Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жавхлан: Хувийн хэвшлээ эрчим хүч, дэд бүтэц, татварын бодлого, хүүгийн татаас зэргээр дэмжиж өгөх ёстой DNN.mn

Сангийн сайд Б.Жавхлантай ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин нар ирэх оны төсвийн төслийг эргүүлэн татах шаардлагыг хүргүүлсэн. Тэгэхээр цаг хугацааны хувьд ийм боломж бий юу. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ жил цоо шинэ цагалбараар есдүгээр сарын 1-нд Засгийн газар 2025 оны төсвөө өргөн барьсан. Үүнээс хойш ажлын хэсэг байгуулагдаж байнгын хороод, УИХ дээр нийтдээ 65 хоног хэлэлцэгдсэн. Өөрөөр хэлбэл, УИХ дээр ийм хугацаанд байсан гэсэн үг. Тэгэхээр ийм асуудлаа өмнө ярьж болох өчнөөн хоног байсан. Ирэх оны төсөвтэй холбоотой бид олон ч хэлэлцүүлэг хийсэн. Гэтэл аравдугаар сарын 1-нд байгуулагдсан ажлын хэсэг дэгийн дагуу ажилласан, ингээд хоёрдугаар хэлэлцүүлэг болсны дараа хуулиа хамгийн сайн мэддэг, дэгээ хамгийн сайн барьж байх ёстой хүмүүс, нэр бүхий гишүүд маань ийм зүйл гаргаж байгаад харамсаж байна. Өмнөх парламентуудын үед гишүүдээс ийм санал гаргадаг л байсан. Гэхдээ хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа гаргаж байгаагүй. Бараг анхны тохиолдол нь энэ болж байгаа байх.

-Соёлын яамны төсөв дээр байгаа 18 тэрбум төгрөг нэлээд асуудал дагуулж байна?

-Тийм, тоог ярихаасаа өмнө агуулгыг нь ярих ёстой. Өөрөөр хэлбэл, хуулиа ярих ёстой юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гэж сая хавар батлагдсан. Энэ хуулийн наймдугаар бүлэгт дөрвөн заалт бий. Эдгээр заалт дээр 16-18 насны өсвөр үеийнхэнд зориулсан ваучерыг төрөөс даана гэчихсэн байгаа. Хэрвээ уг хуулийн үзэл баримтлал нь буруу гэж үзэж байгаа бол гишүүд хууль санаачлах эрхтэй. Энэ удаад ингээд тоотой нь ноцолдоод өнгөрлөө гэхэд хойтон энэ хуулиараа дахиад л орно шүү дээ. Харин агуулгаараа буруу гэж байгаа бол тухай хуулийг хүчингүй болгох, шинэчилсэн найруулга хийх зэргээр ажил хэрэгч хандах ёстой.

-Эдгээр гишүүд ирэх оны төсвийн урсгал зардлаас 3.6 их наяд төгрөгийг танах боломжтой гээд байгаа шүү дээ?

-Би дахиад хэлье. Тоотой биш агуулгатайгаа ноцолдох 65 хоногийн хугацаа тэдэнд байсан. Өнгөрсөн хугацаанд энэ талаар ерөөсөө яриагүй. Ажлын хэсэг дээр 3.6 их наяд төгрөг гэсэн тоог огт гаргаж тавиагүй. Яагаад хоёрдугаар хэлэлцүүлгийн ард энэ бүхнийг яриад байгаа вэ гэдэг л өөрөө асуудал. Буруу зөрүү зүйл байгаа бол тэр талаар нь илэн далангүйгээр хуулийнх нь хугацаанд ярилцах ёстой. Тэгэхгүйгээр гуравдугаар хэлэлцүүлэгт тулгаж ирээд, төсвөө батлах ёстой арваннэгдүгээр сарын 15-ны өдөр гэсэн хуулийн заалттайг мэдсээр байж ингэж байгаад би гайхаж л байна.

-Төсвийн хэлэлцүүлгийн үеэр хоёр болон түүнээс дээш сонгогдсон гишүүдийн зүгээс таван тэрбум төгрөгийн асуудал ярилаа гэсэн. Үнэхээр ийм зүйл болсон юм уу. Ноднин жил гурван тэрбум байсан нь өсөөд таван тэрбум болчихсон байна гээд шуугиад байсан шүү дээ?

-Тийм санал гаргасан гишүүдээ би буруутгамааргүй байна. Өмнө нь 76 тойрог байхад жил бүр л ийм хандлага гардаг байсан. Гишүүд чинь өөрөө үүрэгтэй шүү дээ. Тойрогтоо бүтээн байгуулалт хийх, хөрөнгө оруулалт татахын тулд бараг уралдаан болдог байсан. Харин 126 гишүүнтэй болсноор гишүүдийн хандлага их зөв байна гэж би харж байгаа. Засгийн газраас оруулж ирсэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр суурилсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт дээр их зөв хандлага гарсан. Гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн байгаа. Тийм болохоор ирэх дөрвөн жилд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал амжилттай явах юм байна гэсэн бүрэн итгэлийг авсан.

-Засгийн газрын 14 мега төслөөр халхавчилсан үр ашиггүй зардлууд их байна гэж яриад байгаа. Гадаад томилолт, зочин хүлээж авах зардал дөрөв дахин өссөн гэсэн. Яагаад ингэж их өсөөд байгаа юм бэ?

-Зардал өсч байгаа асууд лыг бодит байдалтай нь задалж авч харах хэрэгтэй. Гадаад томилолтын зардал 2021, 2022 онтой харьцуулахад нэмэгдэхээс аргагүй. Тэр үед чинь хил хаагдчихсан, бүгдийг нь цахимаар хийдэг байсан. Тэр бүү хэл дотоод томилолтуудаа ч зогсоож байсан үе шүү дээ. Үнэ өртөг ч нэмэгдлээ. Манай улсын гадаад харилцаа эрс өргөжин тэлж байна. Үүнтэй холбоотой өсөлтүүд байна. Мөн урсгал зардал өссөн гурван шалтгаан л байгаа. Хамгийн том шалтгаан буюу 60 хувийг эзэлж байгаа нь тариф, хүн амын өсөлт, цалин байна. Мөн хууль дагасан зардлын өсөлт 20 хувь байгаа. Түрүүн дурдсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль дээр гарч байгаа өөрчлөлт бол нэг жишээ нь. Үүнээс гадна маш олон хууль бий. Нийгмийн даатгалын тухай хууль дээр долоон жилийг таван жил болголоо. Маш их ачаалал авч байна. Он гараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ. Нийгмийн даатгал дээр бид чинь хуримтлалын тогтолцоо руугаа шилжиж хоёр хувийг шууд хадгалдаг болж байгаа. Энэ л гэхэд шууд 300 тэрбум төгрөг болж байх жишээтэй. Мөн Цагаан алт, Шинэ хоршоо, Хүнсний хувьсгал гэсэн үндэсний томоохон хөтөлбөрүүд жил ирэх тусам маш их өргөжиж, тэлж байна. Ингэхээс ч өөр арга байхгүй. Үүнээс гадна хөрөнгө оруулалтууд жил ирэх тусам нэмэгдэнэ.Өнөөдөр хувийн хэвшил нэг томоохон бүтээн байгуулалт хийх, хороолол барих гэхээр бид эрчим хүчийг нь өгч чадахгүй болж ирж байна. Тийм болохоор эрчим хүчнийхээ бүтээн байгуулалтуудыг хийе. Хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулалт хийхэд өртгийг нь хамгийн их бууруулж өгдөг, хөгжлийн хурдыг нь нэмдэг зүйл бол зам, тээвэр ложистик. Тийм учраас энэ хоёрыг хамгийн түрүүнд хийх ёстой. Энэ шинэ хандлагыг ч гишүүд маань хүлээж авч дэмжсэн. Цаашдаа ч дэмжээд явах байх гэж бодож байгаа.

-Ирэх оны төсөв дээр хувийн хэвшлээ дэмжсэн зүйл хэр их байна вэ гэдгийг хүмүүс их асууж, сонирхож байгаа. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Хувийн хэвшлийг дэмжинэ гэхээр их хэмжээний татаас өгдөг халамжийн байдалтай байж болохгүй. Хүмүүс энэ тал руу нь гуйвуулж асуугаад байдаг. Харин бид хувийн хэвшлээ эрчим хүч, дэд бүтэц, татварын бодлого, зээлийн хүүгээр нь хангаж, дэмжиж өгөх ёстой. Энэ бүх зүйл бүгдээрээ энэ удаагийн төсөв дээр орж ирсэн байгаа. Боловсруулах үйлдвэр дээр салбар харгалзахгүйгээр татварын бодлогоор дэмжье гэж байна. Бүсчилсэн хөгжил дээр ялгаатай татварын бодлогуудаа явуулна. Энэ бүхэн чинь хувийн хэвшлүүдээ дэмжиж байгаа маш том бодлогын шилжилт байхгүй юу. Түүнээс биш хувийн хэвшлээ дэмжиж байна гээд халамжийн бодлого явуулж болохгүй.

-Ирэх онд инфляцийн түвшинг ямар байхаар төсөөлж байна вэ?

-Өнгөрсөн дөрвөн жил ковид болон ковидын дараахь эдийн засгаа сэргээх, тогтворжуулах хүнд сорилтын жилүүд байлаа. Харин ирэх дөрвөн жил бол хөгжлийн жилүүд байна гэж харж байгаа. Гэхдээ аливаа хөгжил тэлэлтийн эрсдлийг дагуулдаг. Бид тэлэхгүйгээр бүх зүйлээ хумиад боломжуудаа алдаад суух уу. Эсвэл тэлэлтийн эрсдлээ шингээгээд, түүндээ таарсан төсөв, мөнгөний бодлогоо гаргаад явах уу гэдэг нь сонголтын л асуудал. Бид амаргүй замыг нь сонгосон, бид хөгжлийн төлөө зорино. Харин хөгжил нь хүртээмжтэй, ил тод, иргэн бүрд хүрсэн байх учиртай.

-Сүүлийн хэдэн өдөр валютын ханш чангарч байх шиг байна. Үүнийг юутай холбож тайлбарлах вэ?

-Би үүнийг улирлын эффект гэж харж байгаа. Манайх чинь бүтээн байгуулалтын улирал багатай улс. Тийм болохоор гурав, дөрөвдүгээр улиралд гүйцэтгэл шахагдаж гардаг. Үүнтэй холбоотой л гэж харж байгаа.

-Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай. Харин эдийн засгаа солонгоруулна гээд олон жил ярьж байна. Ирэх оны төсвийн орлого дээр ингэж солонгоруулах талын ямар зүйл байна вэ?

-Уул уурхайгаас хамааралтай орлого эмзэг байгааг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин үүний эсрэг юу хийх вэ гэвэл хувийн сектороо л дэмжих ёстой. Тийм болохоор одоо эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болох тал дээр л анхаарах хэрэгтэй. Одоо бидэнд эрчим хүчний түүхий нүүрс экспортлох 10 жилийн л хугацаа байна. Энэ хугацааны дараагаар бид тултал боловсруулаад эцсийн коксжих нүүрс гаргадаг л болох хэрэгтэй юм.

-Энэ 10 жилийн хугацаанд бид яриад байгаа том төслүүдээ гараанаас гаргаж, хөдөлгөж чадах болов уу?

-Яриад байгаа энэ 14 мега төсөл гэдэг чинь үүнийг л дэмжиж байгаа дэд бүтцийн төслүүд шүү дээ. Хилийн нэвтрэн өнгөрөх чадвар, эрчим хүчний эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх, зам харилцаагаа нэмэх төслүүд юм. Тийм учраас би чадна гэж харж байгаа. Энэ төсөв маань ч ийшээ зориглож байгаа юм. Гэтэл төсөв дээр янз бүрийн нэр зүүж байгаад дэгээдэж унагаах юм бол энэ 14 төсөл маань ёстой жинхэнэ цаасан дээрээ л үлдэнэ.

One reply on “Б.Жавхлан: Хувийн хэвшлээ эрчим хүч, дэд бүтэц, татварын бодлого, хүүгийн татаас зэргээр дэмжиж өгөх ёстой DNN.mn”

ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, ЭЛБЭГДОРЖ, ЦАГААНЫ ЭРДЭНЭТИЙН УУРХАЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАК- Н СТРАТЕГИЙН ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ АСАР ИХ, ТОМ ТОМ ХУЛГАЙН МӨНГӨӨРӨӨ НӨХ… ИРГЭД АЧААЛЛЫГ НЬ ДИЙЛЭХГҮЙ…ЭДГЭЭР ХУЛГАЙН МӨНГӨӨР ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ ХЭДЭН ЗУУ МЯНГА ДАХИН НӨХӨХ БОЛОМЖТОЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *