Categories
мэдээ нийгэм

Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа DNN.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өчигдөр Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Эрүүл мэндийн яам НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Харвардын Их Сургуулийн Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм.

“Эрүүл Мэндийн Салбар дахь Манлайлал” чиглэлээр таван жилийн хугацаанд нийт 100 залуу манлайлагчдыг бэлтгэх зорилготой уг хөтөлбөрт өнгөрсөн жил 20 эмч, мэргэжилтэн амжилттай хамрагдсан бол энэ жилийнх буюу 2 дахь ээлжийн эмч, мэргэжилтэн тун удахгүй зорих гэж байна.

Уулзалтын үеэр Т.Мөнхсайхан хөтөлбөрт оролцохоор шалгарсан залууст баяр хүргэж амжилт хүсээд “Бидэнд салбарынхаа хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зайлшгүй шаардлага бий. Хамгийн гол нь богино хугацаанд үр дүнтэй ажиллахын тулд хүн бүрийн хичээл, зүтгэл хэрэгтэй. Хэн нэгэн сайд, дарга солигдоод энэ салбарын асуудал шийдэгдчихгүй. Энэ салбарт хүчин зүтгэж буй 66 мянган эмч, эмнэлгийн ажилчид бүгд хүчээ нэгтгэж байж, амжилтад хүрнэ. Та бүхэн бол үүний эхлэлийг тавих хүмүүс шүү.
Манай улсын иргэдийн эрүүл мэнд сайнгүй байгааг та бүхэн сайн мэднэ. Жил ирэх бүр хүн амын өвчлөл нэмэгдэж байна. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажлаа хэрхэн зохион байгуулах, Монгол Улсад эмчлэгддэггүй өвчнөө яаж эмчилдэг болох зэрэг олон чухал асуудал дээр та бүхний оролцоо, манлайлал чухал үүрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн салбар удирдлага менежментийн тал дээрээ дутагдалтай ажиллаж ирсэн тал бий. Цаашид энэ мэтчилэн анхаарч ажиллана” хэмээн онцоллоо.

Харвардын Анагаах ухааны их сургуулийн эрүүл мэндийн салбар дахь манлайлал сэдэвт хөтөлбөр нь Зүүн өмнөд Азийн бүсийн орнуудын эмч, мэргэжилтнүүдэд тусгайлан зориулсан сургалт бөгөөд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал болох өвчний чанар, аюулгүй байдал, эрүүл мэндийн санхүүжилт, удирдлага зохион байгуулалт зэрэг чиглэлүүдэд манлайлагчдыг бэлтгэдэг юм.

Тиймдээ ч сургалтын хөтөлбөртөө  стратегийн удирдлага, эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн удирдлага болон тооцоолол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага, эмнэлгийн мэдээлэл технологи, эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал зэрэг өнөөгийн эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай чиглэлүүдийг багтаажээ.


Хөтөлбөрийн хугацаанд оролцогчид 2 удаагийн семинарт биечлэн оролцох бөгөөд төгсгөлтийн семинарыг Харвардын анагаах ухааны их сургууль зохион байгуулах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *