Боловсрол, сэтгэл судлалын академийн захирал, нийгмийн сэтгэл судлаач Н.Оюундалайтай ярилцлаа.
-Нийгмийн сэтгэл судлал гэж юуг хэлдэг вэ?
-Нийгмийн сэтгэл судлал бол сэтгэл судлалын шинжлэх ухаан, социологийн шинжлэх ухаанаас салбарлан бий болсон биеэ даасан шинжлэх ухаан юм. Улс орнуудын нийгмийн уур амьсгалын өөрчлөлт нь энэхүү шинжлэх ухааны үүслийн суурь болсон. Тухайлбал, Дэлхийн нэг болон хоёдугаар дайны жилүүд, АНУ-ын их хямралын жилийн, улс орон бүрд л бий болоод байсан хэлмэгдүүлэлт, өлсгөлөн, ядуурал, баялгийн тэгш бус хуваарилалт гэх мэт олон хүчин зүйлсийг дурдаж болно. Нийгмийн сэтгэл судлал бол хүмүүсийн бодол санаа ямар байгаа, тэд бие биедээ хэрхэн нөлөөлж буй байдал, мөн бие биедээ хэрхэн ханддагийг шинжлэх ухааны үүднээс судалдаг шинжлэх ухаан юм.
Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэл судлал нь хувь хүмүүсийн ялгаатай байдал, хувь хүмүүсийн үнэлгээ, үнэлэмж, нийгэм ахуйн нөхцөл байдал эдгээр нь хүмүүсийн зан үйлд хэрхэн яаж нөлөөлж буйг олж илрүүлээд засаж сайжруулах арга ухааныг бий болгодог.
-Нийгэм их бухимдалтай байна гэж хүмүүс ярьдаг. Үүнийг хэрхэн тодорхойлдог юм бэ?
-Тийм ээ, нийгэм их бухимдалтай байна. Энэ бол их өргөн хүрээний асуудал юм. Яг одоо бид нийгмийн бухимдлын талаар яривал дуусашгүй их хугацаа орно. Нийгмийн бухимдлыг тодорхойлох, ил болгох олон арга аргачлал байна. Энэ нь ил тод шүү дээ. Нийгмийн стресс, байгууллагын стресс, гэр бүлийн стрессийн түвшинг тодорхойлоод байна л даа. Одоо бид манай нийгмийн стрессийн түвшин ямар байгааг бүхий л судлаач, хэн бүхэн ойлгож байгаа. Массын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй болжээ. Үүнийг л эерэг болгох үүднээс манай байгууллага 10 гаруй жил иргэдийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж, олон нийгмийн сэтгэл судлаачийг мэргэшүүлэн сургаж байна. Иргэдийг соён гэгээрүүлэх ажил өнөөдөр их дутагдалтай байна. Хүмүүсийн танин мэдэхүйн хөгжил нэлээд хаалттай байна. Зарим нэгэн иргэд маань юм мэдэхгүйгээсээ болж амьдралдаа алдаа гаргах, боломжоо олж харахгүй байх, өөрийн үнэлэмж бага байх зэргээс л бухимдал үүсээд байгаа юм.
-Нийгмээс авсан бухимдлаа гэр бүлдээ гаргадаг асуудал бий. Тэгэхээр энэ нь эргээд гэр бүлийн уур амьсгал, харилцаанд нөлөөлдөг байх.
-Тэгэлгүй яахав. Байгууллага хамт олны сөрөг уур амьсгал, найз нөхдийн сөрөг харилцаа хандлага гээд олон зүйл хувь хүний зан чанарт хүчтэй нөлөөлж байдаг. Гаднаас орж ирээд л гэр бүлийн хэн нэгэндээ байж боломгүй, зохисгүй харилцаа үүсгэдэг. Гэр бүлийн харилцааны олон асуудалд нийгмийн сэтгэл зүйн уур амьсгал хүчтэй нөлөөлж байгаагийн илэрхийллийн нэг жишээ энэ. Улс орон, нийгмийн зорилго нь юу юм бэ. Ердөө л эрүүл нийгмийг байгуулахад оршиж байгаа. Гэтэл одоогоор эрүүл бус нийгмийг байгуулчихаад үүнээсээ гарч чадахгүй сандарч тэвдээд байгаа ажиглагддаг. Тэгвэл эрүүл нийгэм гэж юуг хэлдэг юм бэ. Эрүүл нийгэм бол эдийн засгийн хямралгүй, нийгмийн гаж үзэгдэлгүй, нийгэм, улс төрийн байдал нь тогтвортой, иргэдийн олонхынх нь сэтгэл санаа амар амгалан байх. Хамгийн гол нь хүн ам нь эрүүл энх байхыг л хэлээд байгаа.
-Иргэдийг нийтээр нь бухимдуулаад байгаа өнөөгийн гол хүчин зүйл юу вэ. Замын түгжрэл, утаа зэрэг мөн үү?
-Миний бодлоор бол замын түгжрэл, утааны асуудал үүнд орно. Гэхдээ иргэдийн массын хэрэгцээ дутмаг байна. Сэтгэлгээний хэт их доройтолд орсон байна. Энэ нь улс орны ядууралтай холбоотой. Материаллаг баялгийн ядуурлаас илүүтэй сэтгэлгээний ядууралд их оржээ гэж харж байна. Оюун ухаан болон сэтгэлгээний ядуурал хэрээс хэтэрсэн. Үүнийг л арилгах гэж бид нийгмийн хөгжилд нэмэр болох үүднээс хандаад байгаа юм. Улс орныг ядуурлаас гаргах нэг том алхам бол яах аргагүй боловсролын шинэчлэл юм шүү. Манай боловсролд олон ч шинэчлэл хийлээ. Олон ч төсөл хэрэгжүүлэх гэж оролдсон, оролдсоор л байх юм. Харамсалтай нь үүний үр дүн яагаад гарахгүй байна вэ гэдгийг л судлаачид маань анхаарах хэрэгтэй. Эрс өөрчлөлт, ялангуяа чанарын өөрчлөлт хийх цаг нь аль эрт болсон.
-Олон улсад нийгмийн сэтгэл зүйг хэрхэн яаж үнэлж дүгнэдэг вэ?
-Өнөөдөр олон улс яг үүн дээр анхаарлаа хандуулж байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн дорвитой эерэг өөрчлөлт хувь хүний хөгжилд эерэгээр нөлөөлнө. Өнөөдөр олон улс орон нийгмийн хөгжлийн явц зогсонги байдалд орсон. Удаашралтай, буруу голдирол руу орсныг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн хөгжлийн гаж тогтолцооноос залхаж эхэлсэн. Одоо иргэдээ хөгжүүлж, боловсролд онцгойлон анхаармаар байна. Тэгэхээр нийгмийн сэтгэл зүйг судлаач бид үнэлбэл их л сул үнэлгээ тавина. Үүнийг өөрчлөх нэг гарц нь бидний хийгээд байгаа иргэдийг соён гэгээрүүлэх ажил юм шүү дээ.
-Тэгвэл нийгмийн стресс бухимдал эцсийн дүндээ ямар үр дүнд хүргэх вэ?
-Энэ чигээрээ төрийн нэгдсэн бодлогогүй, эмх цэгцгүй, зарчимгүй байгаад л байх юм бол дээр ярьсан эрүүл бус нийгмээ байгуулаад иргэд нь харанхуй бүдүүлэг, арчаагүй, сул дорой болж мөхөлд хүрнэ. Манайхан хэт ашгийн төлөө яваад байгаа нь энэ шүү дээ. Бидний өвөг дээдсийн эрхэм чанар алдагдаж, улс орноо тонон дээрэмдээд, ард иргэдээ үгүйрүүлэн хоосруулаад байгаа нь эмгэнэл. Энэ бүхнээс залхаж байгаа олон залуус минь сайн сайхан нийгмээ байгуулна гэдэг ойлголтоо умартаад харь орон руу боолын хөдөлмөр хийгээд ч хамаагүй амьдаръя гээд явж байна. Тэднийг буруутгах арга алга.
-Энэ байдлаас хэрхэн сэргийлэх вэ?
-Бид хувь хүний хөгжил, эрүүл мэндийн хөгжил, бие бялдрын хөгжил, нийгмийн хөгжил, улс төрийн хөгжил гээд маш олон хөгжил яриад л байгаа. Гэхдээ энэ бүхэнд өнөөдөр ухамсрын хөгжил яригдахгүй байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Ухамсрын хөгжил гэсэн сургалт байна уу. Алсын хараатай, нийгмийн сайн сайхныхаа төлөө ажиллаж байгаа олон залуус байна. Эдгээрийг дэмжих төрийн цэгцтэй бодлого үнэхээр үгүйлэгдэж байна. Хүний ухамсар сайжрах тусам алсын хараа сайжирч, цэгцтэй бодож тунгааж, өөрийгөө болон бусдыг үнэлж, хөгжинө, сэтгэнэ, төлөвлөнө. Ийм л иргэдийг бий болгох нь бидний зорилго. Энэ бүхнийг өөрчлөхийн төлөө манай Боловсрол сэтгэл судлалын академи төгсөгчдөөсөө бүрдсэн нийгмийн сэтгэл судлаачдын холбоог өнгөрсөн хавар байгуулсан. Мөн 21 аймагт салбар холбоогоо байгуулан ажиллаж байна. Иргэдийн ухамсар сэргэсэн цагт л амьдралын чанар өөрчлөгдөнө.
-Нийгмийг бухимдал, стресстэй байлгах нь улстөрчид, улс төрийн намд ашигтай байдаг уу?
-Энэ чинь бидний доройтлыг батлаад байна. Энэ олон намууд чинь хүмүүсийн хэрэгцээн дээр нь тоглолт хийгээд байгааг харж байгаа биз дээ. Тиймээс улстөрчид, намууд ч мөн улс орноо манлайлъя, удирдъя гэж л байгаа бол өөрсдөө нийгмийн сэтгэл судлаачаар мэргэшин суралцаж, сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй. Манай академийн уриа болон биднийг урагш тэмүүлэхэд ташуур болж байдаг их эзэн Чингэс хааны хэлсэн үг байдаг. Тэр бол “Улсаа аваръя гэвэл үндсээ авар, Үндсээ аваръя гэвэл сэтгэлийг нь авар” гэсэн үг. Энэ үгийн мөн чанарыг төрд суусан түшээд минь ойлгон ухамсарлах хэрэгтэй. Манай нийгмийн ирээдүйг гэрэл гэгээтэй болгоход хүн бүрийн хичээл зүтгэл, шударга байх, хүндэтгэл, хайр, найдвартай байдал зэрэг олон зан чанар хэрэг болно гэж бодож байна.