АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал Патрик Райдер “БНАСАУ-ын хэдэн мянган цэрэг ОХУ-д ирж тэдний нэг хэсэг Курск мужид очоод байна. Оросууд тэднийг Украины цэргийн зэвсэгт хүчний эсрэг хуурай замын хүчнийхээ нэг хэсэг болгон ашиглаж магадгүй юм. Иймээс бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Украины түншүүд болон бусад холбоотнуудтайгаа зөвлөлдөж байна” гэж мэдэгдэв. Учир нь АНУ-ын ардчилсан нам угаасаа дайны эсрэг үзэл баримталдаг учир Жо Байдены засаг захиргаа ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолж эхэлтэл энэ асуудлаар ямар нэг шийдвэртэй арга хэмжээ авахгүй гэдэг нь тодорхой болоод байгаа юм.
Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёлтой утсаар ярьсны дараа “Оросууд Украин руу довтлоход Умард Солонгосын цэргийн оролцооны талаар ярилцсан. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч БНАСАУ-ын гурван мянган цэргийг байлдааны бүсийн ойролцоох Оросын сургалтын полигонд шилжүүлж, тэдний тоог ойролцоогоор 12 мянгад хүргэх гэж буй шинэ мэдээллийг надад өгсөн байна. Бид тагнуулын мэдээлэл, туршлага солилцох ажлыг бэхжүүлэхээр тохиролцсон. Эндээс зөвхөн нэг л дүгнэлт гарна. Энэ дайн олон улсын шинж чанартай болж, хоёр улсын хилийг давж байна” гэж мэдэгдсэн бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ажлын албанаас “Өмнөд Солонгос, Украины ерөнхийлөгч нар Москва, Пхеньяны хууль бус цэргийн хамтын ажиллагаа, тэр дундаа Хойд Солонгосын цэргийг Украинд байршуулсан явдалд хамтран хариу арга хэмжээ авахын тулд стратегийн зөвлөлдөх уулзалт хийхээр тохиролцсон” гэж мэдээлсэн байна. Энэ нь мөн л хоёр тал АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байна гэсэн үг юм. Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн долоо хоногт үүнийг энэ зун Пхеньянд гарын үсэг зурж, намар Төрийн Думаар соёрхон баталсан “иж бүрэн стратегийн түншлэл”-ийн гэрээний хүрээнд явагдаж буй ажил гэдгийг дурдаад “Бид энэ гэрээний хүрээнд юу хийх нь бидний хэрэг” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Израилийн ерөнхий сайд, ОХУ-ын ерөнхийлөгч нар 2012 онд “Хоёр тал бие биендээ дайсагнаж буй хүчинд цэргийн зэвсэг нийлэхгүй” гэсэн гэрээ байгуулсныг Кремль зөрчиж ХАМАС, Хезболла, Иранд зэвсэг нийлүүлсэн нь батлагдаад байгаа юм. Гарсан алдааг цаг алдалгүй засаж байхын тулд Израиль амь үрэгдсэн цэрэг бүрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг хуультай. Гэтэл Израилийн ерөнхий сайд ОХУ дайсагнагч талд их хэмжээний зэвсэг нийлүүлсэн гэдгийг олон нийтэд мэдээлсэн ч ямар арга хэмжээ авах тухай дурдаагүй нь мөн л АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байна гэсэн үг юм. Харин цэргийн шинжээчид энэ явдлыг юу гэж дүгнэснийг нэгтгэвэл “Путин Трампыг ерөнхийлөгч болно гэдэгт бүх бооцоогоо тавьж, түүнийг энхийн гэрээ хийлгэнэ гэдэгт хэтэрхий найдаж байна. Иймээс Оросын цэргүүд сүүлийн саруудад Украины суурингуудыг эзлэх гэж ганц сард л 60-70 мянган цэрэг устгуулж цэргийн нөөцгүй болсон учир Умард Солонгосын цэргүүдийг оруулж байна. Хэрэв Путин Батлан хамгаалах яамныхаа шаардаж байгаагаар бүх нийтийн цэрэг татлага зарлавал дайн хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, ОХУ-ын Үндсэн хуулийн заалтаар үндэсний эрх ашигт аюул учруулсан гэмт хэрэгтэн болно. Хамгийн гол нь ихэнхи нь ганц хүүхэдтэй байдаг Оросын бүх гэр бүл энэ шийдвэрийг шууд эсэргүүцнэ. Мөнгөөр дайнд явах, мөнгөгүй цэрэгт татагдах хоёрыг Оросын ард түмэн огт өөрөөр хүлээж авна. Иймээс тэрээр Хойд Солонгосын цэргийг Украины дайнд татан оруулж байна. Гэтэл энэ нь Өмнөд Солонгосын эрх ашигт шууд заналхийлэл учруулна. Бас ОХУ ХАМАС-ын гэнэтийн довтолгоог зохион байгуулж, Хезболла болон Иранд зэвсэг нийлүүлсэн нь тодорхой болчихсон. Өмнөд Солонгос, Израиль хоёр зэвсгийн үйлдвэрийн хүчирхэг гүрэн бас ямар армитай билээ. Бас Хойд Солонгос дайнд оролцох нь Японы эрх ашгийг шууд хөндөнө. Сая болсон сонгуулиар Япон улсыг зэвсэглэж, Азийн НАТО-г бий болгож, хүчирхэгжүүлэхийг уриалдаг ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлэхээр болчихлоо. Иймээс энэ бол Путины хувьд хэтэрхий алдагдалтай наймаа. Гэхдээ түүнд өөр арга байхгүй” гэсэн байна. Энэ бүхэн Хойд Солонгосын цэрэг болон Украины дайн төдийгүй Путины дэглэмийн хувь заяа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээж байгааг нотолж байна.