Жил бүрийн аравдугаар сард Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын хамт олон улирлын нээлтээ нээдэг уламжлалтай. Уламжлал ёсоор 62 дахь нээлтээ П.И.Чайковский “Хунт нуур” балет, Ж.Верди “Риголетто” дууриар нээж үзэгчдэдээ тун саяхан бэлэг бариад удаагүй байтал залгуулаад Монгол Улсад орчин цагийн найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ой болох гэж байна. Ойн үеэр ‘Orchiestra Night II’ концерт болохтой холбогдуулан тус театрын СТА, удирдаач Т.Гэрэлцэцэгтэй уулзаж, шинэ уран бүтээл болон түүний ажил амьдралын талаар цөөн хором ярилцсанаа толилуулъя.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Туулайхүүгийн Гэрэлцэцэг гэдэг. 26 дахь жилдээ театртаа ажиллаж байна. Анх 17 настайгаасаа эхлэн балетын төгөлдөр хуурчаар ажлын гараагаа эхлээд хориод жил балетын төгөлдөр хуурчаар ажиллаж дэлхийн болон үндэсний гуч гаруй уран бүтээлд тогложээ. 2014-2018 оны хооронд СУИС-ийн удирдаачийн ангид суралцаж найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр төгсөж удирдаачаар ажиллаж байна. Өнгөрсөн жил ОХУ-ын Улан Үдэ хотын дуурийн театрт хоёр ч удаа уригдаж “Дон Кихот” балетыг удирдсан.
-Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?
-Бөмбөгөр ногоон театраас үндэсний шанз хөгжимчин эхлэлтэй миний эмээ Ц.Ханджав хийл хөгжимчнөөр дөчөөд жил ажиллаж тэтгэвэртээ гарсан ээж Ц.Дэлгэрмөрөн мөн хийл хөгжимчнөөр гучаад жил, аав Н.Туулайхүү ерөнхий удирдаачаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарч одоо СУИС-д багшаар ажиллаж байна. Нөхөр А.Өлзий-Орших балетын дасгалжуулагч багшаар, дүү Т.Оргилцэцэг флейт хөгжимчнөөр ажиллаж ингээд миний гэр бүл бүгд энэ театртай холбоотой. Дүү бид хоёр гурав дахь үе нь болж байна. Бага наснаасаа л аавынхаа дэргэд оркестрыг удирдаж байх үйл явцыг байнга харж суудаг байлаа.
Аав өөрийнхөө мэргэжлийг өвлүүлэх шавь хайж байсан юм болов уу даа, надад удирдаачаар хичээллээд үзэх үү гэж анх санал тавихад нь чадах болов уу яадаг бол гэж их эргэлздэг л байлаа. Одоо бол эргэлт буцалтгүй удирдаач мэргэжилд татагдсан. Удам дамжсан урлагийн хүрээлэлд багаасаа өсөж урлагаар хүмүүжиж энэ мэргэжлийг сонгосон минь ийм учиртай. Бүх насаа сонгодог урлагт зориулсан эмээ, аав, ээжийнхээ үйлсийг залгуулаад өөрийн үр хүүхдүүдээ урлагаар хүмүүжүүлэх үйлсдээ шамдан ажиллаж явна.
-Удирдаач хүний ажил мэргэжлийн онцлогийн тухайд?
-Удирдаач мэргэжил бол хүнд мэргэжилд тооцогддог. Бүх талын мэдрэмж, анхаарал, сонсгол, биеийн хүлэмж, гарын хөдөлгөөн, хамт олныг удирдах гээд олон талын авьяас, биеийн эрүүл мэндийн хувьд чанга тэсвэр тэвчээрийг шаардана. Олон цагийн тоглолтыг зогсоогоороо удирддаг. Би голчлон балет удирдан тоглуулдаг. Дэлхийн болоод үндэсний хориод балет удирдан тоглуулсан байдаг юм. Театрын бүтэн жилийн тоглолтын 50 хувийг удирджээ. Ажлын ачаалал их. Нэг тоглолтоос нөгөө тоглолтын бэлтгэлд явсаар нэг мэдэхэд зун болж амралт эхэлдэг, намар нь дахиад л эхлэх ийм амьдралын тойргоор үргэлжилнэ.
Театр гэдэг ойлголт нэг хүний уран бүтээл биш, хамтын уран бүтээл юм.Урлагийн мэргэжил ганц хүн ажиллаж тоглодог биш, бие биеэсээ хамааралтай. Нэг л хөгжимчин дутуу байхад хөгжмийн дуугаралт доголдож сонсогдоно. Удирдаач хүн оркестрын бүх хөгжмийн дуугаралтыг мэдэрч чаддаг байхыг хэлнэ. Урлагийн хүмүүс бие биеэсээ хамааралтай. Урлагийн байгууллага хамтын оролцоотой, хамтын хүч хөдөлмөрөөр босдог. Удирдаач нь олон жилийн туршлага шаарддаг мэргэжил.
Тоглолтын турш ардаа 500 гаруй үзэгчтэй, урдаа оркестр гээд 50-70 гаруй хүнийг удирдан хоёр цаг гаруй хугацаанд зогсоогоор удирдана. Алдах, залхуурах эрхгүй ажил. Уран бүтээлдээ сэтгэл зүрхээ зориулдаг. Хөгжимчин нэг нотыг буруу тоглохыг андахгүй.Нотыг толгойндоо бүжигчид, дуучид хөгжимчдийг бүгдийг хянана гэсэн үг. Үүнээс үүдээд удирдаач гэж амаргүй ажил гэдэг нь ойлгогдоно. Монголын анхны эмэгтэй удирдаач гэхээр хүмүүс гайхдаг. Монголын хувьд анхдагч юм даа.
-Монгол Улсад орчин цагийн найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойн тоглолтын талаар тодруулахгүй юу?
-Энэ жил симфони найрал хөгжимд онцгой үйл явдал тохиож байна. Ойн хүрээнд арваннэгдүгээр сарын 2 -нд “Найрал хөгжмийн 100” хүндэтгэлийн концертод ахмад уран бүтээлчтэйгээ хамтарсан дэлхийн сонгодгоос тоглоно. Удирдаачаар Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх, Урлагийн гавьяат зүтгэлтэн ерөнхий удирдаач Н.Туулайхүү нар удирдана. Дараагийн өдөр орчин үеийн одоо байгаа бүрэлдхүүнээр “Orchiestra Night II” тоглолтоо хийнэ. Тоглолтын бэлтгэл ажил хангагдсан байгаа.
Манай театр 62 дахь улирлын нээлтээ “Хунт нуур”балет “Риголетта” дууриар хийлээ. “Учиртай гурван толгой” дуурь тоглоно. Дэлхийн сонгодог дууриудыг урьд нь монгол хэл дээр дуулдаг байсан бол одоо эх хэл дээр нь тоглож байгаа нь бас бидний ололт амжилт юм.
-Алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байсан уу?
-Алтан үеийнхэнтэй хамт ажилласандаа би өөрийгөө их азтай хүн гэж боддог.Тэднээсээ их ч зүйлийг сурсан. Ааваасаа ч их зүйл сурч явна даа. Аав маань 30 жил театрын удирдаачаар ажилласан.Театр маань миний амьдралын салшгүй хэсэг болсон. Театраасаа гэр бүлтэй болсон, балетын гоцлооч А.Өлзий-Орших гэж хүн бий. Одоо балетын дасгалжуулагч багшаар ажилладаг. Бид нэг хүү, хоёр охинтой. Том охин Монгол Улсын Консерваторын төгөлдөр хуурын ангийг төгссөн. Хүү балетын ангид суралцаж, бага охин одоо хоёр настай, бидний удмын дөрөв дэх үеийн залгамж халаа хөгжимчин, бүжигчин бэлтгэгдэж л байна. (инээв)
-Боловсон хүчний хувьд?
-Монгол Улсын Консерватори төгссөн залуус байдаг. Мэргэжилдээ сонирхолтой бүжигчид, дуучид, хөгжимчидтэй. Балетын бүжигчид их хурдтай, чадварлаг залуус бий. Зарим нь гадаад улс руу яваад эргэж ирэхгүй тохиолдол ч бий. Манай театрын боловсон хүчин нэг үеэ бодоход залуужсан гэхэд хилсдэхгүй. Бараг бүтэн үе солигджээ. Театрт маань дэлхийн бусад театруудад тоглогддог бүх л дуурь, балетууд тоглогдож байна. Залуу уран бүтээлч бид энэ олон жилийн нөр их хөдөлмөрөөр уламжлагдаж ирсэн бүтээлийг цааш нь хөгжүүлж хувь нэмрээ оруулж хичээн ажиллахыг бид зорьдог.
-Та юугаар бахархдаг вэ?
-Гэр бүл, эзэмшсэн мэргэжлээрээ маш их ба-хархдаг. Эмээгээс эхлээд бүгд л Монголдоо ганц сонгодог урлагийн анхдагч хамгийн ууган байгууллага болох дөрвөн давхар ягаан байшингаас ажил амьдралын гараагаа эхлүүлж байжээ. Эмээ, өвөө, аав, ээждээ намайг урлагаар хүмүүжүүлж ажил мэргэжлийг минь сонгож өгсөнд үнэхээр талархаад баршгүй. Миний үлгэр дуурайл бахархал болсон хүн аав, үнэнч зөвлөгч ээж, амьдралын багана түшиг тулгуур халамжит хань гээд театрынхаа алтан үе, уран бүтээлч хамт олноороо бахархдаг даа.
Ярилцсан сэтгүүлч Ц.Отгонсүрэн