Яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир ах маань өөрийгөө “Би гэгээ түүж яваа л хүн” хэмээн тодорхойлсон байдаг. Түүн лугаа энэ орчлонд бид бусад хүмүүсийн сэтгэлийн илчинд дулаацаж, үгийнх нь сайханд урамшиж явдаг ажээ. Өнөөдөр хүмүүс уур уцаартай, нэгнийгээ гэх сэтгэлгүй болсон гэх үгс өдөр тутам дуулдаж, цахим орчинд хөвөрч байдаг.
Яах вэ, амьдарч байгаа нийгмийн маань нүүр царай энэ юм чинь яалтай билээ. Түгжрэл, утаа униар, үнийн хөөрөгдөл гээд бидний бухимдлыг төрүүлэх зүйл захаас аваад үй түм байна. Гэвч муугаасаа сайн нь, муухайгаасаа сайхан нь илүү байдаг орчлон шүү дээ. Үргэлж ийм байсан. Хожим ч ийм л байх биз ээ. Хэн хэндээ хүндэтгэлтэй хандаад, урьдчилж уучлалт гуйчихад л бүх зүйл амархан болчихдог шүү дээ. Ажлаа тараад харьж явахад гал асуусан залуу баярлалаа гэх, ТҮЦ-ийн худалдагч эгч “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэхэд л сэтгэл сайхан болж, өөрийн эрхгүй инээмсэглэдэг.
Дашчойлон хийдийн хашаанд өнөөдөр /өчигдөр/ өглөө нэг, хоёрдугаар л ангийн болов уу гэмээр хэдэн сөөсгөр охид нэгнийгээ хурдан яваач дээ, ямар удаан юм бэ, яг л эмгэн шиг гэх зэргээр дуудан инээлдэв. Эмэгтэй хүүхдүүдийн дуу цаанаасаа адтай байдгийг ч хэлэх үү, тэдний дуунаар хийдийн хашааны тагтаанууд дэрхийн ниснэ.
Гэтэл хүрд эргүүлж явсан хоёр эмээ тэднийг харснаа өөр хоорондоо жуумалзан “Мондинуудыг, эмгэн шиг гэнэ үү” гэв. Тэгэхэд нь охидоос илүү эмээ нарт хайр хүрсэн юм. Учир нь эмээ нар охидод уурласангүй. Харин ч өхөөрдөн инээж байна. Энэ чинь л бид нэг нэгнээсээ авч буй гэрэл гэгээ, сэтгэлийн гал шүү дээ.
One reply on “Бусдын сэтгэлийн илчинд дулаацна DNN.mn”