Categories
мэдээ нийгэм

Эрдэмтдийн хийсэн бас нэгэн шинэ нээлт DNN.mn

Олон улсын судлаачдын багийн хийсэн шинжлэх ухааны нэгэн шинэ нээлт хөгшрөлтийг удаашруулж магадгүй байгаа аж. Эрдэмтдийн баг хүний биеийн үүдэл эсээс арьсны эсүүд хэрхэн үүсч буйг тогтоож, тэр ч байтугай лабораторийн нөхцөлд арьсны жижиг хэсгийг бий болгож чаджээ. Энэхүү судалгаа нь хүний биеийн бүх бүрэлдэхүүн хэсгүүд эсийн түвшинд хэрхэн үүсдэгийг судлах өргөн хүрээний хөтөлбөрийн нэг хэсэг юм байна. Судалгааны үр дүнг хүний хөгшрөлтийн явцыг удаашруулахаас гадна түлэгдсэн хэсэгт эрүүл арьс суулгах, элдэв сорви үүсэхээс урьдчилан сэргийлэхэд ашиглаж болох ажээ.

Хүний эд, эрхтэн эсийн түвшинд хэрхэн үүсч буйг тогтоох энэхүү төсөл нь биологийн салбарын хамгийн том судалгааны хөтөлбөрүүдийн нэг юм. Энэхүү төсөл нь олон улсын чанартай боловч төв нь Английн Сангерийн хүрээлэнд байдаг аж. Төслийн удирдагчдын нэг, профессор Музлифа Ханифа “Энэ судалгаа нь янз бүрийн өвчнийг илүү сайн эмчлэх аргыг нээхээс гадна хүний насыг уртасгах, магадгүй бүр залуу харагдах шинэ арга замыг олоход тусална. Учир нь бид арьсны үүсэл хөгжлийг хянаж, хөгшрөлтөөс сэргийлж чадвал үрчлээс бага байх болно. Цаашид хэрэв бид хүний эсүүд үүсч хөгжихөөс хөгшрөх хүртэл хэрхэн өөрчлөгддөгийг ойлгож чадвал бидний эрхтнүүдийг хэрхэн залуужуулах аргыг олох болно. Мэдээжийн хэрэг, энэ нь хол мэт санагдаж байгаа ч судлаачид хүний биеийн хөгжлийн эхний үе шат болох урагт арьсны эсүүд анх хэрхэн үүсдэгийг олж тогтоогоод байна. Анх өндгөн эсээс үр хөврөл үүсэх үед хүний бүх эс ижил байдаг. Гэвч гуравхан долоо хоногийн дараа үүдэл эсийн доторх тодорхой генүүд ажиллаж, бидний биеийн өөр өөр үүрэг бүхий янз бүрийн хэсгүүдийг бий болгож эхэлдэг. Судлаачид хүний хамгийн их хэмжээтэй арьсыг бий болгодог ямар ген, аль цаг үед, яаж ажиллаж байгааг олж тогтоож чадсан. Тусгай урвалжаар будаж микроскопоор харахад эдгээр генүүд нь үлгэрийн бяцхан гэрэл мэт харагддаг.

Улбар шар өнгийн эдгээр генүүд нь арьсны гадаргууг бүрдүүлдэг. Шар өнгөтэй нь үс ургуулахаас гадна хөлрөх, гадны элдэв нөлөөллөөс хамгаалах арьсны бүтцийг бий болгодог гэх мэт бусад олон зүйлийг бид мэддэг болсон. Үндсэндээ манай эрдэмтэд хүний арьс хэрхэн бүтдэг явцыг нээж “Nature” сэтгүүлд нийтлүүлсэн. Хэрэв та үүнийг уншиж ойлгож чадвал гайхалтай боломжууд танд нээгдэх болно. Эрдэмтдийн өөр нэг чухал нээлт бол дархлааны эсүүд арьсны судас үүсэхэд хэрхэн чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг нээж чадсан явдал. Энэ бүхний эцэст бид лабораторид генийн зааврыг хуулбарлаж хиймэл арьс гарган авч чадсан юм. Гэхдээ одоогоор эрдэмтэд үс бүхий арьсны жижиг хэсгүүдийг л гаргаж авсан. Хүний арьс хэрхэн бүтээгдэж буйг мэдсэнээр бид үүнийг түлэгдэлттэй өвчтөнүүдэд шинэ арьс шилжүүлэн суулгахад ашиглах болно. Өөр нэг жишээ гэхэд хэрэв та үсний уутанцар үүсгэж чадвал халзан хүмүүс бүгд үстэй болно. Лабораторид ургуулсан хүний арьсыг төрөлхийн арьсны өвчнийг судлах, эдгээр өвчний шинэ эмчилгээг туршиж үзэхэд ашиглаж болно. Бидний генийн заавар нь төрсний дараа болон насанд хүрсэн үед бидний бүх эд эс, эрхтэнийг хэрхэн ажиллуулж байгааг ойлгох нь маш чухал ач холбогдолтой судалгаа юм” гэж хэлжээ.

Эрдэмтэд энэхүү “Хүний эсийн атлас” төслийн хүрээнд найман жилийн хугацаанд хүний биеийн янз бүрийн хэсгийн 100 сая эсийг шинжлэн судалжээ. Үүний үр дүнд тархи, уушги хэрхэн үүсч буйг олж тогтоосон бөгөөд эдүгээ эрдэмтэд бөөр, элэг, зүрх хэрхэн үүсч буйг үргэлжлүүлэн судалж байна. Уг төслийг үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг болох Кембрижийн их сургуулийн профессор Сара Тейчманы хэлснээр дараагийн шатанд хүний бүх биеийн эсийн атласуудыг нэгтгэн гаргах ёстой гэнэ.Тэрээр BBC-д өгсөн ярилцлагадаа “Энэ үнэхээр сэтгэл хөдөлгөм үйл явдал. Учир нь хүний физиологи, анатомийг шинээр харж, хүнийг шинэ байдлаар ойлгох боломжийг бидэнд олгох болно. Энэ нь бидний тухай, бидний эд, эрхтнүүд, тэдгээр нь хэрхэн үүсч, яаж ажилладаг тухай сурах бичгүүдийг дахин бичихэд хүргэнэ. Бид ирэх саруудад хүний биеийн бусад хэсгүүд хэрхэн бий болдог тухай “генетикийн заавар”-ыг нийтлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь эцсийн дүндээ хүн хэрхэн бүтээгддэг тухай илүү бүрэн дүүрэн зургийг бидэнд гаргаж өгөх болно гэжээ.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *