Манай улсад сүүлийн зургаан сарын байдлаар телеграм залилантай холбоотой нийт 619 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 10.3 тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирсан байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар холбогдох байгууллагуудтай хамтран, шат дараалсан ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад А.Итгэлттэй ярилцлаа.
-Сүүлийн үед иргэд яагаад телеграм платформыг их ашиглан, цахим залиланд өртөх нь нэмэгдэж байна вэ?
-Энэ оны долдугаар сараас эхлэн Цагдаагийн байгууллагад гар утасны телеграм аппликэйшнийг ашиглан “цагийн ажил буюу даалгавар биелүүлэх, мөнгө өсгөж өгнө” гэсэн зарын дагуу мөнгө байршуулж, залилуулсан гэх гомдол, мэдээлэл нэмэгдэж байна.
Сүүлийн дөрвөн сарын хугацаанд 619 гэмт хэрэг бүртгэгдэн, шалгагдаж байна. Эдгээр иргэдэд нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учраад байгаа юм. Бусад платформуудаас яагаад онцлоод ашиглаад байна вэ гэвэл, нууцлалын хувьд дэлхий нийтэд хамгийн өндөр агууламжтай платформуудын нэг.
Монголчууд яагаад идэвхтэй ашиглаад байна вэ гэвэл, цахим орчинд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн гол хийж байгаа зүйл нь “ажил сонирхож байна уу, цагийн ажил байна, мөнгийг тань өсгөөд өгье” гэх мэт холбоосоор дараад ороход телеграм платформ руу нэвтэрч орох зааврыг нь явуулдаг. Тэгэхээр ухаалаг утас барьж байгаа хүн тэр зааврыг нь дагахад л уг платформ автоматаар утсан дээр сууна гэсэн үг. Телеграм нь бусад харилцааны системүүдтэй “messenger, we chat, viber гэх мэт” адилхан учраас иргэд их ашиглаад байгаа юм.
-Цахимаар даалгавар биелүүлээд мөнгөө өсгөх залилан нь хэрхэн явагддаг юм бол?
-Телеграм руу нэвтрээд, мөнгийг нь өсгөж өгч байгаа зүйл нь хиймэл оюун ухаан юм. Телеграм даалгаврыг үе шатаар биелүүлээд дараа, дараагийн даалгаврыг биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлж авах боломжтой гэж төөрөгдүүлдэг. Хэрэв даалгаврыг биелүүлээгүй, эсвэл дундаас нь зогсоовол систем таны цэнэглэсэн баримтыг шалгах боломжгүй болж төлбөр тооцоо, бонус мөнгө, буцаан олголт зэргийг танд өгөх боломжгүй гэх зэргээр шахалтад оруулдаг. Жишээ нь, 80 мянгаас эхэлж ороод, тэр нь 160 мянга болоод өсчихвөл мөнгөө авч болно.
Мөн авахгүйгээр 320 мянга болгож өсгөх боломжтой. Гэхдээ өмнөхөөс хоёр, гурван даалгавар илүү биелүүлэх ёстой гэх мэтээр залилдаг. Монголчуудын интернэтээр худалдан авалт хийдэг онлайн шопууд бараагаа сурталчилдаг системтэй. Түүнийг нь ашиглаад мөн залилдаг. Ингэж явсаар байгаад их хэмжээний хохирол бий болдог. Иргэд мөнгө олох гэж орсон байж, яагаад мөнгө өгөөд байна гэдгийг бодох ёстой. Мөн албан ёсны ажил хийлгээд байгаа хэрнээ яагаад хувь хүний дансаар аваад байна гэдгийг сайтар нягтлах хэрэгтэй. Залилуулаад хохирсон иргэд “монгол хүний данс байсан, цагдаад хэлээд мөнгөө олоод авчихна” гэж бодоод байдаг. Үгүй юм аа. Монгол хүний нэртэй данс байсан хэдий ч тэр хүн тантай адилхан ажилд ороод, давхар залилуулаад байгаа гэсэн үг. Тэр хүн нь таны явуулсан мөнгийг орж ирэхэд нь нэгээс хоёр минутын дотор цааш өөр данс руу гаргаж байх ёстой. Тэгснийхээ хүчинд мөн урамшуулал авч байгаа.
-Иргэд цахим орчинд танихгүй хүнд хувийн мэдээллээ тарааснаар өөрсдөө гэмт хэргийн хохирогч болоод үлдэх тохиолдол их гардаг байх?
-Ямар нэгэн байдлаар регистрийн дугаар, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг гэх мэт хувийн мэдээллээ бусдад битгий өгөөч ээ гэж хэлмээр байна. Эдгээр хувийн мэдээлэл чинь таны аюулгүй байдал, нууцыг чинь хадгалах ёстой болохоос биш хэн нэгэнд тараах зүйл биш юм. Жишээ нь, хувийн мэдээллээ өгснөөр интернэт банкаа ашиглах боломжгүй болно. Улмаар данстай холбоотой утасны дугаар, бүх мэдээллийг нь өөрчлөөд нэр дээр чинь зээл авчихна. Өөрөө ч мэдээгүй байж байтал банкны найдваргүй зээлдэгч болчихсон байдаг. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө хувийн мэдээллийг бусдад дамжуулбал, тэр хүнийг санхүүжүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас хувийн мэдээллээ хэн нэгэнд битгий өгөөч ээ гэж хэлмээр байна.
-Иргэд цахим ажил хайж байх үедээ хуурамч хаягийг хэрхэн таньж болох вэ?
-Иргэд цахим ажил хайхдаа тухайн зарыг байршуулсан хаягийг ямар хаяг байна гэдгийг сайтар нягтлах хэрэгтэй. Хуурамч хаяг руу ороод харахад арваас хорин найзтай, зураг нь өөрийнх нь биш байдаг. Хэзээнээс эхэлж ашиглаж эхэлсэн байна гэдгийг нягталж харах ёстой. Мөн гэртээ сууж байгаа ээж нар маань мөнгийг нь өсгөж өгье гэсэн заруудад итгээд залилуулах тохиолдол гардаг. Өөрийнхөө хуримтлуулсан мөнгөө үр хүүхэд, гэр бүлдээ зарцуулах байтал цахим залилангийн хохирогч болоод үлддэг. Тийм учраас хуурамч хаягийг маш сайн нягтлах хэрэгтэй байна.
-Сүүлийн дөрвөн сард цахимаар залилуулж байгаа иргэдийн дийлэнх нь дээд боловсролтой, төрийн болон хувийн байгууллагад ажилладаг иргэд байсан?
-Өмнө нь Монгол Улсад гарч байсан цахим гэмт хэргийн хохирогчид ихэнх нь боловсролын түвшин доогуур, бүрэн дунд боловсролтой иргэд байсан. Гэтэл сүүлийн үед эсрэгээрээ дээд боловсролтой, ажил мэргэжилтэй, 35-44 насны ажил төрөл хийдэг, өөрөөр хэлбэл санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс байна. Яагаад гэвэл эдгээр хүмүүс хөдөлмөрлөөд олсон мөнгөө амар хялбар аргаар өсгөх сонирхолтой байгаа учраас цахим залилангийн хохирогч болж байна.
-Иргэдэд нийт арав гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан. Хохирлыг барагдуулах тал дээр ямар хүндрэл учирч байна?
-Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хохирсон иргэд маань цаг хугацаа алдаж байна. Бүртгэгдсэн залилах гэмт хэрэгт 976 дансаар мөнгөн гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсон. Тухайн хүний шилжүүлсэн мөнгө нөгөө данснаасаа гараад олон улсын крипто бирж, бооцоот болон мөрийтэй тоглоомын сайтуудаар дамжин гадаад улсын хяналтгүй бүс рүү шилжиж байгаа нь илэрсэн. Цаг хугацаа алдаагүй мэдээлэл өгсөн иргэдийн хувьд монгол данснаас гарч амжаагүй мөнгийг арилжааны банктай хамтарч ажиллаад битүүмжилсэн байна. Шалгалтын ажиллагааны явцад 1.8 тэрбум төгрөгийг одоогоор хохирогч нарт өгсөн байна. Иймд иргэд үл мэдэгдэх телеграм группүүдэд элсэж, ямар ч тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх, хэрэв мөнгө шилжүүлсэн бол дахин давтаж шилжүүлэхгүй байх, хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөж байна.
Г.Балгармаа