажиллаж ирсэн. Манайд газрын ховор элементийн судалгаа хэр эрчимжиж байна вэ?

-2015 оноос манайх Өмнөд Монголын Металлургийн судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагаа байгуулсан. Энэ хүрээнд 2017 оноос Хотгорын гүнд баяжигдах газрын ховор элементийн хүдрийг баяжуулах, боловсруулах технологийн судалгаа гэсэн хамтарсан захиалгат төсөл хэрэгжүүлсэн. Монголын талаас тухайн үеийн БСШУС-ын яам, нөгөө талаас Хятадын Шинжлэх ухаан технологийн яам хамтран захиалж, гүйцэтгэгч нь манай ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, Хятадын талаас Өмнөд Монголын Металлургийн судалгааны хүрээлэн хамтарсан.

Хотгорын ордын хувьд шинж чанар нь 2.1 хувийн газрын ховор элемент агуулсан хүдэр байдаг. Бид яаж хамтарсан бэ гэхээр, Хотгорын бага агуулгатай хүдрийг Хятадын тал баяжуулаад бидэнд 10 хувьтай болгоод баяжмал ирүүлсэн. Бид энэ баяжмалыг хүлээж аваад гурван хүчлээр боловсруулж 90 гаруй хувьтай газрын ховрын нийлбэр оксид гаргаж авсан байгаа. Үүний дараа нь манай хүрээлэнгээс 2019 онд миний бие болон манай эрдсийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан бид хоёр очиж Хотгорынхоо хүдрийг гардаж баяжуулаад 12 хувьтай баяжмал гаргаж авсан. Өөрөөр хэлбэл, хятадуудаас хоёр хувиар илүү баяжмал гаргаж авсан жишээ байгаа. Тэгэхээр манайд энэ төрлийн судалгаа эрчимтэй явагдаж байгаа юм.

Г.БалГаРМаа

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *